Шигшээ харваа Чингисийн талбайд болно


Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна. Тэмцээнд дэлхийн 24 орны 250 орчим тамирчин Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрөлд ганцаарчилсан, холимог хос, багийн төрлөөр өрсөлдөж буй. Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯам, БСШУЯ, БТСХТөв, НЗДТГазар, МОСХолбоо, Байт харвааны холбоод хамтран явуулж байгаа юм.

Тэмцээний эхний өдрүүдэд урьдчилсан харваа болж, шигшээд өрсөлдөх болон хүрэл медалийн эзэд тодорлоо. Маргааш буюу ням гаригт алт болон ганцаарчилсан төрлийн хүрлийн төлөөх шийдвэрлэх харваа Чингисийн талбайд болно. Одоогоор АНУ хоёр хүрэл медаль хүртээд байгаа бол Франц, ОХУ, Япон, Малайзын багууд нэг хүрэл медаль хүртжээ.

Олимпийн төрөл болох Рекурв/70 м/ ганцаарчилсан төрөлд ОХУ, Тайвань, БНСУ/3/-ын баг тамирчид шалгарчээ. Мөн Компаунд/50 м/ төрөлд БНСУ, АНУ, Турк, Белги, Тайвань, Энэтхэг, ОХУ-ын баг тамирчид үлдсэн байна. Энэ удаагийн тэмцээнд оролцсон манай баг тамирчид медальд хүрч чадсангүй.

Маргааш шийдвэрлэх харваа 09.30 цагаас Компаундын холимог хосын төрлөөр эхэлнэ. Үдээс хойш 14.30 цагаас олимпийн төрөл болох Рекурвын харваа болно. Чингисийн талбай дээр болох шийдвэрлэх харвааг “Боловсрол” телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.