Универсиад 2017 наадмын тамирчдыг үдэн гаргав.
Дэлхийн спортын түүхэнд “Бага Олимп” хэмээн нэрлэгддэг оюутны спортын өвлийн XXVIII Универсиад их наадам Казахстан улсын Алмата хотноо 2017 оны 1 дүгээр сарын 29-нөөс 02 сарын 08-нд зохиогдон 59 орны 3,000 гаруй тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс оролцоно.
Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол Спортын төв ордны 4 давхарын хурлын танхимд боллоо. Ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд Колыбек Кобландин, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны, Биеийн тамир спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч өгентлаг, Биеийн тамир спортын газрын дарга, МУ-ын Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Энхтуяа, Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн захирал, ШУ-ны доктор, профессор Л.Алтанцэцэг, Монголын Цанын Холбооны Ерөнхийлөгч Д.Хишигжаргал, Монголын тэшүүрийн холбооны удирдлагууд оролцлоо.
Универсиадад оролцох тамирчдад амжилт хүсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд Колыбек Кобландин нар үг хэлэв.
Универсиадын тамирчдыг толоолон цаны тамирчин, 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадамд оролцож байсан, цанын тамирчин Ч.Отгонцэцэг, 2014 оны оюутны ДАШТэмцээнд амжилттай оролцсон тэшүүрийн тамирчин Б.Тулга нар тангараг өргөв.
Энэ үеэр дэд сайд Ё.Отгонбаяр тус наадамд оролцох Монголын багийн тугчин, цанын тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгсөн юм.
Энэ дашрамд дурдахад Универсиад 2017 наадам нь биатлон, керлинг, сноуборд, фристайл, уран гулгалт, уулын цана, цана ба цанын хоёр төрөлт, трамплин, тэшүүр, хоккей, шорт трейкийн 12 спортын төрлүүдээр болно. Тамирчид 86 багц медалийн өрсөлдөнө.
Өвлийн Универсиад Алмата 2017 наадамд Монгол улсаас баг тамирчдыг оролцуулах асуудлыг олон улсын оюутны спортын холбооны албан ёсны гишүүн байгууллага Монголын оюутны спортын холбоо (МОСХолбоо) хариуцан зохион байгуулж, баг тамирчдыг бэлтгэн оролцуулах ажлыг БСШУСЯам, ЗГХА-БТСГазартай хамтран Монголын тэшүүрийн холбоо, Монголын цанын холбоодтай ажиллаж цана, тэшүүрийн төрөлд Монгол улсаас нийтдээ 15 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцуулахаар болсон юм.
Монголын багийн ахлагчаар МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, багийн ахлагчийн орлогчоор ЗГХА-БТСГ-ын Спортын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Х.Отгонбаатар, цанын төрөлд дасгалжуулагчаар Ж.Халиунаа, тамирчинаар Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа, Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нарын эрэгтэй-3, эмэгтэй 3 тамирчин оролцоно. Тэшүүрийн төрөлд Ж.Долгорсүрэн дасгалжуулагчтай тамирчин М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, А.Зул нарын эрэгтэй 3, эмэгтэй нэг тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно.
Монголын оюутны цанын эрэгтэй, эмэгтэй тамирчид багийн буухиа төрлөөс бусад бүх зай, төрөлд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Харин тэшүүрийн багийн эрэгтэй тамирчид 500, 1000, 1500, 3000 метрийн зайд уралдах бол эмэгтэй ганц тамирчин 500, 1000, 1500 метрийн 3-н зайн уралдааны гараанд гарч хүч, чадлаа сорино. Алмата хотноо 1970-иад онд байгуулагдсан өндөр уулын мөсөн гулгуурын цэнгэлдэх хүрээлэн “Медео” -д тэшүүрийн тэмцээн болох бол “Алатау” биатлон-цанын спортын цогцолборт цогцолбор гүйлтийн цана, биатлоны тэмцээнүүд болно.
Өвлийн Универсиадын баг тамирчдын зардлыг БСШУСЯам, БТСГ-аас зохицуулан, зардыг шийдвэрлэн МОСХ-той хамтран ажиллаж баг тамирчдаа дэмжин энэхүү наадамд оролцуулж байгаа юм. Баг тамирчидыг оролцуулах асуудалд Монгол улсад суугаа Казахстан улсын элчин сайдын яам хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байна.
Монголын оюутны баг тамирчид өвлийн “Универсиад” их наадамд 1991 онд Японы Саппоро хотноо болсон наадамд анх удаагаа оролцож байсан бол түүнээс хойш 2 жил тутамд болсон 12 удаагийн наадамд тасралтгүй оролцож ирсэн билээ. Өвлийн Универсиад 2005 наадам Австрийн Инсбург хотноо болоход Монголын баг тамирчид хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй тэшүүр, шорт трейк, цана, уулын цанын төрлөөр 15 хүнтэй оролцож байсан бол “Алмата 2017” Универсиад наадамд мөн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор бэлтгэж байна.
Энэхүү Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдын амжилтын хувьд өвлийн олимпийн наадамтай ижил тул медаль хүртэх боломж байхгүй ч дэлхийн өвлийн спортын орнуудтай адил энэхүү томоохон наадамд баг тамирчдын амжилтаа сорих, эв санаана нэгдлээ хангах, баг тамирчид хувийн амжилтаа ахиулах, өөрийн орны рекорд дээд амжилтаа ахиулах, 2018 оны БНСУ-ын Пенчен хотноо болох олимпийн наадамд оролцох оноогоо цуглуулах зорилготой юм.
Казахстаны Алмата хотноо болох энэхүү наадам өндөр хэмжээнд зохион байгуулагдах ба тус улсын Засгийн газраас наадмын бэлтгэл ажилд ихээхэн анхаарч ажиллаж байна. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд шинээр 12,000 хүний суудалтай болон 3,000 суудалтай хоёр хоккейн ордон, мөн 5,000 хүний ортой оюутны хотхоны байгууламжийг шинээр барьж ашиглалтанд оруулсан юм. Бусад спортын барилга байгууламжийг 2011 оны Азийн спортын наадмын үеэр барьж ашиглалтанд оруулсан байжээ.
Дараагийн Өвлийн Универсиад 2019 оны их наадам ОХУ-ын Красноярск хотноо, 2021 оны наадам Швейцарийн Люцерн хотноо зохион байгуулагдахаар эрхээ авч, бэлтгэл ажил хангаж эхлээд байгаа юм. Универсиад 2017 ба 2019 наадмууд нь манай улсаас ойр, цаг агаар, уур амьсгалийн зөрүү байхгүй , амьдрах орчин ижил төстөй газруудад болж байгаа тул Монголын баг тамирчид оролцоогоо ахиулах, амжилтаа нэмэх боломж харагдаж байна.
Та бүхэн энэ их наадмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэж байвал Олон улсын оюутны спортын холбооны веб сайт www.fisu.net, Зохион байгуулах хорооны www.almaty2017.com, монголын оюутны спортын хобооны www.mssf.mn, хаягаар орж дэлгэрэнгүй болон цаг үеийн мэдээллийг авч болно.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО