МОНГОЛ УЛСАД ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Жил бүрийн 09 сарын 20-нд “Олон улсын оюутны спортын өдөр”-ийг Монгол улсад 2016 оноос эхлэн тэмдэглэн ирсэн билээ. Энэ өдрийг тэмдэглэх хүрээнд их, дээд сургуулиуд дээр олон төрлийн спортын тэмцээн, уулзалт, эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.
Энэ 2019 онд олон улсын оюутны спортын үзэл санааг дэлгэрүүлэх, үйл ажиллагааг оюутан, залуучуудын дунд сурталчилан өнгөрүүлэх зорилгоор МОСХ-ноос Үндэсний БТДС, ХААИС-тай хамтран “Универсиадын хичээл” болон оюутны спортын уулзалт- өдөрлөгийг 09 сарын 20-ны өдөр тухайн сургуулиуд дээр явууллаа.
Энэ өдрийн үдээс өмнө Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн хичээлийн байранд 400 орчим оюутан, багш нар оролцсон “Универсиадын хичээл”-ийг МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, доктор Л.Гүндэгмаа, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, ОУОСХ-ны боловсролын хорооны ажлын хэсгийн гишүүн Х.Батсайхан нар удирдан явуулж МОСХ-ны ажлын тухай, Олон улсын оюутны спортын холбооны үйл ажиллагаа, Универсиад наадмын тухай ерөнхий мэдээлэл, Наполи 2019 Универсиад наадамд Монголын тамирчид хэрхэн оролцсон тухай танилцуулгыг хийлээ.
Өдөрлөгийн үеэр ҮБТДС-ийн Light Power клубийн авьяаслаг оюутнууд сагсан бөмбөгийн экстрем үзүүлбэрийг үзүүлж мэндчилгээ дэвшүүлсэн.
Энэ өдрийн үдээс хойш МОСХолбоо, ХААИС-ийн Биеийн тамирын тэнхимтэй хамтран Олон улсын оюутны спортын холбоо, МОСХ-ны үйл ажиллагаа, Универсиад наадмын тухай ерөнхий мэдээлэл өгч оюутнуудын сонирхсон асуултанд хариулж оюутны спортын талаар мэдээлэл солилцсон. Уулзалт ярилцлагад МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа болон ХААИС-ийн Биеийн тамирын тэнхимийн хамт олон, оюутнууд оролцлоо.
Уулзалтанд оролцсон МОСХ-ны хүндэт зочинд нь оюутнуудын Универсиадын мэдлэгийг шалгасан “АХА асуулт хариултын тэмцээн”-ийг зохион амжилттай оролцсон багт “Оюутны спорт, Универсиад наадам” номыг гардуулан өгсөн.
Олон улсын оюутны спортын 2019 оны өдрийн хүрээнд 9 сарын 26-30-нд Баруун бүсийн оюутны спортын Универсиад уламжлалт наадмыг Баян-Өлгий аймагт спортын 6 төрөлд зохион байгуулж, ОХУ, БНХАУ, Казахстан улсын орон нутгийн 10-н ИДС-ийн 400 орчим оюутнуудыг оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ удаагийн Олон улсын оюутны спортын өдөр нь МОСХолбоо байгуулагдсаны 30 жил, ОУОСХ-ны 70 жил, Универсиадын 60 жилийн ойн жилд болж байгаагаараа чухал онцлогтой болж өнгөрлөө.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО