ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монголын оюутны спортын холбоо (МОСХ)-ны дүрмийн дагуу жил бүр зохион байгуулагддаг Удирдах Зөвлөлийн гишүүдийн хурал 2018 оны 01-р сарын 22-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Цайз” цогцолборт болж өнгөрлөө. Хуралд МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, дэд ерөнхийлөгч Х.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, УЗ-ийн гишүүн Л.Цэрэнсодном, Л.Гүндэгмаа, С.Энхтуяа, Л.Эрдэнэпүрэв, Ч.Эрдэнэтуяа, М.Банзаагаяа, Ю.Байгаль, М.Өсөхбаяр нар оролцлоо.
Хурлаар МОСХ-ны 2017 оны ажлын тайлан, дэлхийн оюутны спортын өвөл, зуны 2017 оны Универсиад их наадамд Монголын баг тамирчидын оролцсон дүн, үндэсний оюутны спортын Универсиад 4-р их наадмыг зохион байгуулсан тухай, 2018 оны МОСХ-ны ажлын төлөвлөгөө, Оюутны 2018 оны УАШТэмцээний заавар, гадаадын тэмцээний хуваарь зэргийг хэлэлцэн батлаж, МОСХ-ны дэргэд оюутны комисс байгуулах, УЗ-ийн гишүүнээс чөлөөлөх зэрэг 10 орчим асуудлуудыг авч хэлэлцэн шийдвэр гаргалаа.
УЗ-ийн хурлын өмнөуламжлал ёсоор жил бүр шалгаруулдаг “Оны шилдэг оюутан тамирчин”-ы шагналыг гардуулах ёслолыг зохион байгуулж, Оюутны 2017 оны шилдэг тамирчинаар жүдо бөхийн тамирчин, 2017 оны дэлхийн оюутны Универсиад наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Эрхэмбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, оюутны 2017 оны Ази тивийн болон дэлхийн лигийн аварга, СМ Б.Батзолбоо нарыг шалгаруулсан байна. Шагналыг ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан гардуулан өгч, баяр хүргэлээ.
МОСХолбоо нь 2017 онд БСШУСЯам, ГХЯ, БТСГ, МОХ, Спортын холбоодтой хамтран үндэсний оюутны спортын Универсиад 4-р их наадмыг спортын 11 төрлөөр зохиож, шигшээ тэмцээнд 62 их, дээд сургууль, коллежиудаас шалгарсан 2.354 оюутан тамирчид өрсөлдөж, 219 дасгалжуулагч, багш удирдан, 274 шүүгч нарыг оролцуулсан. ИДСургуулиас ҮБТДС, ШУТИС, МУБИС, МУИС, Мон-Алтиус БТДС, Аварга ДС-ийн баг тамирчид эхний 6 байрт оров. МОСХ нь орон нутгийн оюутны спортын бүсийн Универсиад наадмыг Ховд аймагт явуулж баруун баруун 5 аймаг, БНХАУ, ОХУ-ын нийт 10 орчим ИДС-ийн 300 төлөөлөгчдийг спортын 6 төрлөөр оролцуулан Ховдын ИС, Говь-Алтайн АҮШУИС, Завхан МУИС-ийн салбар сургууль эхний 3 байрт оржээ.
Мөн гадаадад суралцагч оюутны спортын наадмыг ОХУ-ын Москва, БНХАУ-ын Тяньжин хотноо тухайн орнуудад суугаа ЭСЯ, оюутны холбоотой нь хамтран явуулж 50 орчим ИДСургууль, 20 гаруй улс, хотын 600 орчим оюутан залуучуудыг хамруулан тус бүрт нь спортын 3 төрлөөр амжилттай удирдан явуулсан.
Энэхүү үндэсний их наадмаас шалгарсан баг тамирчдыг Хятадын Тайвань улсад болсон дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр Универсиад наадамд хөнгөн атлетик, туялзуур сэлэм, гольф, жүдо, усан сэлэлт, ширээний теннис, таэквондо, хүндийн өргөлт, биллъярд зэрэг 9 төрөлд эрэгтэй 29, эмэгтэй 22 бүгд 51 тамирчин, багийн албаны хүн, дасгалжуулагч, штабын ажилтан, сэтгүүлч 25 нийт 76 төлөөлөгчийг оролцуулсан юм. Дэлхийн оюутны Универсиад наадмаас Монголын баг тамирчид жүдо, биллъярдын төрлөөс 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн дэлхийн 134 орноос 53 байрт орсон амжилт үзүүлсэн. Түүнчлэн 2017 оны 1-2 сард Казакстаны Алмата хотноо болсон өвлийн Универсиад их наадамд Монголын төлөөлөгчдийг цана, тэшүүрийн төрөлд 10 тамирчин, 2 дасгалжуулагч, 2 албаны хүн нийт 14 хүний хүний бүрэлдэхүүнтэй БТСГазартай хамтран бэлтгэж, зохион байгуулж оролцуулсан ба цанын 2 тамирчин 2018 оны олимпийн наадамд оролцох эрхээ ханган биелүүлсэн юм.
МОСХолбоо нь 2017 онд Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөг, заалны хөлбөмбөг, чирлидинг 3 төрлийн тэмцээнд нийтдээ 40 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчидаа оролцууллаа. Малайзад болсон Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эрэгтэй баг түрүүлж, энэхүү баг нь тивээ төлөөлөн БНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд орж, дахин Монголын баг түрүүлж алтан медаль хүртсэн түүхэн амжилтыг гаргасан. Мөн Монголын чирлидингийн эмэгтэйчүүдийн баг Азийн аваргын хүрэл медаль хүртэж, эрэгтэй футзалын баг 9 орноос 6 дугаар байрт шалгарж, өмнөх амжилтаа ахиуллаа.
МОСХолбооноос Казахстан улсад орос хэл дээр “Оюутны спорт, Универсиад наадам” нэртэй номыг Казахстаны БТИС-тай хамтран хэвлүүлсэн, ОАУ, Казахстан, Австрали, БНХАУ-д болсон олон улсын оюутны ЭШХурал, семинарт ИДС-ийн 10 төлөөлөгчийг оролцуулах, Олон улсын оюутны спортын өдрийг 9 сарын 20-нд 10 гаруй ИДС-ийн хэмжээнд зохион байгуулж спортын тамирчидтай хийх уулзалт, тэмцээн, сайн дурын оюутны семинар, хэлэлцүүлгийг явуулах зэрэг олон төрлийн ажлыг хийжээ.
Хурлын УЗ-ийн шийдвэрийн дагуу МОСХ-ны 2018 төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлаж, оюутны УАШТэмцээнийгэнэ оны 2 сараас эхлэн хуваарийн дагуу 13-н спортын төрлөөр явуулахаар зааврыг батлан, ИДС-дад төрөл тус бүрийг хариуцуулан зохион байгуулахаар боллоо. Оюутны УАШТэмцээн, бүсийн наадамднийтдээ 1264ш медалийг гадаадад хийж гардуулахаар загварыг баталсан байна. Заавар ёсоор баруун 5-н аймгийн ИДС-ийн шигшээ баг нь оюутны 2018 оны УАШТ-д нэгдсэн баг оруулахаар болсон. Монголын оюутан тамирчид 2018 онд 8-н спортын төрлөөр оюутны ДАШТ, 2 төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохоор гадаад арга хэмжээний төлөвлөгөөг гишүүд баталсан байна. Ирэх 2019 онд Олон улсын оюутны спортын холбооны 70 жил, Универсиад зохиогдсоны 60 жил, МОСХолбоо байгуулагдсны 30 жилийн түүхт ойн баяруудыг тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд олон арга хэмжээг явуулах шийдвэр ч гарчээ. Ийнхүү МОСХ-ны ээлжит УЗ-ийн хурал амжилттай болж өнгөрлөө.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО