УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
2009 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 95
Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.
2."Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого"-ын зорилтыг ханган биелүүлэх цогц хөтөлбөр боловсруулж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Арвин/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2009
оны 95 дугаар тогтоолын хавсралт
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО
Нэг. Нийтлэг үндэслэл
Дэлхийн улс орны хотжилт, техник, технологийн хөгжилтэй холбоотойгоор суурин иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөн улс орнууд биеийн тамир, спортыг дэмжих замаар хүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд хүн амын 70 гаруй хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2005 онд хийсэн шатчилсан судалгаагаар хүүхэд, өсвөр үеийнхний 80.2 хувь нь бие бялдрын хөгжлийн хувьд "С" буюу түүнээс доош үнэлгээтэй, өөрөөр хэлбэл, тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд хүрэхгүй, 15-34 насны хүн амын бие бялдрын хөгжлийн үзүүлэлт 35-64 насныхны үзүүлэлтийн дундаж түвшингээс доогуур гарчээ.
Улсын хөгжлийг даган хүн амын амьдралын хэв маяг болон хөдөлмөр эрхлэлт, соёл, иргэншилд гарч байгаа өөрчлөлт нь хүний идэвхтэй хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчлөл, эндэгдэл нэмэгдэхэд хүргэж байна.
Даяаршлын өнөө үед тив, дэлхийн спортын тавцанд Монголын тамирчдын үзүүлж байгаа амжилт нь тусгаар тогтнолоо бататгах, эх орныхоо хөгжлийн түвшинг илэрхийлэн сурталчлахад онцгой ач холбогдолтой билээ. Түүнчлэн биеийн тамир, спортыг бүх байгууллага, аж ахуйн нэгж дэмжин хөгжүүлэх нь хувь хүний хөгжлийг хангах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, аюулгүй, нийгэм-эдийн засгийн үр ашигтай аргын нэг юм.
Иймээс хүн амд үзүүлэх биеийн тамир, спортыг Монгол орны нөхцөл байдал, хүн амын хэрэгцээ, онцлогт нийцүүлэн хөгжүүлэх, оюуны болон бие бялдрын өв тэгш хөгжилтэй, хөдөлмөрийн бүтээмж сайтай иргэдтэй байж, биеийн тамирыг хувь хүний хэрэглээ, хамт олон, байгууллагын дүр төрх болгох шаардлагатай байна.
Эдийн засаг, нийгмийн салбарт биеийн тамир, спортын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, хөгжих нөөц боломжийг эрхэмлэн үзэж, хүний хөгжлийн гол хүчин зүйл болохыг нь онцлон "Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого"(цаашид "бодлого" гэх)-ыг тодорхойлов.
Энэхүү бодлогын цөм нь нийтийн биеийн тамир байх бөгөөд биеийн тамир, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон орон даяар өрнүүлэх, түүний шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хүн амын ажил, амьдралын салшгүй хэсэг болгох, улмаар Монгол хүний дундаж наслалтыг уртасгах зорилготой юм.
Энэхүү бодлого нь биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлсон үндсэн баримт бичиг юм.
Хоёр. Бодлогын зорилго, баримтлах зарчим
2.1.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг, амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, тамирчдын спортын амжилтыг тив, дэлхийн түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэхэд бодлогын зорилго оршино.
2.2.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
2.2.1.биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын гол чиглэл нь нийтийн биеийн тамир байх;
2.2.2.биеийн тамир, спортын бодлого, арга хэмжээ нь бүх шатны биеийн тамир, спортын байгууллага болон төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжих;
2.2.3.иргэдэд биеийн тамирын хүмүүжил, боловсрол олгох үйл явц шинжлэх ухааны үндэслэлтэй, тасралтгүй, залгамж шинжтэй байх;
2.2.4.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хөгжүүлэхдээ биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын бие даасан, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах;
2.2.5.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагаа, санхүүжилтийг архи, тамхи болон хууль бус бусад асуудлаас ангид байлгах.
Гурав. Бодлогыг хэрэгжүүлэх зорилт
3.1.Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүй хэсэг болгон чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох бодлогын хүрээнд дараахь зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ:
3.1.1.хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжил, соёлыг дээшлүүлэх, тэднийг биеийн тамирын хичээл, секц, дугуйланд тогтмол, тасралтгүй хамрагдан хичээллэх үндсэн нөхцөл болсон заал, танхим, хэрэглэл, материал, техник, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх;
3.1.2.хүн амын бүлэг, нас, ажил, амьдралын онцлог зэрэгт нийцсэн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжих, иргэдийг амралт, чөлөөт цагаараа ажлын байр болон амьдрах орчиндоо биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтээр хичээллэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх;
3.1.3.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийг бүх нийтийн хөдөлгөөн болгох, олон улсын стандартын шаардлагад нийцсэн заал, талбай барьж байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн заалыг шинэчлэх зэрэг нийтийн ашиг сонирхолд нийцсэн ажил, үйлчилгээ эрхлэх талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гарсан санал, санаачилгыг дэмжих;
3.1.4.олон улсын стандартын шаардлагад нийцсэн заал, талбайг улс, бүсийн хэмжээнд спортын тодорхой төрлөөр төрөлжүүлэн барих, ерөнхий боловсролын сургуулийн заал, талбайн стандартыг шинэчлэх, биеийн тамирын заал, талбайгүй сургуулиудыг заал, талбайтай болгох;
3.1.5.хүн ам, ялангуяа хөдөлгөөний хомсдолтой иргэд, ахмад настны дунд биеийн тамир, дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх явдлыг дэлгэрүүлэх, чийрэгжүүлэх техник хэрэгсэл, тоноглолын хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх;
3.1.6.хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах.
3.2.Тамирчдын ур чадварыг ахиулах, дасгалжуулалт, сургалт, тэмцээний шаталсан тогтолцоог бүрдүүлж, спортыг хөгжүүлэх, тамирчдыг олимп, тивийн наадам, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадвартай болгох бодлогын хүрээнд дараахь зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ:
3.2.1.олимп, тивийн наадам, дэлхийн түвшинд хүрсэн спортын төрлүүдийг төрөөс дэмжихийн зэрэгцээ хүүхэд, залуучуудын спортын авьяасыг илрүүлэх, олноор нь хамруулж, хамт олонч хүмүүжил төлөвшүүлж, багийн болон улс орныхоо төлөө зүтгэх эрмэлзлийг төрүүлдэг багийн спортын төрлүүдээр хичээллэх, тэмцээн зохиох, хамрагдан оролцохыг дэмжих;
3.2.2.биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд спортын холбоо, клубын тогтолцоог дэмжиж, шилдэг тамирчдын залгамж халаа бэлтгэх шаталсан тогтолцоог боловсронгуй болгох, холбоодын болон үндэсний шигшээ багийн тамирчдын сургалт, дасгалжуулалтад дэмжлэг үзүүлэх;
3.2.3.спортын цол, зэрэг, тамирчид, дасгалжуулагчдын урамшууллыг тэдний хариуцлага, ёс зүйтэй холбох талаар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
3.2.4.олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцон медаль хүртэж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасан тамирчин, дасгалжуулагчид олгох урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх;
3.2.5.биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтан, арга зүйч, багш, дасгалжуулагчдыг гадаад, дотоодод бэлтгэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх тасралтгүй сургалтын тогтолцоог хөгжүүлж, төрийн болон мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн тогтолцоог нэвтрүүлэх.
3.3.Спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааныг хөгжүүлж, биеийн тамираар хичээллэгсэд болон тамирчдын амжилтыг ахиулах бодлогын хүрээнд дараахь зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ:
3.3.1.спортын анагаах ухааны төвтэй болох, биеийн тамир, спортын эрдэм шинжилгээ, судалгаа, үндэслэл, нотолгоонд тулгуурласан сургалт, дасгалжуулалтыг хөгжүүлэн тамирчдын бэлтгэлийн түвшинг олон улсын жишигт хүргэх;
3.3.2.биеийн тамир, спортын шинжлэх ухааны ажилтан, спортын анагаах ухааны эмч, илээч, сэтгэл зүйч, хоол зүйч, арга зүйчийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог сайжруулах;
3.3.3.спорт нь "сэргээшгүй, шударга өрсөлдөөний талбар" гэсэн ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх.
3.4.Биеийн тамир, спортын салбарт төрийн ба төрийн бус байгууллагын зохистой түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог бий болгох бодлогын хүрээнд дараахь зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ:
3.4.1.биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь спортын холбоод, биеийн тамир, спортын бусад байгууллагын ажлын уялдаа холбоог хангаж, биеийн тамир, спортын төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
3.4.2.гадаад улсын тусламж, олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг биеийн тамир, спортын материаллаг баазыг бэхжүүлэхэд чиглүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
3.4.3.спортод тулгуурласан стратегийн түншлэлийг бий болгон гадаад, дотоодын бизнесийн байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, биеийн тамир, спортыг дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх замаар биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх;
3.4.4.биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, мэдээлэл, удирдлагын тогтолцоог сайжруулах;
3.4.5.нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, стратегийн түншлэлийг бий болгох зорилгоор архи, тамхины онцгой албан татварын тодорхой хувийг Эрүүл мэндийг дэмжих санд хуваарилан, өөрийн эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж, биеийн тамир, чийрэгжүүлэлтээр тогтмол хичээллэдэг иргэд, мөн хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр биеийн тамир, чийрэгжүүлэлтийн ажил, үйлчилгээг эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийг дэмжих тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
3.4.6.нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтээр тогтмол хичээллэдэг, мөн хүн амын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх чиглэлээр биеийн тамир, чийрэгжүүлэлтийн ажил, үйлчилгээг эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийг тухайн жилд Эрүүл мэндийн даатгалын сангийн эмчилгээ, үйлчилгээнд зарцуулах зардлаас тодорхой хувиар урамшуулах тогтолцоог бүрдүүлэх.