СПОРТЫН ШИЛДЭГ СУРГУУЛИАР МУБИС ТОДОРЛОО
Монгол Улсын их, дээд сургууль дотроос хамгийн шилдэг спортын сургуулиар МУБИС-ийн хамт олон шалгарлаа. Монголын оюутны спортын холбооноос спортын 10 төрлөөр оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 онд зохион байгуулаа.
Монголын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний (УАШТ) хаалтын нэгдсэн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2016 оны 5 дугаар сарын 19 нд 11:00 цагаас Спортын төв ордны 4 давхрын хурлын танхимд болов. Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсын спортын шилдэг 6 их, дээд сургуулиудыг шалгаруулан хүндэт өргөмжлөл, цом, дурсгалын медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.
Спортын шилдэг их дээд, сургуулийг 10 спортын төрөлд бага онооны журмаар дүгнэхэд:
-Нэгдүгээр байрт доктор Д.Мөнхжаргал захиралтай МУБИС 89 оноогоор
-Хоёрдугаар байрт доктор Л.Алтанцэцэг захиралтай Үндэсний БТДСургууль 94 оноогоор
-Гуравдугаар байрт профессор Б.Очирбат захиралтай ШУТИСургууль 96 оноогоор
-Дөрөвдүгээр байрт МУГТамирчин Д.Намжилмаа захиралтай Мон-Алтиус БТДС 107 оноогоор
-Тавдугаар байрт профессор Т.Хэрүүга захиралтай ХААИС 125 оноогоор
-Зургаадугаар байрт Л.Гэрэлт-од захиралтай Монголын Үндэсний их сургууль 134 оноогоор эхний байруудад тус тус шалгарлаа.
Оюутны УАШТэмцээнүүд жүдо бөх, гандбол, волейбол, шатар, таэквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, чөлөөт бөх, заалны хөлбөмбөг, модон бөмбөг зэрэг 10 төрлөөр явагдаж нийслэл болон орон нутгийн 40 их, дээд сургуулийн 2500 гаруй оюутан тамирчин оролцож, 154 багш, дасгалжуулагч хамрагдан, 100 шүүгч тэмцээнийг зохион байгуулж нийтдээ 2754 хүн энэхүү арга хэмжээнд хамрагдан оролцлоо.
Монгол улсын оюутны УАШТ-нүүдээс шалгарсан тамирчид 2016 оны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхийг гардан авсан юм. Хамгийн түрүүнд шатрын оюутан тамирчид 04 сарын 09-15 нд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон оюутны ДАШТэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Мөн 2016 оны 03 сарын 16-20 нд Филиппиний Тагаятая хотноо болсон дугуйн аварга шалгаруулах тэмцээнд оролцож ОУХМ Э.Марал-эрдэнэ ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн сайхан амжилт үзүүлсэн юм.Түүнчлэн 10 сард Тайваны Тайпей хотод модон бөмбөг, Туркын Корум хотод чөлөөт бөхийн төрлөөр оюутны дэлхийн аваргад оролцоно. Үүнээс гадна Монголын баг тамирчид 2016 онд байт харваа, бокс, буудлага, хүндийн өргөлт, самбо бөх, 3х3 сагсан бөмбөг, гольфийн төрлөөр оюутны ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна.
Оюутны УАШТ-ний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан, БТСХТөвийн захирал, доктор Д.Жаргалсайхан, МОСХ-ны гүйцэтгэх захирал Б.Баатар нарын албаны хүмүүс, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, спортын шилдэг их, дээд сургуулиар шалгарсан их дээд сургуулийн захирал, удирдлагууд эрдэмтэн багш нар, дасгалжуулагч, оюутан тамирчид, төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлүүд энэхүү арга хэмжээнд оролцлоо.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО