Э.Даваахүү Универсиадын аварга боллоо
“Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай дэлхийн оюутны зуны "Универсиад" XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний долоо дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртээд байсан бол Энхтайваны Даваахүү алтан медаль хүртлээ. Тэрээр 575 оноогоор шигшээ наймд шалгараад байсан бөгөөд финалд амжилттай буудаж алтан медаль авлаа. Энэ дасгалд БНХАУ, БНСУ-ын тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна.
Э.Даваахүүгийн хувьд Монголын буудлагын тамирчдаас төрсөн анхны Универсиадын аварга болж байна. Мөн тэрээр энэхүү наадмаас гурав дахь медалиа хүртсэн бөгөөд энэхүү амжилтаараа анхдагч болж байна.
Эрэгтэйчүүдийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн Монголын баг. (ОУХМ Э.Даваахүү, спортын мастер Э.Бадамгарав, спортын мастер О.Төгөлдөр) Баг тамирчдын хувьд долдугаар сарын 6 нд болсон 50 метрийн сонгомол гар бууны дасгалд хүрэл медаль хүртээд байсан юм.
Ийнхүү манай баг тамирчид одоогоор хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.
АЛТАН МЕДАЛЬ:
- Э.Даваахүү (Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буу)
- Д.Сумъяа (Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг)
МӨНГӨН МЕДАЛЬ:
- Буудлага эрэгтэй баг. (10 метрийн хийн гар буу)
ХҮРЭЛ МЕДАЛЬ:
- Буудлага эрэгтэй баг. (50 метрийн сонгомол гар буу)
- М.Уранцэцэг (Жүдо бөх)