Универсиад 2015 наадмын волейболын аваргууд тодорлоо.



Монголын Оюутны спортын Универсиад 2015 их наадмын волейболын тэмцээн МУИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрны биеийн тамирын зааланд 2015 оны 03-р сарын 02-07-ны хооронд 6 хоногийн туршид амжилттай зохиогдож өндөрлөлөө. Наадмын тэмцээнд 15 их, дээд, сургууль, коллежийн эрэгтэй 15 баг, эмэгтэй 11 багийн нийт 26 багийн 312 тамирчин оролцож дүнгээ гаргалаа. Универсиад 2015 наадмын волейболын тэмцээнийг зохион байгуулахад БСШУЯам, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУИСургуулийн захиргаа, волейболын холбоо хамтран ажиллав.

Волейболын тэмцээнд эрэгтэй 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглосноос хагас шигшээ тэмцээнд МУИСургууль, ШУТИСургууль, ХААИСургууль, ҮБТДСургуулиуд шалгаран үлдэж, МУИС-ҮБТДС-тай хүрэл медалийн төлөө тоглож МУИС-ийн баг өрсөлдөгчөө 3:0 харьцаатай буулган авсан юм. Ийнхүү тэмцээнд олон баг оролцсон боловч томоохон их сургуулийн багууд буурь заан хагас болон шигшээ тоглолтонд шалгаран үлдэж чадав. Аваргын алтан медалийн төлөө ХААИС-ШУТИС хүчтэй багууд тунаж үлдэж тоглосноос 3:1 харьцаагаар ШУТИС илүүрхэж “Универсиад-2015" их наадмын Волейболын тэмцээний эрэгтэй аварга багаар тодорлоо. Эдгээр багуудын тоглолт онооны хувьд их ойрхон, сонирхолтой болж, тэнцүүхэн тоглож МУИС-ийн спортын заал дүүрэн үзэгчидээ хөгжөөн баярлуулсан юм. Универсиадын медальтануудаа танилцуулья.

- Универсиад 2015 наадмын волейболын тэмцээний алтан медалийг М.Бат-очир дасгалжуулагчтай, Д.Даваасамбуу ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид

- Мөнгөн медалийг С.Амгаабазар дасгалжуулагчтай, М.Хосбаяр ахлагчтай ХААИС-ийн баг тамирчид

- Хүрэл медалийг Н.Галбадрах дасгалжуулагчтай, Г.Золбаяр ахлагчтай МУИС- баг тамирчид эзлэв. Харин Универсиадын 4-р байрт Б.Хэрлэн дасгалжуулагчтай Б.Мөнхбаяр ахлагчтай ҮБТДС-ийн баг хагас шигшээ хүртэл сайн тоглосон боловч медалийн төлөө тоглолтондоо хожигдол хүлээн МОСХ-ны хүндэт өргөмжлөл гардан авлаа.

Эмэгтэй 11 баг гурван хэсэгт хуваагдаж, шигшээ тэмцээнд МУБИСургууль, МУИСургууль, ШУТИСургууль, ХААИСургуулиуд шалгаран үлдсэнээс МУБИС-ШУТИСургуультай хүрэл медалийн төлөө тоглож 3:0 харьцаагаар ШУТИС хожиж хүрэл медалийн болзол хангасан бол, аваргын алтан медалийн төлөө МУИС-ХААИСургуулиуд өрсөлдөж 3:1 харьцаагаар өрсөлдөгч багаа буулган авснаар ХААИСургууль эмэгтэй аварга баг боллоо. Медаль хүртсэн багууд:

- С.Амгаабазар дасгалжуулагчтай, Б.Бүтэд ахлагчтай ХААИС - Алтан медаль

-Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Ш.Мөнхзул ахлагчтай МУИС - Мөнгөн медаль

- Ч.Ням дасгалжуулагчтай, Б.Одончимэг ахлагчтай ШУТИС - Хүрэл медаль

-Л.Нарантуяа дасгалжуулагчтай М.Сувдмаа ахлагчтай МУБИС- 4-р байр эзэллээ.

Тэмцээний үеэр МОСХолбооноос шилдэг эмэгтэй тоглогчоор ХААИС-ийн тамирчин Б.Энхзаяа, эрэгтэй шилдэг тоглогчоор ШУТИС-ийн тамирчин Д.Даваасамбуу нарыг шалгаруулан өргөмжлөл, тусгай шагналаар шагнав. Шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар МУИС-ийн багш ОУХМ Э.Эрдэнэбилэг, шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар ХААИС-ийн багш, ОУХМ С.Амгаабазар нар тус тус шалгарсан юм. Харин байгууллагын нэгдсэн багийн дүнгээр ХААИСургууль-1-р байр, ШУТИСургууль-2-р байр, МУИСургуулийн багууд эхний 3 байранд орлоо.

Энэ удаагийн Универсиад 2015 наадмын волейболын үеэр Монголын баг тамирчдын дэлхийн оюутны спортын Универсиад их наадамд анх удаагаа оролцсоны 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа боллоо. Волейболын тэмцээний нээлт болон хаалтын ажиллагааны үеэр 1965 онд Унгарын Будапешт хотод болсон Дэлхийн оюутны Универсиад IV дүгээр их наадамд оролцож байсан эмэгтэй, эрэгтэй волейболын ахмад тамирчдын төлөөлөгчид МУГавьяат тамирчин Ц.Шоовдор, ОУХМастер Ж. Цэндсүрэн, Х. Хулдаа, Я.Отгонсүрэн, Д.Нарангэрэл нарын зэрэг хүмүүс ирж оролцон үг хэлж, оюутан залууст үнэт сургаалаа хайрлан, багуудтай хүндэтгэлийн зургаа авахуулан, баг тамирчидад наадмын медаль гардуулж өглөө.

Монголын баг тамирчид Универсиад наадамд оролцсоны 50 жилийн ойг тохиолдуулан Универсиад 1965 наадамд оролцсон ахмад тамирчин МУГавьяат тамирчин Ц.Шоовдор, ОУХМастер Ж. Цэндсүрэн, Х. Хулдаа, Я.Отгонсүрэн, Д.Нарангэрэл, Ж. Хаянхярваа, П.Хандсүрэн нарын 7 хүнд МОСХолбооноос үндэсний оюутны Универсиад 2015 наадмын волейболын тэмцээний үеэр тэднийг хүлээн авч уулзан МОСХ-ны хүндэт өргөмжлөл, дурсгалын медаль гардуулан, хүндэтгэлийн зоог барьж, гарын бэлэг гардуулан өгч дурсгалын зураг авахуулсан юм.

Ц.Уранчимэг