Универсиад наадмын байт харвааны тэмцээн үргэлжилж байна



Универсиад наадмын байт харвааны тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаас 12 тамирчин цэц мэргэнээ сорьж байна.

Дэлхийн оюутны зуны универсиад наадмын байт харвааны тэмцээн Гванжу хотын Олон улсын байт харвааны төвд болж байна. Энэ удаагийн тэмцээд манай улсаас 12 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа юм. Баг тамирчдын дасгалжуулагчаар Монголын Байт харвааны холбооны ерөнхий менежер Б.Цэцэгээ, “Добу мэргэн” клубын дасгалжуулагч П.Жамъянгомбо, “Нийслэл Өргөө” клубын дасгалжуулагч Ж.Отгон нар ажиллаж байна. 07 дугаар сарын 04-ний өдөр Универсиад наадмын байт харвааны тэмцээн эхэлж ганцаарчилсан төрлийн кампаунд, рекурив ангиллын урьдчилсан өрсөлдөөн явагдлаа. Харин ням гарагт буюу тэмцээний хоёр дахь өдөр кампаунд төрөлд багийн харваа болсон юм. Тэгвэл 07 дугаар сарын 06-ны өдөр рекурив төрөлд шигшээ харваа болон багийн харваа болно.

Монгол улсын баг тамирчдаас энэ сарын 06-ны өдөр рекурив төрөлд эмэгтэйчүүдээс “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Ариунбилэг, “Добу мэргэн” клубын тамирчин, спортын мастер Ж.Дагийжанчив, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Буд-Алтай нар өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдээс энэ төрөлд “Нийслэл өргөө” клубын тамирчин, ОУХМ Б.Отгонболд, “Хангарьд” спорт клубын тамирчих, спортын мастер Н.Энхсайхан нар цэц сорьж байгаа юм. Харин бусад тамирчид буюу эмэгтэйчүүдээс “Хангарьд” клубын тамирчин, спортын мастер Б.Аззаяа, “Добу мэргэн” клубын тамирчин О.Буянжаргал, мөн энэ клубын тамирчин Т.Гончигсүрэн, эрэгтэйчүүдээс “Добу мэргэн” клубын тамирчин Ж.Тулга, Багануур дүүргийн тамирчин Ж.Содномпил, Ч.Амарбат нар ням гарагт кампаундын төрөлд өрсөлдлөө. Универсиад наадмын байт харвааны тэмцээн 07 дугаар сарын 08-ны өдөр өндөрлөнө.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО