Универсиад 2015 наадмын сагсан бөмбөгийн медальтнууд шалгарав



Оюутны Универсиад 2015 их наадмын Сагсан бөмбөгийн тэмцээн 2015 оны 04-р сарын 13-17-нд СТОрдон, ШУТИС-ийн спортын заал, МУИС-ийн 8 дугаар байрны заал, АШУҮИС-ийн 4 зааланд 5 өдрийн туршид үргэлжлэн явагдаж, тэмцээнд 16 их, дээд сургууль коллежийн эрэгтэй 20 багийн 240 тамирчин, эмэгтэй 14 багийн 168 тамирчин нийт 34 багийн 408 тамирчин оролцож аваргуудаа тодрууллаа. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхтуяа, Л.Эрдэнэпүрэв нар оролцож тэмцээний шагналыг гардуулан өгч баг тамирчидад амжилт хүслээ.

Эрэгтэй багуудаас 1 дүгээр байранд М.Амаржаргал дасгалжуулагчтай, Б.Наранболд ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид аваргын төлөө тоглолтонд МУИС-ийн багтай маш өрсөлдөөнтэй тоглон 76:75 харьцаагаар нэг онооны давуутайгаар СТО-нд битүү хуран цугларсан үзэгчдийн өмнө сайн тоглолтыг үзүүлэн хожил авч чадлаа. Ийнхүү 2 дугаар байранд Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай, О.Энхбаатар ахлагчтай МУИС-ийн баг тамирчид орж наадмын мөнгөн медалийг гардан авсан бол 3 дугаар байр, хүрэл медалийг Н.Ганболор дасгалжуулагчтай Сити дээд сургуулийн баг тамирчид эзлэв.

Эмэгтэй багаас тэргүүн байрыг Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай, Н.Болор-эрдэнэ ахлагчтай МУИС-ийн баг тамирчид эзлэн 8 дах удаагаа оюутны Универсиад наадмын аваргын медалийг тасралтгүй хүртсэн багаар шалгарч гайхамшигтай амжилт гаргав. Мөнгөн медалийг Б.Ганзориг дасгалжуулагчтай, Б.Ариунчимэг ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид гардан авч чадсан юм. Харин хүрэл медалийг Н.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн дээд сургуулийн баг тамирчид 3 дугаар байрыг эзэлж Универсиад наадмын медалийн эздээр тодорлоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр МУИС тэргүүн байр эзлэн, ШУТИС 2-р байр шалгарч, МУБИС 3-р байранд орж Универсиадын сагсан бөмбөгийн төрөлд гялалзсан амжилтыг гаргалаа. Универсиадын сагсан бөмбөгийн тэмцээнийг МОСХолбоо, МҮСБХолбоо хамтран техник, зохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай зохион байгуулж өндөрлөсөн юм.

Универсиадын сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрлөөс шалгарсан шилдэг оюутнуудыг 2015 оны 7 сард БНСУ-ын Гванжу хотноо болох дэлхийн оюутны Универсиад 28 дугаар наадмын тэмцээнд сонгон шалгаруулах юм. Монголын баг тус наадамд ОХУ, Монтенегро, Швед, Канад, Мексик зэрэг орнуудтай нэг хэсэгт тоглохоор сугалаа таарсан билээ.

Б.Баянбулаг