Универсиадын модон бөмбөгийн тэмцээн эхэллээ
Монголын оюутны спортын Универсиад 2015 наадмын тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна. Наадмын Модон бөмбөгийн тэмцээн 2015 оны 05 сарын 08-ны өглөө 09:00 цагт Гачуурт тосгоны Монгол шилтгээн амралтын баазын модон бөмбөгийн талбайд нээлтээ хийв. Тэмцээнд 10 их, дээд сургууль коллежийн 105 тамирчид оролцож байгаагаас хөдөө орон нутгаас Ховд аймгийн ХИС, Говь-алтай аймгийн АШУҮИС, Дархан хотын ШУТИС- иуд оролцож байгаагаараа онцлог болж байна. Тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо, Монголын Модон бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж, олон улс, улсын зэрэгтэй шүүгчид удирдан явуулж байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын Модон бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Гүндэгмаа нарын албаны хүмүүс, ИДС-ийн багш, дасгалжуулагч нар оролцлоо. Нээлтийн үеэр ЭМС-ын сайдын 2015 оны 04 сарын 27-ны тушаалаар модон бөмбөгийн спортын мастер, дэд мастерийн цол, зэрэг хүртсэн Б.Цэрэнбат, Н.Дорлигжав, Б.Ариунсүх, П.Отгонпүрэв нарын зэрэг 10 орчим тамирчидад спортын дэд мастерын үнэмлэхийг гардуулан өглөө.
Тэмцээн эхний өдөр буюу 05 сарын 08-нд модон бөмбөгийн тамирчид ганцаарчилсан эрэгтэй төрөлд 55 тамирчин, эмэгтэй төрөлд 52 тамирчин гараанаас гарлаа. Энэ өдөр тамирчид 12 зам дээр 2 удаа буюу 24 зам дээр тоглолт хийж байна. Эхний 12 замын дараа ХААИС, ШУТИС-ийн баг тамирчид тэмцээнийг тэргүүлж, амжилттай тоглосон юм. Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй тоглолт дууссаны дараа багийн дүнг энэ төрөлд амжилттай тоглосон 4 тамирчны нийлбэр онооны дүнгээр гаргана.
Харин тэмцээний 2 дах өдөр тамирчид хос, холимог хос, талбайн цохилтын ганцаарчилсан төрөлд 12 замд өрсөлдөн дүнгээ гаргана. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон сургуулиуд нь өнгөрсөн хугацаанд явагдсан Универсиад их наадмын 11 төрлийн тэмцээн дээр нэмэгдэн тухайн сургуулийн баг тамирчидын нийлбэр оноон дээр нэмэлт оноо авах юм. Модон бөмбөгийн төрөл нь Универсиадын сүүлчийн төрөл учраас багийн оноогоо ахиулах боломжийг тэдэнд олгож байна.
Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчид 2015 оны 06 сарын 12-28-нд Тайландын Бангкок хотноо болох Азийн аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн болон Тайландын нээлттэй 9 дүгээр тэмцээнд шалгаран оролцох юм.
Б.Баянбулаг