Тэшүүрийн оюутны дэлхийн аваргад амжилттай оролцлоо



Казакстан улсын Алмата хотноо 2014 ны 12 дугаар сарын 18-22 өдрүүдэд болсон Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Тэшүүрийн тэмцээнд монголын баг тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд Монгол, Итали, Польш, Нидерланд, ОХУ, Норвеги, Белорус, Тайвань, Эстони, Финлянд, Казакстан зэрэг 12 орчим орны 100 орчим баг тамирчид оролцлоо.

Тус тэмцээн нь 500м, 1000м, 1500м, 300м, 5000м 10000 метрийн болон нийтийн гараа, 5 төрлөөр мөн эмэгтэй, эрэгтэй багийн төрөлд алдарт "Медеу" тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнд зохиогдлоо.

Манай тамирчин А.Энх-ариун анхны гараагаа эмэгтэйчүүдийн 1500 метрээр эхлүүлэн 19 тамирчнаас 17 байранд 2:23.77 минутын амжилт үзүүлэн хувийн дээд амжилтаа тогтоосон бол энэ зайд Польш, Белорус, ОХУлсын бүсгүйчүүд эхний байруудыг эзэлсэн байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн 1000 метрын зайд Б.Тулга 1:21.28 минутын амжилт үзүүлэн 23 байранд орж, хувийн дээд амжилтаа бататгасан бол энэ зайд Итали, Польш, Казакстаны тамирчид тэргүүллээ. Харин тэшүүрийн тамирчдын тэсвэр тэвчээрийг шалгадаг холын зайн төрлүүдийн нэг болох 5000 метрийн зайд Б.Тулга маань 8:21.70 гэсэн амжилт үзүүлэн барианд оров. Энэ зайд Польшийн тамирчид I, III-р байранд орж илүүрхсэн бол II-р байрыг Италийн тамирчин эзэллээ.

Эмэгтэй багийн төрөлд Польш 3:12.75, ОХУ 3:17.22, Нидерландын бүсгүйчүүд 3:22.45 гэсэн амжилттай эхний байруудыг эзэлсэн байна.

Дараагийн 2016 оны Оюутны дэлхийн аварга шалгаруулах Тэшүүрийн тэмцээн Итали улсын Трентино мужийн Басселга ди Пине хотод явагдах юм.

Б.БАЯНБУЛАГ