​ОЮУТНЫ САГСАН БӨМБӨГИЙН 2018 ОНЫ АВАРГУУД МАЛАЙЗЫГ ЗОРЬНО



Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2018 оны сагсан бөмбөгийн тэмцээн 3 дугаар сарын 17-22-ний өдрүүдэд Монгол улсад биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн нэрэмжит болон амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 18 их, дээд сургуулийн эрэгтэй 18, эмэгтэй 13 багийн 380 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулан, Тэмцээнийг Монголын Сагсан бөмбөгийн холбооны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хамтран ажиллаа. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны ЕНБДарга, МУГД, Д.Жаргалсайхан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, УЗ-ийн гишүүн, МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв, МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч С.Тулга нар оролцож шилдэг баг тамирчдын шагналыг гардуулан өгөв.

Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас 1-р байранд Спортын мастер М.Амаржаргал дасгалжуулагчтай, Г.Насанжаргал ахлагчтай ШУТИС, 2-р байрт спортын мастер Ч.Ижилболд дасгалжуулагчтай, Б.Жаргалсайхан ахлагчтай Үндэсний БТДС, 3-р байрт спортын мастер Н.Ганболор дасгалжуулагчтай, А.Сүхбат ахлагчтай Сити ИС-ийн багууд шалгарсан.

Эмэгтэй багуудаас 1-р байрт Спортын мастер Б.Ганхуяг дасгалжуулагчтай, Б.Цацрал ахлагчтай Их засаг ОУИС, 2-р байрт спортын мастер О.Баярцогт дасгалжуулагчтай, Б.Эрдэнэ-Отгон ахлагчтай Этүгэн ИС-ийн баг, 3-р байрт спортын мастер Р.Гантулга дасгалжуулагчтай, Г.Минжин ахлагчтай МУИС-ийн баг тамирчид эхний байруудад шалгарч Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ШУТИС-ийн тамирчин Г.Насанжаргал, эмэгтэй шилдэг тоглогчоор Их Засаг ОУИС-ийн тамирчин, спортын мастер Б.Цацрал нарыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт спортын мастер М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС, хоёрдугаар байрт спортын мастер О.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн ИС, гуравдугаар байрт спортын мастер Р.Гантулга дасгалжуулагчтай МУИС-ийн баг тамирчид шалгарлаа. Хаалтын үеэр Малайз улсад 07 сард болох Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхийн бичгийг ШУТИС-ийн эрэгтэй багт, Их засаг ОУИС-ийн эмэгтэй багуудад албан ёсоор гардуулж өглөө.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО