“УНИВЕРСИАД-2015” наадам СОЛОНГОСЫН ГВАНЖУ хотноо болно.


Универсиад наадмын хугацаа, оролцох орон, хүн, төрөл

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадам БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны 7 сарын 3-14-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), БНСУ-ын Засгийн газрын ивээл дор болно. Универсиад наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Универсиадад тухайн улсын их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны хоорондхи оюутан тамирчид оролцох боломжтой байдаг. Наадам доор дурьдсан спортын 18 төрөлд , 11 өдрийн туршид болж, 272 багц медалийн төлөө оюутан тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө.

“Универсиад”-ын тухай товчхон

Универсиад наадам нь 2 жил тутамд сондгой тоотой жилүүдэд өвөл, зуны спортын төрлүүдээр явагддаг. Зуны Универсиад наадам анх 1959 онд Италийн Турин хотноо зохиогдсон. Дэлхийн спортын түүхэнд Универсиад наадмыг оролцсон орон, зохиогдож байгаа хэлбэр, далайцаараа олимпийн дараа ордог “Бага олимп” хэмээн нэрлэдэг ба оюутан залуучуудын спортын их баяр наадам нь юм. Учир нь 5 тивийн 200 орчим орны 13,000 оюутан тамирчид нэг улсын, нэг хотод хуран цугларч, нэгэн хугацаанд спортын олон төрлийн тэмцээнд орж, тамирчид нь бүхэл бүтэн томоохон тосгонд нэг дороо амьдарч тэмцээнүүдээ оролцдог. Универсиад гэдэг үг нь их сургууль (University) гэсэн үгнээс үүсэлтэй. Мөн олон талт (Universal) цогцолбор арга хэмжээ гэсэн үгний утгыг ч илэрхийлдэг. Олимпиад (Olympic), Спартикиад хэмээх үгний сүүлийн “иад” дагаварыг авч их наадам гэсэн үгний төгсгөлтэй ижил утга санааг харуулдаг байна.

БНСУ улс ба Их наадмуудыг зохиосон тухай

Бүгд Найрамдах Солонгос Улс ( 대한민국 Тэхань миньгүг) нь Ази тивд Солонгосын хойгийн өмнөд хагаст орших зүүн Азийн орон юм. Хойд талаараа Умард Солонгостой хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаана Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаана орших Япон улстай ойр байрладаг. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот юм. Энэ улс нь эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 100,033 ам дөрвөлжин километр, нийтдээ 51,2 сая хүнтэй.

Өмнөд Солонгос бол хагас ерөнхийлөгчийн засаглалтай, ардчилсан улс бөгөөд эдийн засаг нь асар хурдацтай өссөн юм. Өдгөө ДНБ-ээр дэлхийд 12 дахь (Азид 4 дэх) байрт эрэмбэлэгдэж байгаа хөгжингүй орон болсон. Экспортод чиглэсэн эдийн засагтай учраас аж үйлдвэрлэлийн цахилгаан бараа, хагас дамжуулагч, гар утас, роботын технологүүд нь өндөр хөгжсөн. Дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдэрлэлээрээ эхний тавд багтана. Өмнөд Солонгос нь их 20 эвслийн олон улсын холбооны гишүүн орон юм. БНСУ-ын Сөүл хотноо 1988 онд Олимпийн их наадам, 2002 онд Японтой хамтран Хөлбөмбөгийн ДАШТэмцээн, 1997 онд өвлийн Универсиад наадмыг Мужу, Чонжи хотноо явуулсан, 2003 онд Дэгү хотноо Универсиад их наадам, Азийн наадмыг – 1986 онд Сеул хот, Бусан-2002, Инчеон-2014 онд нийтдээ 3 удаа хүлээн авчээ.

Гванжу хот “Универсиад”-ын эрх авсан тухай

Наадмын эрхийг 4 хоттой өрсөлдөн ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны 2009 хурлаар 6 жилийн өмнө Дэлхийн оюутны спортын 28 дугаар зуны “Универсиад” их наадмыг БНСУ-ын Гванжу хот хүлээн авчээ. Өмнө нь БНСУ-ын нийслэл Дэгү хотноо 2003 онд дэлхийн оюутны “Универсиад” 22 дугаар наадам зохиогдож байсан бол ийнхүү 12 жилийн дараа энэхүү наадам БНСУ-д тэр тусмаа Гванжу хотноо явагдахаар болжээ.

БНСУ-ын Гванжу хот нь Солонгосын хойгын баруун өмнөд хэсэгт оршдог улсынхаа Сөүл, Пусан, Дэгү, Инчон хотуудын дараа 5 дугаар байрт ордог соёл урлаг, аялал жуулчлал хөгжсөн, олон зуун жилийн түүхтэй хот юм. Нэр:(Гванжу; Солонос 광주 куанг-жү; англи. Gwangju; орос нэр нь Кванджу) Гванжу хот нь Хунам мужид харьяалагддаг 501.26 км² газар нутагтай, 1,467,996 хүн амтай, 5 том дүүрэгтэй , хотын хүн амын нягт сийрэг 2901 хүн/км2, ард түмэн солонгос /Хангил / хэлээр ярьдаг, 2 дахь хэл нь англи хэл юм. Гванжу хот нь оюутны хот. Тус хотын иргэдийн 29 % нь буюу 414,000 оюутан залуус байдаг.Цаг агаарын хувьд жилийн дундаж нь 7 сарын эхээр 27-35 градус халуун, дулаан байна.

Гванжугийн "Универсиад- 2015" наадмын эрхэм зорилго бол дэлхийн оюутан залуучуудыг нэг дор нэгтгэн цуглуулж, олон үндэстэн угсаатны өв соёлыг таниулах, эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор өрсөлдөн шилдэг тамирчид, шинэ одуудыг төрүүлэн гаргаж, оюутны спортыг сурталчилах явдал юм.

Гванжу-Универсиад 2015 наадмын спортын төрлүүд

Анхны зуны Универсиад наадам 1959 онд Италийн Турин хотноо спортын 7 төрлөөр явагдаж байсан бол 2015 оны Гванжугийн Универсиад зуны 28 дугаар их наадам спортын 18 төрлөөр явагдана. Универсиад наадам нь өөрийн үндсэн 10 албан ёсны төрөлтэй. Үүнд: Волейбол, гимнастик (уран сайхны гимнастик,спортын гимнастик), жүдо, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт (сэлэлт, усны бөмбөг, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт) теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннисний төрөл ордог. Харин БНСУ-ын Засгийн газар Универсиадын дээрх 10 төрлийн спортоос гадна нэмэлт 8 төрлийг наадмын хөтөлбөрт оруулахаар санал гарган ОУОСХ-ноос батлаж өгсөн байдаг. Үүнд: Байт харваа, бейсбол, бадминтон, гольф, гандбол, сэлүүрт завь, буудлага, таэквондогийн спортын төрлүүдийг оруулан энэ удаагийн наадам 18 төрлөөр болох юм.

Универсиадын таних тэмдэг ба бэлэгдэл

ОУОСХ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй аливаа оюутны спортын арга хэмжээний өөрийн онцлогийг илэрхийлсэн бэлэгдэл, таних тэмдэгтэй байдаг. Харин таних тэмцэг нь заавал "U" үсгийг зайлшгүй багтаан дүрслэх уламжлалтай юм.

Харин таних тэмдэг дээр байгаа улаан, шар, цэнхэр өнгөтэй ”U” үсэгний хэлбэртэй дүрс нь “Гэрлийн далавч” юм. Дэлхийн өнцөг булан бүрт итгэл, найдварын гэрлийн илчийг түгээн, тэднийг даллан дуудах утга санааг илэрхийлжээ.

Мөн 28 дугаар Универсиад наадмын бэлэгдэл нь “Дэлхий ба бороо” юм байна.

Энэ удаагийн Универсиад наадмын уриа нь: “Маргаашийг гэрэлтүүлцгээе- Гэрлийн хот” гэсэн ба энэхүү өгүүлбэр нь /Асах гэрэл, Ирээдүйн гэрэл/ гэсэн утга санааг агуулж байна.

Гванжуд ОУОСХ-ны Эрдэм шинжилгээний их хурал болно

Наадмын үеэр ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал 2015 оны 7 сарын 11-14-ны өдрүүдэд Гванжу хотын Хонам их сургууль дээр болно. Хурлын ерөнхий сэдэв нь "Дэлхийн нийтийн хөгжилд оюутны спортын нөлөө” ерөнхий сэдвийн дор явагдана. Түүнчлэн 4 дэд бүлгээр эрдэм шинжилгээний хурал хэсэг бүртээ хуваагдан зохиогдоно. Үүнд: Оюутны спорт ба байгаль орны нөлөө, Оюутны спортын нөлөөлөл нийгмийн амьдралд, Мэдээллийн технологи, шинэчлэл оюутны спортод, Оюутны спорт ба боловсрол дэд сэдвүүдээр болно. Эрдэм шинжилгээний их хуралд 50 гаруй орны 450 эрдэм шинжилгээний илтгэл ирүүлсэн ба үүнээс 160 илтгэлийг 4 салбар хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн бусад илтгэлийг ханын самбарт байрлуулан олон нийтэд харуулж, сурталчлан мэдээлэх юм.

Энэхүү хуралд Монгол улсын 10 орчим их, дээд сургууль, коллежийн 20 гаруй биеийн тамирын багш, тэнхимийн эрхлэгч, захирал, удирдлагууд, судлаач эрдэмтэд урилгаар оролцохоор болжээ. Ийнхүү Монголын ИДС-ийн багш нар анх удаагаа ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэй БНСУ-ыг зорьж, эдрмийн ном сонсч, олон улсын эрдмийн талбарт бусад орны судлаач нартай өрсөлдөн илтгэлээ хэлэлцүүлнэ. Манай судлаачдаас спортын

ШУ-ны доктор Л.Алтанцэцэг, доктор Д.Жаргалсайхан, Л.Гүндэгмаа, магистер Б.Оюун, Г.Ерөөлт-бат нарын зэрэг хүмүүс англи хэл дээр илтгэлээ тавьж энэхүү их хуралд оролцоно.

Зохион байгуулах хороо ба бэлтгэл ажил

Наадмыг бэлтгэх хорооны өдөр тутмын үйл ажиллагааг ЗБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх хорооны дэд ерөнхийлөгч, тус хотын дэд даргаар ажиллаж байсан Ким Юун Сук удирдан зохион байгуулж, нийтдээ 600 гаруй хүний орон тоогоор байнгын үйл ажиллагаа явуулж байна. Түүний удирдаж байгаа Гүйцэтгэх хорооны 11 газар (Аудит, Харуул хамгаалалт, Хэвлэл, Төлөвлөлт зохицуулалт, Дэмжлэг үзүүлэх, Зар сурталчилгаа, Спортын газар, Спортын барилга байгууламж, Соёлын арга хэмжээний газар, Олон улсын харилцаа, Сөүл дэх офис ) зэрэг бүтэцтэйгээр 30 орчим хэлтэст хуваагдан ажиллаж байна.

Гванжугийн наадамд Зуны Универсиадын 18 төрлийн тэмцээнийг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Олимпийн хороо, спортын холбоодын удирдлага, ажилтанууд удирдан явуулна. Мөн наадмын тэмцээнүүдийг ОУОСХолбоо, ОУ-ын спортын холбоодын техникийн хорооны мэргэжилтэнүүд ирж зааварчилан, зөвлөх ажлаар томилогджээ.

Наадмын үеэр 20,000 сайн дурын ажилтан, оюутан ажиллах ба тэдгээрийг эртнээс ЗБХ-оос бэлтгэж, англи хэлний сургалтанд хамруулжээ. Зохион байгуулах хорооноос “Мастер төлөвлөгөөг” –г 2010 оны 6 дугаар сарын 21 –нд боловсруулан гаргаж ОУОСХ-нд хүлээлгэн өгч, үндэсний ОСХ-дод явуулсан байна. Тус төлөвлөгөөнд ЗБХороо, дэд хороодын бүрэлдэхүүн, ажлын чиглэл, журам, наадмын төрлүүд ба тэмцээн явагдах газрууд, санхүү, төлөвлөт, хэвлэл мэдээлэл, тээвэр, хоол байр, тамирчдын тосгон, хүлээн авч ,үдэх, ёслолын болон нээлт, хаалтын тухай дэлгэрэнгүй тусгасан юм. Тус хот нь наадамд бэлтгэх ажлын хүрээнд 2012 онд бадминтоны оюутны ДАШТэмцээн амжилттай явуулсан ба 2014 онд ОУОСХ-ны чуулганг хүлээн авч наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтаа шалгуулжээ.

ЗБХорооноос ОУОСХолбоотой хамтран 12 залуу спортын сэтгүүлчдийг сонгон (тив бүрээс 2 оюутан) наадмын үеэр мэдээ, сурвалжлага бэлтгүүлэн ажиллуулж дадлагажуулна. Наадмын ЗБХорооноос газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдээд байгаа Непалийн оюутан тамирчдыг тус наадамд оролцоход нь сэтгэл санаа, санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.

Универсиадын тамирчдын тосгон

Төлөөлөгчид нь нэг дор тамирчдын хотхонд амьдарна. Тамирчдын тосгон нь олон давхар (30 хүртэл давхар) баригдсан 20 орон сууцны барилгаас бүрдэж байна. Нийт 2,185 өрөөтэй. Нэг байр нь 2-3 өрөөтэй. Нэг өрөөндөө 2-3-н ор тавигдсан ба тамирчид 2-3 аараа байрлана.Тосгон нь тамирчдын, олон улсын, үйлчилгээний гэсэн 3 үндсэн хэсэг газруудтай. Тамирчдын амьдрах хэсэг нь 194,492 метр квадрат талбай бүхий 13,700 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Үүнээс 12,200 тамирчин, 1500 сэтгүүлч хэвлэл, мэдээллийн ажилтан байрлуулна.

Тосгонд эмнэлэг, түргэн тусламжын поликлиник, уулзалт хурлын өрөө бүхий байр, хэвлэл мэдээллийн төв, банк санхүүгийн үйлчилгээний газар, худалдааны дэлгүүр, шуудангийн газар, 3,500 хүнийг нэг дор хүлээн авах чадал бүхий хоолны ресторан, 24 цагийн харуул хамгаалалттай хяналтын байр, сэргээшийн төв нэг дор байрлажээ. Тамирчдын тосгоны үйл ажиллагаа 2015 оны 06 сарын 28-нд үүд хаалгаа нээж 07 сарын 18-нд хаана. Энэхүү тамирчдын тосгон нь наадмын төв цэнгэлдэх хүрээлэнгээс 2,4 км зайтай оршдог.

Төв тамирчдын тосгоноос гадна салбар тосгон Чинжу хотноо байгуулагдах ба “Танеум хо” сэлүүрт завины төвд тэмцээнд орж буй 40 гаруй орны 600 тамирчин тус тосгонд 6 сарын 30-наас 7 сарын 9-нд байрлан тэмцээнээ дуусгана.

Универсиад их наадмын спортын барилга байгууламжууд

БНСУ-ын Гванжу хотод Универсиад 28 дугаар зуны их наадмын тэмцээнүүдийг явуулахад 69 спортын заал, танхим, талбай, спортын байгууламжууд ашиглагдах ба тэмцээний зориулалтаар 37, бэлтгэлийн 32 заал, танхим, талбай барьж байгуулж, шинэчлэн засварлан бэлэн болгосон байна. Үүнээс 4 спортын байгууламжийг шинээр барьж байгуулжээ. Намбу их сургуулийн усан спортын төв, Гванжу хотын эмэгтэйчүүдийн их сургуулийн спортын ордон, Олон улсын байт харвааны төв, Жиньбол олон улсын теннисний төвүүдийг Универсиадын хүрээнд шинээр барьж үлдсэн 65 байгууламжийг засч тохижуулан ашиглаж байна. Тиймээс Гванжугийн Универсиад наадам нь хамгийн бага төсөвтэй наадмаар тодорч болох юм.

Наадмын төлөөлөгчидөд визийн хөнгөлөлт үзүүлнэ

Ихэнх улсын тамирчид БНСУ-руу визгүй зорчино. Визтэй зорчдог орнуудад визний хөнгөлөлт үзүүлэхээр тус улсын Засгийн газраас нь шийдвэрлэжээ. Тухайн орнуудын ЭСЯ-д нь паспорт, мэдүүлэг, ЗБХ-ноос ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу хурдан шуурхай виз олгох гэнэ. Монголын баг тамирчидын 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг визээ Улаанбаатар дах ЭСЯ-наас авахаар бэлтгэж байна.

Наадмын нээлт, хаалтын ёслол, соёлын ажиллагаа

Универсиад 2015 наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа Гванжу хотын “Дэлхийн цом” хэмээх төв цэнгэлдэх хүрээлэнд болно. БНСУ-ын алдарт хөгжмийн зохиолч, алдартай найруулагч нарын удирдсан менежментийн баг энэхүү арга хэмжээг зохион байгуулах эрхээ авч бэлтгэж байна. Энэ үйл ажиллагаанд олон хамтран зохион байгуулагч байгууллага, компаниудыг сонгон авчээ.

Наадмын нээлтийн ёслол нь 2015 оны 7 сарын 03-ны өдрийн 18:00 цагаас эхлэнэ. Нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор “Дэлхийн цом” цэнгэлдэх хүрээлэнд олон орны сайд, дарга нар оролцоно. Наадмыг нээж БНСУ-ын Ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хэ үг хэлнэ. Нээлтийн үеэр үндэсний соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, дуу, хөгжим тоглох ба спортын төрлүүдийг харуулсан өнгө өнгийн чимэглэлүүдийг гаргаж үзүүлэх юм. Бусад арга хэмжээ нь ОУОСХ-ны протоколын дагуу явагдана. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан асар том хэмжээтэй аяган дотор “Универсиад”-ын галыг асаах ба наадмын турш бадамлан асах ажээ. Хаалтын ажиллагаа 7 сарын 14-ны өдрийн 18:00 цагт явагдаж урлагийн одууд, хип попын одууд оролцсон залуусын дуу хөгжим, шоу цэнгээнээр наадмын арга хэмжээг дуусгахаар зохион байгуулж байна.

Универсиадын хүрээнд олон төрлийн соёлын арга хэмжээг явуулахаар төлөвлөжээ. Соёлын албан ёсны хөтөлбөрүүд 07 сарын 1-15-нд явагдаж алдартай болон залуу дуучид, хөгжимчид, бүжигчид оролцох юм. Наадмын үеэр Нанжин залуучуудын фестиваль 7 сарын 3-14-нд, Эве фестиваль 7 сарын 02-нд, Универсиадын тосгонд 07 сарын 3-14-нд орой бүр соёлын арга хэмжээ зохиогдохоор төлөвлөгдсөн байна.

Хэвлэлийн 1500 төлөөлөгч нар Универсиадыг сурвалжилна.

“Дэлхийн цом ” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх олон улсын хэвлэлийн төвд бүх сэтгүүлч нарт зориулан Олон улсын хэвлэлийн төв байгуулан ажиллуулж байна. Хэвлэлийн 1500 гаруй төлөөлөгч нар хүрэлцэн ирж сурвалжлах мандатаа ЗБХ-ноос авна. Телевизийн дамжуулах төвд 400 хүн ажиллах багтаамжтай юм. Тэд олон улсын хэвлэлийн төвд ажиллаж өдөр,цаг тутамд мэдээлэлээ дэлхийн 200 гаруй орны 7 тэрбум гаруй үзэгчидэд хүргэх юм. Олон улсын хэвлэл мэдээллийн төвд гадаадын 500 гаруй сэтгүүлч нар ажиллана. Их наадмын үйл ажиллагааг БНСУ-ын үндэсний “MBS”, “KBS” зэрэг томоохон телевиз, сувгууд шууд дамжуулан мэдээлэхээр гэрээ байгуулжээ. Түүнчлэн Евро спорт, Оросын Россия-2 спортын суваг, БНХАУ-ын ССТВ-5 спортын суваг, Азийн телевизүүдийн холбоо дамжуулахаар гэрээ байгуулсан юм.

Монголын талаас МҮОНРТ, МНС, ТВ-9 телевизүүдийн сэтгүүлч нар БНСУ-д ажиллаж Универсиадын мэдээ, мэдээллийг дамжуулан, тамирчдынхаа спортын амжилтыг олон нийтэд цаг тухайд нь гарган үзүүлэхээр болжээ.

Универсиад 2015 наадмын тээврийн үйлчилгээ

Наадмын төлөөлөгчдийг БНСУ-ын Инчеон ОУ-нисэх онгоцны буудлаас тухайн орны Оюутны спортын холбоодын ирүүлсэн тээврийн хуваарийн дагуу тамирчдыг “КТX” хурдны галт тэрэг болон автобус, жижиг тэргээр Гванжу хот руу үнэ төлбөргүй хүргэн үйлчилнэ. Гванжу хотноос тамирчдыг галт тэрэг, автобусны буудлаас нь тосч тамирчдын тосгонд хүргэн байрлуулна. Тамирчдын тосгоноос 2015 оны 6 сарын 26-ноос эхлэн 21 өдрийн турш үнэгүй унаагаар нийт тамирчид төлөөлөгчдыг тэмцээний байр руу хүргэнэ.

Инчеоноос хурдны галт тэргээр Гванжу хотын /Gwangju station/хүртэл 1 цаг 40 минут, Инчеон- Яансон (нисэхийн галт тэрэг)-Гванжу руу хурдан галт тэргээр 3 цаг 30 минут, автобусаар Инчеоноос Гванжу руу 4 цаг 30 мин шууд явдаг ажээ. Түүнчлэн Кимпо, Муан, Гванжугийн олон улсын онгоцны нисэх буудалд ч тосох, үдэх үйлчилгээ гарсан байна.

Эмнэлэг, допингийн сорил авна

Наадмын үеэр 3000 гаруй сорилыг сонголтоор авна. Тамирчидын тосгонд эмнэлгийн томоохон поликлиник 24 цагаар ажиллаж тамирчидад үйлчилнэ. Гванжу хотын 10 гаруй эмэнэлэг, түргэн тусламжын төвүүд бэлэн байдалд ажиллаж, тэмцээн, бэлтгэлийн газруудад эмч, сувилагч өргөн бүрэлдэхүүнтэй багууд ажиллана. Тэмцээн, бэлтгэлийн газар бүрт эмнэлгийн пункт, түргэн тусламжийн машин байна. Багуудад массаж, эмнэлгийн өрөө хувиарлан олгоно. Наадмын үеэр БНСУ-ын допингийн эсрэг төв, ОУОСХ-ны эмэнлгийн комисстой хамтран сорилыг авч, Гванжу хот дах ВАДА -д бүртгэлтэй тусгай лабораторид шинжилгээний үр дүнг гарган мэдэгдэнэ.

“Титэм” вирус Универсиад наадмыг зохион байгуулахад нөлөөлөхгүй

БНСУ-д дэгдээд байгаа “Титэм” буюу Корона вирус нь Универсиад 2015 наадмыг явуулахад нөлөөлөхгүй болохыг Олон улсын оюутны спортын холбооны эмнэлгийн комиссоос 2015 оны 06 сарын 04-нд гаргасан мэдэгдэлд дурьджээ. Вирусын тархалтыг БНСУ-ын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хяналтандаа барьж байгаа юм. Энэхүү вирустэй холбоотойгоор БНСУ-ын хилээр орох тохиолдолд хяналт, шалгалтыг хатуу тавьж байгаа ба ОУ-ын байгууллагаас зөвлөмж бичгийг гаргажээ. Энэ талаарх ОУОСХ-ноос гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь МОСХ-ны вэб сайт, фэйсбүүк хуудснаас үзнэ үү.

Универсиадын түншүүд

Универсиад наадмын албан ёсны харилцаа холбооны түнш байгууллагаар харилцаа холбооны “SK” корпоарцийн Телеком компани, C and C компани, “Самсунг” корпараци, “КИА моторс” корпораци, банкны үйлчилгээг “Гванжу” банк, тээвэр зохион байгуулалтыг “Хьюндай Моторс” компани, иргэний агаарын тээвэрийн “АSIANA” корпораци, зэрэг БНСУ-ын хэд хэдэн томоохон байгууллагууд ивээн тэтгэн, хамтран ажиллаж байна. Түүнчлэн “Лотте” хоолны компани, “Блек Яак” спорт хувцасны компани, зэрэг олон арван байгууллага, компаниуд орсон байна.

Наадмын хуваарь, багийн тоглолтууд

Наадмын 18 тэмцээний цагийн хуваарь аль хэдийнээ гарч http://www.gwangju2015.com/sport-schedule-total/ вэб сайтад байрласан байна. Наадмын тэмцээнүүд 7 сарны 2-ны өдрөөс эхлэн хөлбөмбөг, усны бөмбөгийн спортын урьдчилсан тоглолтууд болно. Наадамд оролцох орнуудын төлөөлөгчдийн ахлагч нарын хурал 2015 оны 4 сарын 13-ны өдөр Гванжу хотноо болж наадмын бэлтгэл ажлын явц, байдлыг газар дээр нь үзэж, багийн спортын төрлүүдийн сугалаа болсон юм.

Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй баг эхний тоглолтоо Мексикийн багтай 07 сарын 04-нд Еонван спортын ордонд 14:30 цагаас хийнэ.

Тамирчдын хоол

Тамирчдыг тосгонд нэг ээлжиндээ 3534 хүн нэгэн зэрэг хооллох ресторанд 24 цагийн үйлчилгээтэй, Ази, Европ, олон үндэсний хоолоор үйлчилнэ. Харин тосгоноос хол тэмцээнтэй байгаа газруудад 7 сарын 02-13-нд /lunchbox/-ын захиалга авч хүргэх ажлыг зохион байгуулна. Хоол хийх, хүргэх асуудлыг БНСУ-ын мэргэжлийн томоохон компаниуд хариуцан ажиллаж байгаа ажээ.

Сайн дурын ажилтан

Универсиад наадамд сайн дураараа ажиллахаар дэлхийн 40 гаруй орны болон БНСУ-ны хот, мужуудаас 150,000 оюутнууд онлайнаар бүртгэл, хүсэлтээ явуулснаас ярилцлага, шалгалтанд тэнцэн 20,000 сайн дурын ажилтан, оюутнуудыг шалгаруулан авчээ. Тэдний тодорхой хувь нь БНСУ-ын төрөл бүрийн хотын ИДС-иас ирэх оюутнууд, төрийн бус байгуулгуудын сайн дурын ажилчид, иргэд сонгогджээ. Универсиад наадмын Гүйцэтгэх хорооны дэргэд Сайн дурын ажилтан нарын хороо 2014 оноос байгуулагдаж ийнхүү 1 жилийн дотор сонголтоо хийжээ. Сайн дурын ажилтанууд олон чиглэлийн ажил, үйл ажиллагаанд оролцохоор хуваарилагдсан байна. Үүнд: баг тамирчдтай ажиллах, тосч аван үдэн гаргах, хүндэт зочид, тамирчдын тосгон, нээлт хаалтын ажиллагаа, мандат бүртгэл, хэвлэл мэдээлэл зэрэг олон хэсэгт хуваагдан ажиллана. Олон зуун сонгогдсон сайн дурын ажилтанууд 2012 оны зуны олимп зэрэг бусад тив, дэлхийн томоохон наадмууд дээр ажиллаж туршлага судлан, дадлага хийж байсан гэнэ. Түүнчлэн “Универсиад”-ын өмнө Гванжу хотноо болсон олон зуун сорилт тэмцээнүүд дээр тэдгээр сайн дурын ажилтан, оюутнууд туршлага хуримтлуулсан байна.

Универсиад 2015 наадмын бамбарын аялал

Универсиадын бамбарын 2015 оны 05 сарын 18-нд Францын Сорбаны их сургуулиас асаан Тайвань, БНСУ-д аялаж байна. Бамбарын аялал Солонгосын 9 муж, газрын 17 хот, 66 байгууллагаар (үүнээс 57-н төрийн байгууллага, 9-н ИДС) зочлоно. Бамбарыг нийтдээ 3150 хүн дамжуулан залах явах юм. Тэдний дотор олимп, дэлхий, Универсиадын аварга олон тамирчид, алдартай улс төрч, бизнесмен хүн, энгийн иргэд, багш, оюутан, сурагчид байна. Аялал 07 сарын 03-нд Гванжугийн “Дэлхийн цом” цэнгэлдэх хүрээлэнд ирснээр өндөрлөнө. Бамбарын аялалыг Солонгосын “KBS” телевиз дамжуулан үзүүлэх эрхийг авчээ.

Билетийн борлуулалт сайн байна

Наадмын билетийн үнэ харьцангүй хямд байна. Учир нь иргэд ялангуяа оюутан залуусыг тэмцээн, наадмыг өргөнөөр үзүүлэх боломжыг зохион байгуулагч нар нээн өгчээ. Харин нээлт, хаалтын ёслолын арга хэмжээний билет нь арай өнөдр үнэтэй байгаа юм. Спортын төрлүүдээс сагсан бөмбөг, гандбол, бейсбол, хөлбөмбөг, жүдо, таэквондо, уран сайхны гимнастик, усан сэлэлтийн төрлүүдийн тэмцээний билет эрэлт хэрэгцээ ихээхэн өндөр байна. Учир нь эдгээр төрөлд БНСУ-ын алдартай од болсон олон тамирчид ирж оролцох тул нутгийн иргэд олноороо ирж үзэхээр захиалгаа өгч, билетээ худалдан авчээ. Билетийн борлуулалтыг онлайн хэлбэрээр хийж байгаа ажээ. Наадмыг БНСУ-ын олон хот, газруудаас ирсэн үзэгчид, жуулчид очиж үзэхээр төлөвлөсөн байна.

Универсиад 2015 наадмын мэдээллийг хэрхэн хүлээн авах вэ?

Универсиад наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг наадмын Зохион байгуулах хорооны портал сайт http://www.gwangju.com, Олон улсын оюутны спортын холбооны портал сайт www.fisu.net болон www.livefisu.tv сувгаар шууд үзэж болох ба Монголын оюутны спортын холбооны вэб сайт www.mssf.mn, болон тус холбооны фэйсбүүк хаяг: www.facebook.com/mongolianstudentsportsfederation орж мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн Монголын тамирчдын тухай мэдээллийг МҮОНРТ-ийн спортын нэвтрүүлгийн цагаар наадмын үеэд орой бүр 20:45 цагаас, MNC телевизийн спортын өдөр тутмын нэвтрүүлгээр, ТВ-9 телевизээр үзэх боломжтой юм. Мөн спортын www.ssport.mn спортын портал сайт мэдээллийг газар дээрээс нь шууд оруулна.

МОСХ-ны Ерөнхий НБДарга, доктор Д.Жаргалсайхан