3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
Дэлхийн Оюутны 3х3 аварга шалгаруулах 3дахь удаагийн тэмцээнийг Олон Улсын Оюутны Спортын холбоо /FISU/, Олон Улсын Сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ хамтран БНХАУ-ын Шиамень хотноо амжилттай зохион байгууллаа.
Монголын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, А.Гансүх, Б.Батзолбоо, Г.Чинбат нар багтсан бөгөөд тэд бүгд Мон-Алтиус БТДС-д суралцдаг оюутнууд юм. Мөн багийн ахлагчаар М.Өсөхбаяр “Мон-Алтиус БТДС” захирал, ерөнхий дасгалжуулагчаар МҮБХ-ны ЕНБД С.Тулга нар ажиллалаа.
Манай оюутны багийн хувьд 2015 онд болсон Азийн Оюутны Аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэнээр Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон юм.
Дэлхийн аваргын B хэсэгт БНХАУ, Тайланд, Малайз улсуудыг хожин Унгарт тактикийн тоглолт хийн хэсгээсээ 2-р байраар хасагдах шатанд шалгарсан.
Шигшээ 1/8-ийн тоглолтонд Дэлхийд сагсан бөмбөгийн рейтингээр 10-р байрт бичигддэг хүчирхэг Австралийн багийг 12:19 харьцаатай хожин шилдэг 4-т шалгарсан.
Мөнгөн медалийн болзол хангах чухал тоглолтонд А хэсгийн шилдэг багуудын нэг Дэлхийн чансааны 43-т бичигддэг Ливан улсын багийг 18:21 харьцаатай хожиж алтан медалийн төлөө тоглох болсон. Улмаар нөгөө хэсгээс Аваргын төлөө Франц улстай шалгаран манай улстай үлдсэн юм. Франц Улсын хувьд 2013 оны Европ тивийн аварга, Олимпийн хоёр удаагийн мөнгөн медальт зэрэг дэлхийд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудын нэг билээ.
Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2016 оны тэмцээний финалд Монголын баг Францын багт 12:19 харьцаатай хожигдож мөнгөн медалийн эзэд боллоо.
Монголчуудын хувьд сагсан бөмбөгийн төрлөөр Дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдсөн нь анхны тохиолдол бөгөөд, цаашлаад мөнгөн медалийн болзол хангасан нь багийн спортын түүхэн дэх Дэлхийн тэмцээний анхны медаль боллоо.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО