УНИВЕРСИАД 2015 ИХ НААДМЫН ЦАНЫН АВАРГУУД ТОДОРЛОО



Монголын оюутны спортын холбоо, Монголын цанын холбоо хамтран Монголын оюутны спортын Универсиад 2015 их наадмын хүрээнд оюутан тамирчдын дунд цанын тэмцээнийг 2015 оны 12 сарын 26-27 нд Скай резорт цанын баазад амжилттай явуулж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийт 6 сургуулийн эрэгтэй 17, эмэгтэй 15 тамирчин хамрагдлаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МОСХ-ны ЕНБДарга Д.Жаргалсайхан, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, МУБИС-ийн УБТС-ийн захирал А.Энхмаа нар оролцлоо.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй, эмэгтэй 1,5 км-ийн спринтийн уралдаан болж эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг 4.05.84 амжилтаар ҮБТДС-ийн тамирчин Б.Бямбадорж, 2-р байрыг 4.07.98 амжилтаар ШУТИС-ийн тамирчин Амарсанаа, 3-р байранд 4.12.51 амжилтаар МУБИС-ийн тамирчин Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медалийг 5.00.47 амжилтаар ҮБТДС-ийн тамирчин Ариунтунгалаг, мөнгөн медалийг 5.30.14 секунд уралдаж Мон-Алтиус БТДС-ийн тамирчин Дэлгэрмаа, хүрэл медалийг 5.48.17 амжилттай МУБИС-ийн тамирчин Энхтуул хүртсэн.

Харин 3 км-ийн эрэгтэйчүүдийн буухиа багийн уралдаанд Мон-Алтиус БТДС, МУБИС, ҮБТДС-иуд эхний 3 байр, эмэгтэйчүүдийн төрөлд МУБИС, ҮБТДС, ШУТИС нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээний 2 дахь өдөр холын зайн уралдаанууд болсон бөгөөд эмэгтэй 5 км, эрэгтэй 10 км-ийн зайд уралдлаа. Энэ төрөлд нийт эрэгтэй 17 тамирчин, эмэгтэй 15 тамирчин өрсөлдөж, эрэгтэйчүүдийн 10 км-ийн шигшээ уралдаанд 8 тамирчин шалгарч, тамирчид өрсөлдөөнтэй уралдаж 35.32.61 секунд амжилтаар 2015 оны өвлийн универсиад наадмын оролцогч МУБИС-ийн тамирчин Б.Ачбадрах тэргүүлж, 36.25.41 амжилтаар ҮБТДС-ийн тамирчин Бямбадорж 2-р байр, 37.25.35 амжилтаар ШУТИС-ийн тамирчин Амарсанаа 3-р байранд шалгарсан. Эмэгтэйчүүдийн уралдаан мөн адил өрсөлдөөнтэй болсон ба тэргүүн байрыг ҮБТДС-ийн оюутан Ариунтунгалаг 22.01.31, 2-р байранд МУБИС-ийн тамирчин Энхтуул 22.39.03, 3-р байранд Мон-Алтиус БТДС-ийн оюутан Дэлгэрмаа 23.05.80 амжилтаар эхний 3 байранд шалгарсан.

Байгууллагын нэгдсэн дүнгээр 72 оноогоор МУБИС тэргүүн байр, 74 оноогоор ҮБТДС дэд байр, 119 оноогоор Мон-Алтиус БТДС 3 дугаар байр эзэлж Универсиад 2015 их наадмын алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, Монголын цанын холбооны тусгай шагналаар шагнуулсан юм. Энэхүү тэмцээнийг оюутнуудын дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх, тэр дундаа өвлийн спортыг хөгжүүлэх үүднээс жил бүр уламжлан болгон зохион байгуулахаар боллоо.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО