УНИВЕРСИАДЫН УУЛЫН ЦАНЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО


Бардонеккиа тосгоны уулын цанын баазад болсон Универсиад наадмын уулын цанын слаломын эмэгтэйчүүдийн төрөлд Монголын 2 тамирчин орж өрсөлдлөө. Тэмцээний эхний гараанд А.Сондорбаяр нь 1:03.83 мин амжилтаар 59 дүгээр байрт орсон бол А.Итгэл нь 1:09.92 мин цагийн үзүүлэлтээр 60 дугаарт байрт багтлаа. 

Энэ гараанд нийтдээ 86 тамирчин өрсөлдсөн юм. Үдээс хойш болсон тэмцээний 2 дугаар гараанд манай тамирчид орж уралдлаа. Энэ гараанд А.Сондорбаяр нь 58.35 сек амжилт үзүүлсэн бол А.Итгэл нь 1:08.01 мин цагийн амжилт гарган өмнөх гарааны цагаасаа сайн үзүүлэлттэй уралдлаа. 

Тэмцээний 2 гарааны нийлбэр үзүүлэлтээр А.Сондорбаяр нь 2: 02.18 мин амжилтаар тэмцээний 54 байрт шалгарсан бол А. Итгэл нь 2:17.93 мин үзүүлэлтээр 56 дугаар байрт орсон амжилтыг гарган Монголын эмэгтэй тамирчид наадмын тэмцээнүүдээ өндөрлүүлсэн байна.