“ УНИВЕРСИАД-2015 ” ДҮНГЭЭР СПОРТЫН ШИЛДЭГ 6 СУРГУУЛЬ ШАЛГАРЛАА



Монголын Оюутны спортын “Универсиад-2015” их наадам спортын 13 төрлөөр 2015 оны 01 дүгээр сарын 27-ноос Жүдо бөхийн төрлөөр эхэлж 2015 оны 05 дугаар сарын 09 -нд нийтийн гүйлтийн тэмцээнээр өндөрлөлөө. Наадмын анхан шатны болон шигшээ тэмцээнүүдэд 13 төрлөөр явагдан хот, орон нутгийн 50 их дээд сургууль, коллежын 25000 гаруй оюутан тамирчид, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн үндэсний “Универсиад-2015” их наадам жүдо бөх, волейбол, сагсан бөмбөг, гандбол, заалны хөлбөмбөг, аэробик, шатар, ширээний теннис, таэквондо, чөлөөт бөх, спорт аялал, модон бөмбөг, нийтийн гүйлт зэрэг оюутан залуучуудын идэвхитэй хичээллэж, сонирхолыг нь татаж байгаа спортын төрлүүд орсон ба сүүлийн жилүүдэд зохиогдоогүй нийтийн гүйлтийн тэмцээнийг явуулсанаараа чухал онцлогтой тэмцээн болов. Наадмын шигшээ тэмцээний нэгдсэн дүнгээр:

  • -Нэгдүгээр байранд Б.Очирбат захиралтай ШУТИСургууль
  • -Хоёрдугаар байранд Л.Алтанцэцэг захиралтай Үндэсний БТДСургууль
  • -Гуравдугаар байранд Д.Мөнхжаргал захиралтай МУБИСургууль
  • -Дөрөвдүгээр байранд Т.Хэрүүга захиралтай ХААИСургууль
  • -Тавдугаар байранд Д.Намжилмаа захиралтай Мон-Алтиус БТДСургууль
  • -Зургаадугаар байранд С.Баатаржав захиралтай ХСИСургуулиуд эхний байранд орлоо.

Энэ удаагийн наадмын аваргуудын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2015 оны 05 дугаар сарын 23 ны өдөр МУБИС-ийн УБТСургууль дээр боллоо. Универсиад 2015 наадмын ёслолын ажиллагаа нь Улаанбаатар хотноо болсон АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хуралтай давхцан нэгэн хугацаанд явагдснаараа чухал онцлогтой болов.

Энэхүү ёслолын арга хэмжээнд МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан, ОУОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын ОСХ-ны Ерөнхийлөгч, Москва хотын БТС-ын их сургуулийн ТУЗ-ийн дарга, академич, доктор, профессор О.В. Матыцин, Европын ОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Польшын иргэн Адам Розек, АОСХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Арабын орнуудын ОСХ-ны Ерөнхийлөгч, АНЭУ-ын иргэн, доктор Омар Ал-Хай, ОУОСХолбоо болон Азийн ОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, олимпийн аварга, Японы иргэн Хисато Игараши, Олон улсын спортын ИДС-ийн холбооны Ерөнхийлөгч, Казакстаны Биеийн тамир, аялал жуулчлалын Академийн Ерөнхийлөгч Кайрат Закирьянов нарын зэрэг Ази тивийн олон орны нэр хүнд бүхий ИДС-ийн ректор, захирлууд, спортын зүтгэлтнүүд уригдан ирж их наадмын эхний 6-н байранд орсон сургуулиудад шагналыг нь биечлэн гардуулж өгсөн нь тэмдэглүүштэй сайхан үйл явдал боллоо.

Үндэсний “Универсиад-2015” их наадмын аваргуудаас сонгон БНСУлсын Гванжу хотноо 2015 оны 07 сарын 3-14-нд болох Дэлхийн Оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд оролцох эрх олгосон юм. Тиймээс Универсиадын үндэсний тэмцээнүүд шалгуур өндөртэй, өрсөлдөөн ихтэй болж өнгөрлөө. Мөн ИДСКоллежийн тамирчид багийн нэгдсэн дүнгээр ч ойрхон өрсөлдөв. МОСХолбоо “Универсиад-2015” их наадмыг дээрх төрлүүдийн 13 спортын холбоодуудтай хамтран зохион явуулсан, ИДС-ийн спортын заал танхимыг ашиглан явуулав. Энэ дашрамд Универсиад 2015 наадмыг дэмжин ажилласан ЭМСЯам, БСШУЯам, БТС-ын хөгжлийн төв, спортын холбоод, их, дээд сургуулиудын удирдлага, хамт олонд МОСХ-ноос гүн талархалаа илэрхийлж байна.

Универсиад наадмын шагнал гардуулах ёслолд оролцсон ИДС-ийн удирдлага, багш, оюутнуудад зориулан “Азийн оюутны спортын хөдөлгөөний хөгжил, үйл ажиллагааны тухай” лекцийг АОСХ-ны аудитор, БНСУ-ын Сөүлийн Спортын их сургуулийн профессор Хан Бон Ён уншиж харилцан санал бодлоо солилцсон үйл явдал болж өндөрлөсөн юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО