ОЮУТНЫ “УНИВЕРСИАД-2017” БҮСИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “Универсиад-2017” уламжлалт XX их наадам Ховд хотод эхэллээ.
Наадамд МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, Ховд ИС, Ховд аймгийн “Хөгжил” политехник коллеж, Увсын Хөдөлмөрийн дээд сургууль, ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон БНХАУ-ын Күнзийн институт, ОХУ-ын Тувагийн ИС-ийн нийтдээ 8 байгууллагын 250 гаруй төлөөлөгч оролцож, спортын 6, урлагийн 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ын төлөө ур чадвараа сорихоор Ховд аймаг цуглараад байна.
Наадмын нээлтийн үйл ажиллагаанд наадамд оролцогч сургуулийн захирал, төлөөлөгч нар болон МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Ховд ИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Доктор, дэд профессор В.Сайнбаяр, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан, Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүх нар оролцож наадамд оролцогчдод баяр хүргэж үг хэлсэн. Мөн энэ үеэр тамирчин, шүүгчийн тангараг өргөх ёслол боллоо. Нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд зориулж Ховд ИС-ийн авьяаслаг оюутнууд Морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэсэн.
Наадмын эхний өдөр эрэгтэй, эмэгтэй волейболын тэмцээн, шатрын тэмцээнүүд дөрвөн спортын танхимд зэрэг явагдаж, урлагийн төрөл, оюутан миссийн тэмцээн Ховд аймгийн Хөгжимт драмын театрт явагдаж наадмын эхний өдрийн арга хэмжээ өндөрлөнө.
Дараагийн өдөр модон бөмбөг, ширээний теннис, сагсан бөмбөг болон Оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно. “Универсиад-2017” наадамд оролцож байгаа нийт баг тамирчиддаа урлаг, спортын өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО