Эрүүл мэнд,спортын яаманд Универсиад 2015 талаар ярилцлаа


Эрүүл мэнд, спортын яаман дээр 2015 оны 01 сарын 12-ны өдөр Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нь Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатартай уулзаж 2015 онд зохион байгуулагдах Дэлхийн оюутны спортын зуны "Универсиад" наадмын асуудлаар харилцан санал солилцон уулзав. Уулзалтанд ЭМСЯамны БТС-ын газрын дарга Х.Бакытжан, мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн нар оролцлоо.

Хоёр жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн оюутны спортын зуны наадам "Универсиад" 2015 оны 07 дугаар сарын 4-14-нд БНСУ-ын Гванжу хотноо зохион байгуулагдах бөгөөд 200 орчим орны 12,5000 төлөөлөгчид оролцон спортын 18 төрлийн тэмцээнүүд зохиогдоно. Универсиад 2015 наадам нь волейбол, гимнастик (спортын, уран сайхны гимнастик), жудо бөх, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт (сэлэлт, усны бөмбөг, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт), теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, байт харваа, бейсбол, бадминтон, гольф, гандбол, сэлүүрт завь, буудлага, таеквандо зэрэг спортын төрлүүдээр тэмцээн зохиогдоно.

Энэхүү наадамд Монгол улс 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг спортын 14 төрөлд оролцуулахаар МОСХ-ноос бэлтгэж байгаа ба ЭМСЯамтай хамтран зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Манай улсын оюутны баг тамирчид хөлбөмбөг, бейсбол, гандбол, сэлүүрт завиас бусад төрөлд баг тамирчидаа оролцуулахаар бэлтгэж байна.

ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар нь Монголын оюутны спортын холбооны саналыг үндэслэн дэлхийн оюутны спортын Универсиад 2015 наадамд оролцох тамирчдыг дэмжихээ илэрхийлэн, баг тамирчдыг ахлан явахаар болов.

Универсиад наадамд Монгол улсын оюутны баг тамирчид оролцож эхэлсний 50 жилийн ой 2015 онд тохиож байна. Монголын баг тамирчид 1965 онд Унгарын Будапешт хотноо болсон IV дүгээр Универсиад наадамд анх удаагаа волейболын төрлөөр оролцож байжээ.

Б.Баянбулаг