Оюутны 2014 оны шилдэг тамирчид шалгарав



Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ) уламжлал ёсоор 1993 оноос эхлэн жил бүр "Оны шилдэг оюутан тамирчин"-ыг шалгаруулдаг бөгөөд энэ онд 21 дахь удаагаа 2014 оны шилдэг оюутан тамирчид, дасгалжуулагчыг шалгаруулах ёслолыг Спортын төв ордонд 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Монголын оюутан тамирчид 2014 онд дэлхийн оюутны аварга шалгаруулах (оюутны ДАШТ) таэквондо, гольф, байт харваа, чөлөөт бөх, шатар, бокс, буудлага, модон бөмбөг, тэшүүрийн 9 төрлийн тэмцээнүүдэд баг тамирчидаа амжилттай бэлтгэн оролцуулж 1 алт, 3 мөнгө, 13 хүрэл медаль нийтдээ 17 медаль хүртэн өндөр амжилт гаргав. Үүнээс: чөлөөт бөх- 1 алт, 2 мөнгө, бокс- 1 мөнгө,5 хүрэл, буудлага- 1 мөнгө, 4 хүрэл, шатар- 1 мөнгө, модон бөмбөг-2 хүрэл медаль тус тус хүртсэн билээ. Тамирчдыг бэлтгэн оролцуулахад МОСХ-той ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төв, Үндэсний шигшээ баг, Спортын холбоод идэвхтэй хамтран оролцлоо.
Шилдэг оюутан тамирчидаар чөлөөт бөхийн Т.Түвшинтулга, шатрын Б.Мөнгөнтуул, буудлагын Т.Баярцэцэг, боксын Н.Ариунболд, модон бөмбөгийн Э.Энхтүвшин нарын 5 тамирчинг шалгаруулав. Шилдэг дасгалжуулагчаар Үндэсний БТДС-ийн багш Ц.Баярсайхан шалгарсан юм.
Шилдэг оюутан тамирчдын өргөмжлөл, үнэ бүхий зүйлс, шагналыг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х. Батсайхан нар гардуулан баяр хүргэж амжилт хүслээ.
"Шилдгийн шилдэг" оюутан тамирчин: Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга нь Унгар улсын Печь хотноо 7 дугаар сарын 07-13- нд зохиогдсон дэлхийн оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 61 кг жинд алтан медаль хүртсэн амжилтаараа 2014 оны "шилдгийн шилдэг" оюутан тамирчнаар тодорлоо. Тэрээр Болгар, Киргизстан, Турк, АНУ зэрэг орны бөхчүүдийг дараалан ялсан юм. Т.Түвшинтулга нь гадаадад зохиогдсон оюутны чөлөөт бөхийн ДАШТэмцээнээс анх удаагаа алтан медаль хүртсэн тамирчин болсон билээ.
Шилдэг оюутан тамирчин: Шатрын их мастер, МУГТамирчин Б.Мөнгөнтуул нь Польшийн Катовице хотноо 2014 оны 8 сард зохиогдсон Дэлхийн оюутны шатрын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд 26 тамирчинтай 9 өрөг өрсөлдөн 6 оноогоор амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн амжилтаар 2014 оны шилдэг оюутан тамирчинаар шалгарлаа.
Шилдэг оюутан тамирчин: Буудлагын олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг Арабын нэгдсэн Эмират улсын Ал Айн хотноо энэ оны 10 дугаар сарын 8-12 ны өдрүүдэд зохиогдсон Оюутны дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд 25 метрийн спорт гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэн 2014 оны шилдэг оюутан тамирчнаар тодорлоо. Энэ төрөлд 13 орны 70 тамирчидтай өрсөлдөн 579 оноогоор дэлхийн түвшинд хүрсэн өндөр амжилт үзүүлсэн билээ.
Шилдэг оюутан тамирчин: Боксын тамирчин, спортын мастер Г. Ариунболд нь ОХУ-ын Якутскийн БНУ-д 2014 оны 09 сарын 07-14-нд болсон дэлхийн оюутны аваргын боксын тэмцээний 49 кг жинд оролцон эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Казакстаны тамирчин, дэлхийн болон азийн аварга Баянюзов Олзнастай амжилттай сайн тоглож, ялалт байгуулан мөнгөн медалийн болзол хангасан юм. Тэрээр 3-р тойрогт дэвжээний эзэн Якутийн шилдэг тамирчин, дэлхийн аваргын хүрэл, 2014 оны Европын аваргын мөнгөн медаль, 2014 оны ОХУ-ын аварга В.Егоровтой 3 үеийн турш ширүүн өрсөлдсөн боловч зохион байгуулагч орны тамирчин ялалт байгуулсан юм.
Шилдэг оюутан тамирчин: Модон бөмбөгийн 2014 оны оюутны болон улсын аварга Э. Энхтүвшин нь Малайзын Перлис хотноо 2014 оны 10 дугаар сарын 20-26 нд зохиогдсон Оюутны дэлхийн аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээний талбайн цохилтын ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцон анхны хүрэл медаль хүртэн 2014 оны шилдэг оюутан тамирчнаар тодорлоо. Энэ төрлийн тэмцээнд 13 тамирчин оролцсоноос Э.Энхтүвшин эхний тойрогтоо Тайваны тамирчин Лин Юун Антай таарч хожиж, шилдэг 8 тамирчны тоонд багтан улмаар сугалаагаар гоц мөргөн хүрэл медалийн болзол хангав. Тэрээр мөнгөн медалийн төлөө Тайландын Жирапорн Чинпикдеетэй тоглон 5:2 харьцаагаар хожигдон хүрэл медаль хүртэв.
Оюутны шилдэг дасгалжуулагч: Чөлөөт бөхийн оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Ц.Баярсайхан нь Унгарын Печь хотноо 2014 оны 07 сард болсон Дэлхийн оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд баг тамирчидаа амжилттай удирдан 1 алт, 2 хүрэл медаль авахуулж бэлтгэн оролцуулсан ба баг тамирчдаа дэлхийн түвшинд хүргэсэн амжилтыг үнэлэн МОСХ-ны 2014 оны шилдэг дасгалжуулагчаар шалгаруулсан юм.

Ц.Уранчимэг