Универсиадын волейболын тэмцээн эхэллээ.



Монголын Оюутны Универсиад их наадмын волейболын тэмцээн МУИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрны биеийн тамирын зааланд эхэллээ. Тэмцээн 2015 оны 03-р сарын 02-07-нд үргэлжилнэ. Наадмын тэмцээнд 15 их, дээд, сургууль, коллежийн эрэгтэй 15 баг, эмэгтэй 11 багийн нийт 312 тамирчин оролцож байна.

Энэ удаагийн Универсиад наадмын үеэр Монголын баг тамирчдын дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцсны 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа болж байна. Иймээс тус тэмцээний нээлтэнд 1965 онд Унгарын Будапешт хотод болсон Дэлхийн оюутны Универсиад IV дүгээр их наадамд оролцож байсан төлөөлөгчид оролцлоо.

Унгар улсад 1965 онд болсон энэ наадамд Монголын оюутан залуучууд эмэгтэй, эрэгтэй волейболын спортын төрөлд оролцож байсан юм. Иймээс тус наадмын волейболын тэмцээнд оролцож байсан ахмад тамирчид Ц.Шоовдор, П.Хандсүрэн, Х. Хулдаа, Я.Отгонсүрэн, Д.Нарангэрэл нарын зэрэг хүмүүс үндэсний оюутны Универсиад 2015 наадмын волейболын тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцон, залуу тамирчидтайгаа уулзан, тэмцээний үйл ажиллагааг үзэж сонирхолоо.