Оюутны Универсиадын эрдэм шинжилгээний хурал боллоо.



Монгол Улсын оюутны спортын “Универсиад 2015” их наадмын үеэр анх удаагаа МУ-ын гавьяат багш, доктор (Sc.D), профессор Г.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Оюутны спорт-Универсиад наадам” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2015 оны 04 сарын 07 ны өдөр МУБИС-ийн төв байрны эрдмийн зөвлөлийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү хуралд манай улсын их, дээд сургуулиудын анхан шатны хурлаас шалгарсан шилдэг 5 илтгэлийг авч сонсов. Хуралд оролцогчид болон ИДС-ийн удирдагч багш нар оюутнуудаа сайн бэлтгэж, оюутнууд хоорондоо оюун ухаан, илтгэх ур чадвар, гадаад хэлний мэдлэгээрээ хүчтэй өрсөлдсөн юм. Зарим илтгэл англи хэл дээр тавигдлаа. Ингээд илтгэлийн сонголт, ач холбогдол, шинэлэг байдал, дүгнэлт, асуулт хариулт, өөрийгөө илэрхийлэх байдал зэрэг олон үзүүлэлт гарган эрдмийн зэрэг, цолтой шүүгч нар энэхүү хурлыг удирдан явууллаа.

Ингээд тэргүүн байр, алтан медалийг 67 оноогоор Үндэсний БТДС-ийн оюутан Д.Намжилын “Монголын оюутны баг, тамирчдын Универсиад наадамд үзүүлсэн амжилт” сэдэвт илтгэл эзлэв. Харин ХААИС-ийн 5 дамжааны оюутан, дэд мастер Н.Санжаадамбын бэлтгэсэн “Их дээд сургууль дах биеийн тамир, спортын сургалтын зохион байгуулалт, үйл ажиллагаа” сэдэвт илтгэл 54 оноогоор 2-р байр, ШУТИС-ийн оюутан Г.Тэлмэнгийн “Дэлхийн оюутны зуны Универсиад наадам” англи хэл дээр тавьсан илтгэл 44 оноогоор 3-р байрт орж “Универсиад” 2015 их наадмын мөнгө, хүрэл медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав. Удаах байруудад ХСИС-ийн оюутан С.Хүрэлбаатар, Мон-Алтиус БТДС-ийн оюутан М.Ренчинбуу нар орлоо. Оролцогч оюутан нарт сертификат, Г.Лхагвасүрэн агсны тухай шинэ ном, Азийн ОСХ-ны сэтгүүлийг дурсгалаа.

Энэхүү хурлыг Монголын оюутны спортын холбоо, “Цогт Гонгорын Лхагвасүрэн” сантай хамтран жил бүр зохион байгуулан явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, МУБИС-ийн проректор, МОСХ-ны УЗГишүүн, доктор Л.Цэрэнсодном, Үндэсний БТДС-ийн захирал, “Цогт Гонгорын Лхагвасүрэн” сангийн тэргүүн доктор Л.Алтанцэцэг, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд хурал хүрэлцэн ирж оролцон, хурлыг шүүн явуулж, байр эзэлсэн оюутнуудад шагнал гардууллаа. Эрдэм шинжилгээний энэхүү хурлаас шалгарсан Д.Намжилийн илтгэлийг БНСУ-д 2015 оны 7 сард болох “FISU Conference”–д, Т. Тэлмэнгийн илтгэлийг энэ оны 05 сард Улаанбаатар хотноо болох Азийн ОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлын үеэр зохиогдох эрдэм шинжилгээний хуралд тус тус шалгаруулан оролцуулахаар болов.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО