ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО


Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны дүрмийн дагуу жил бүр зохион байгуулагддаг Удирдах Зөвлөлийн гишүүдийн хурал 2019 оны 01 сарын 24 нд МУБИС-д боллоо. Хуралд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан болон УЗ-ийн гишүүн Х.Батсайхан, Л.Цэрэнсодном, Л.Гүндэгмаа, С.Энхтуяа, Ч.Эрдэнэтуяа, М.Банзаагаяа, М.Өсөхбаяр нар оролцлоо.

Хурлаар МОСХ-ны 2018 оны ажлын тайлан, дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдын оролцсон дүн, Монгол улсын оюутны аварга шалгаруулах 2018 оны тэмцээнийг зохион байгуулсан тухай, 2019 оны МОСХ-ны ажлын төлөвлөгөө, Оюутны 2019 оны УАШТэмцээний заавар, өвөл, зуны универсиад наадамд оролцох багийн бүрэлдэхүүн, спортыг төрлийг тогтоох, гадаадын тэмцээний хуваарь, МОСХ-ны удирдах зөвлөлд гишүүн нэмж оруулах зэрэг 10 орчим асуудлуудыг авч хэлэлцлээ.

УЗ-ийн хурлын өмнө уламжлал ёсоор жил бүр шалгаруулдаг “Оны шилдэг оюутан тамирчин”-ы шагналыг гардуулах ёслолыг зохион байгуулж, Оюутны 2018 оны шилдэг тамирчнаар хүндийн өргөлтийн тамирчин, 2018 оны дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Г.Ануужин, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, оюутны 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт П.Мөнх-Оргил нарыг шалгаруулсан байна. Шагналыг МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан гардуулан өгч, баяр хүргэлээ.

МОСХолбоо нь 2018 онд Их, дээд сургууль, спортын холбоодтой хамтран Монгол улсын оюутны аварга шалгаруулах тэмцээнийг спортын 13 төрлөөр зохиож, тэмцээнд 40 их, дээд, сургууль, коллежийн 2165 оюутан тамирчин оролцож, 189 багш, дасгалжуулагч, 106 шүүгч тэмцээнийг зохион байгуулж нийтдээ 2460 хүнийг оролцуулсан. ИДСургуулиас ҮБТДС, ШУТИС, МУБИС, МУИС, Мон-Алтиус БТДС, Аварга ДС-ийн баг тамирчид медалийн чанараар эхний 6 байрт оров. МОСХ нь орон нутгийн оюутны спортын бүсийн Универсиад наадмыг Увс аймагт Хөдөлмөрийн дээд сургуулийн 20 жилийн онй нэрэмжит болгон явуулж баруун 5 аймгийн их, дээд сургууль, Дорнод ИС, БНХАУ-ын нийт 7 ИДС-ийн 300 төлөөлөгчдийг спортын 5, урлагын 6 төрлөөр оролцуулан Ховдын ИС, Увсын Хөдөлмөрийн ДС, Говь-Алтайн АШУҮИС-ийн салбар сургууль эхний 3 байрт оржээ.

МОСХолбоо нь 2018 онд Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөг, эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөг гэсэн 2 төрлийн тэмцээнд нийтдээ 50 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчидаа оролцууллаа. Малайзад болсон Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртэж, энэхүү баг нь тивээ төлөөлөн БНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд орж, Монголын баг шилдэг 8-д шалгарсан амжилтыг гаргасан. Мөн Монголын эмэгтэй баг анх удаа явж харин эрэгтэй баг 16 багаас 11-р байрт шалгарч сайхан амжилт үзүүлсэн.

Хурлын УЗ-ийн шийдвэрийн дагуу МОСХ-ны 2019 төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлаж, оюутны УАШТэмцээнийг энэ оны 3 сараас эхлэн хуваарийн дагуу 11 спортын төрлөөр явуулахаар зааврыг батлан, ИДС-дад төрөл тус бүрийг хариуцуулан зохион байгуулахаар боллоо. Оюутны УАШТэмцээн, бүсийн наадамд нийтдээ 900 ширхэг медалийг гадаадад хийж гардуулахаар загварыг баталсан байна. Монголын оюутан тамирчид 2019 онд 9-н спортын төрлөөр Дэлхийн оюутны спортын зуны Универсиад наадамд, 5 төрлөөр Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд оролцохоор гадаад арга хэмжээний төлөвлөгөөг гишүүд баталсан байна. Ирэх 2019 онд Олон улсын оюутны спортын холбооны 70 жил, Универсиад зохиогдсоны 60 жил, МОСХолбоо байгуулагдсны 30 жилийн түүхт ойн баяруудыг тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд олон арга хэмжээг явуулах шийдвэр ч гарчээ. Ийнхүү МОСХ-ны ээлжит УЗ-ийн хурал амжилттай болж өнгөрлөө.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО