ОУОСХ болон АОСХ-ны түүх
"ОЮУТНЫ СПОРТ, УНИВЕРСИАД НААДАМ" номын тухай
Энэхүү номноос ОУОСХолбоо болон АОСХолбооны түүхийг уншиж сонирхох боломжтой юм.
"Оюутны спорт, Универсиад наадам" номыг доктор Доржсүрэнгийн Жаргалсайхан зохиож, ерөнхий редактораар нь Монголын оюутны спортын холбооны (МОСХ) ерөнхийлөгч Д.Баясгалан нар ажиллан 2014 онд бүтээжээ. Номын эхний бүлэгт 1905 оноос хойшхи Дэлхийн оюутны спортын түүхэн хөгжлийн үе шатуудыг оруулсан ба хоёрдугаар бүлэгт нь дэлхийн спортын хоёр дах том байгууллага болсон Олон оюутны спортын холбооны (ОУОСХ) үйл ажиллагаа, зорилт, зохион байгуулдаг арга хэмжээний тухай оруулжээ. Гуравдугаар бүлэгт нь дэлхийн оюутны спортын өвөл, зуны Универсиад 53 удаагийн их наадмуудын тухай түүхийн товчоон орсон байна. Сүүлчийн бүлэгт Ази тивийн оюутны спортын холбооны үйл ажиллагаа, он дараалалын үйл явдлууд багтжээ.
Энэхүү ном нь гадаад орнуудын үндэсний оюутны спортын холбоод, ОУОСХ, Азийн ОСХ зэрэг олон улсын байгууллага, манай орны болон гадаадын их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, тамирчид, эрдэмтэн багш нар, дасгалжуулагчид, шүүгч, спортын арга зүйч, зохион байгуулагч, мэргэжилтэн, удирдах ажилтанууд, захирал, ректорууд, спортын холбоод, биеийн тамир, спортын байгууллагын ажилтан, судлаачид, спортыг шүтэн бишрэгч, сонирхон хөгжөөн дэмжигч нарын мэдлэг оюуныг нэмж, танин мэдэхүйн олон мэдээллийг өгч амьдрал, ажил, сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэх сурах бичиг, гарын авлага, ширээний ном нь болно. Иймээс "Оюутны спорт, Универсиад наадам" номыг БШУЯамнаас бүх их, дээд сургууль, коллежиудын оюутнуудын биеийн тамирын хичээл, сургалтанд зориулан ашиглахыг зөвлөмж болгосон байна.
Тус ном нь 186 хуудастай, өнгөт хэвлэлээр гадаадад хийгдсэн, хатуу хавтастай, А4 хэмжээтэй, 23,25 хэвлэлийн хуудас, дөрвөн бүлэг материал бүхий олон төрлийн мэдээлэл, зураг орон хэвлэгджээ. Нийтдээ хоёр мянган ширхэг хувиар хэвлэгдсэн байна. Зохиогч Д.Жаргалсайхан энэхүү номоо олон улсын оюутны спортын холбооны 65 жилийн ой, дэлхийн оюутны Универсиад наадам зохиогдож эхлэсний 55 жилийн ой, Монголын оюутны спортын холбооны 25 жилийн түүхт ойн баяруудад зориулан гаргажээ.
МОСХолбооноос эрхлэн "Оюутны спорт, Универсиад наадам" номын баяр, танилцуулгыг 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулж Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БШУЯам, МОХ, Спортын бэлтгэлийн төв, спортын холбоод, их, дээд сургууль, коллежийн удирдлага, багш дасгалжуулагч нар, Универсиад наадамд оролцож явсан үе үеийн алдарт оюутан тамирчдын төлөөлөлүүд, 30 гаруй хэвлэл, мэдээлэлийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нарыг оролцуулан зохион байгуулсан байна.
"Оюутны спорт, Универсиад наадам" номыг олж авахыг хүсвэл МОСХ-ны 311947 утсаар холбогдох ба Улаанбаатар хотын бүх номын дэлгүүрээс худалдан авч болно.