​“УНИВЕРСИАД 2017” ИХ НААДМЫН 5 ДАХ ӨДРИЙН ТОЙМ /2017.08.24/


ГОЛЬФ

Гольфийн эмэгтэй тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа нар Монгол улсаа төлөөлөн 2 дах удаагаа Универсиадын гольфийн тэмцээнд оролцож байна. Тэд нэгдүгээр тойргийн 18-н замаа энэ өдөр тоглож, А.Энэрэл 94 оноо (+22), Н.Намуунаа 105 (+33) оноогоор эхний өдрийн тэмцээнээ дуусгасан.

ЖҮДО БӨХ

Жүдо бөхийн багийн барилдаанд энэ өдөр болов. Эмэгтэй тамирчид эхний тойрогтоо хийлж, дараагийн 2-р тойрогт Италийн багтай таарч 4:1 онооны харьцаагаар хожигдсон. Эрэгтэйчүүдийн багийн барилдаанд Монголын тамирчид Италийн багт 4:1-ээр хожигдсон. Энэ барилдаанд Б.Эрхэмбаяр багтаа нэг хожил авчирав. Энэхүү Универсиад наадмын жүдо бөхийн тэмцээнийг Монголын тамирчид нэг мөнгөн медаль авчирсан амжилтаар тэмцээнээ өндөрлүүлэв.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Ширээний теннисчид холимог хос, эрэгтэй, эмэгтэй хосын төрөлд өрсөлдлөө. Холимог хосын төрөлд Б.Өнөболд, Э.Отгонжаргал нар БНАСАУ-ын хосод 3:0-оор, Г.Чулуудай, И.Индра нар Их Британий тамирчин Далглейш Колин Стуарт, Кинг Ёланда Аспен нарт 3:0-оор хожигдсон.

Эрэгтэй хосын тэмцээнд А.Билгүүдэй, П.Билэгжаргал нар Канадын хосд 3:0 хожигдон, харин дараагийн хос болох Б.Өнөболд, Т.Барсболд нар эхний тойрогтоо Бутан улсын хос тамирчдыг 3:0 харьцаагаар хожиж, 08 сарын 27-нд 1/16 шигшээд шалгаран тоглоно.

Эмэгтэй хосын төрөлд өрсөлдсөн Э.Жумдаан, Г.Болор нар Чехийн хосд 3:0 оноогоор ялагдан, Ливан Улсын хостой таарсан Б.Урантогос, Г.Индра нар 3:0-р хожил байгуулан 1/16-т шалгарлаа.

Ийнхүү энэ өдөр Монголын 2 хосын тамирчид 1/16 шигшээд шалгарсан амжилт үзүүллээ.

ТУЯЛЗУУР СЭЛЭМ

Энэ өдөр хүнд сэлэмний багийн төрөлд 21 орны эрэгтэй тамирчид тулалдсан юм. Монголын тамирчид нь Нидерландын багт 21:45 онооны харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Ийнхүү туялзуур сэлэмний тамирчид тэмцээн өндөрлөв.

УСАНД СЭЛЭЛТ

Усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөж байгаа Монгол улсын 2 тамирчин мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд хурд хүчээ сорив. Энэ зайн эхний гараанд спортын дэд мастер Ж.Тамир уралдан 37.94 сек амжилт үзүүлж гараандаа 8 тамирчнаас 6-р байрт шалгарлаа. Тамир нь өөрийн хувийн амжилтаа энэ зайд ахиулсан. Тэмцээний 3 дахь гараанд ОУХМ Г.Занданбал уралдаж 31.27 секундын амжилт үзүүлж Монгол улсын дээд амжилтыг (31.53) дахин шинэчилэн тогтоов. Г.Занданбал ийнхүү Универсиад их наадамд 4 зайд уралдаж, 3 зайд нь улсын дээд амжилтыг шинэчилсэн тогтоосон.

ТАЭКВОНДО

Таэквондогийн тамирчид тэмцээний 3 дахь өдөр 74 кг-ийн жинд ОУХМ А.Нацагдорж өрсөлдөж эхний тулаанд Узбекстаны тамирчин Шопаязиев Шакбозийг 30:20 харьцаагаар давуу байдлаар ялсан. Харин дараагийн тойрогт Хорватийн тамирчин Канает Тонид 29:8-аар ялагдаж тэмцээнээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.

8 САРЫН 25-НИЙ ӨДРИЙН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

Бильярд:

09:00 цагаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 9 бөмбөгийн 1 дүгээр тойргийн тэмцээнд 11:00 цагаас О.Баасандорж нь Флиппиний тамирчин Лим Жаместэй, 13:30 цагаас С.Мянганбаяр нь Флиппиний тамирчин Б.Жонтой сугалаа таарч 1 дүгээр тойргийн тэмцээнд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн төрөлд Б.Нарантуяа, Б.Уянга нар өрсөлдөнө.

Гольф:

Гольфийн эмэгтэй тамирчин А.Энэрэл, Н.Намуунаа нар хоёрдугаар тойргийн тоглолтоо 06:30 цагаас хийнэ.

Таэквондо:

Таэквондогийн тамирчидын тэмцээний 4 дахь өдөр 63 кг-ийн жинд Э.Буяншагай өрсөлдөнө.

Усанд сэлэлт:

Усан спортын чөлөөт сэлэлтийн 50 метрийн төрөлд спортын дэд мастер Ж.Тамир 09:25 цагаас уралдана.

Ширээний теннис:

Ширээний теннисчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээн болно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО