Оюутны спортын портал сайтын нээлт боллоо
Монголын оюутны спортын холбоо (МОСХ) нь өөрийн портал сайт www.mssf.mn MONGOLIAN STUDENT SPORTS FEDERATION гэсэн үгний эхний товчлолтой портал сайтаа өөрчлөн шинэчлэн танилцууллаа. Портал сайтны нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2015 оны 01- сарын 13-ны өдрийн 11:00 цагт Спортын төв ордонд боллоо. Нээлтэнд МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Нацагдорж, БСШУЯ-ны БМИҮЗ-ийн ажлын албаны дарга Х.Батсайхан, МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр, "НЬЮ МЕДИА" группын ерөнхийлөгч А.Мэнд-орших нар болон ЭМСЯамны спортын бэлтгэлийн төв, МОСХ-ны УЗ-ийн гишүүд, МОХолбоо, спортын холбоодын төлөөлөгчид, ИДС-ийн захирал, багш, тамирчид, спортын 10 орчим байгууллага, телевизийн сэтгүүлчид оролцлоо.
МОСХолбооны шинэчлэгдсэн портал сайт www.mssf.mn нь зургаан үндсэн бүлэг мэдээлэлтэй. Үүнд: МОСХолбоо, Арга хэмжээ, Универсиадын боловсрол, Байт харваа 2016 он, Мэдээлэлийн сан, Холбоо барих гэсэн бүлэг цэсүүдтэй бөгөөд дотроо 80 гаруй дэд цэстэй, олон багц мэдээллийг оруулсан, шинэлэг дизайн, сервирын өндөр багтаамжтай, дахин хөгжүүлэх бололцоотой, спортын томоохон үйлчилгээний портал сайт болсон байна. Энэхүү сайтыг МОСХолбоо манай улсын интернэтийн тэргүүлэх компани "НЬЮ МЕДИА" групп, МОСХолбоотой хамтран сүүлийн 3 сарын хугацаанд хийж ажилд оруулсан юм.
Сайтын нээлтийн ёслолд оролцсон хүмүүсээс олон хүн үг хэлж, баяр хүргэсэн ба ХААИС-ийн багш Б.Оюун, ҮБТДС-ийн багш Л.Гүндэгмаа нар сайтыг хөгжүүлэхэд ИДС-ийн БТС-ийн ажил, үйл ажиллагааны талаар мэдээллийг оруулах, МОХолбооноос уг сайтыг олон хүнд хүргэн сурталчилах, оюутнуудад ашиглуулах талаар анхааран ажиллахаа илэрхийлэв. Сайтыг өндөр хэмжээнд өнгө үзэмж сайтай хийгдсэн талаар Олон улсын ОСХ-ны хөгжлийн газрын захирал Лоран.Б, Азийн ОСХ-ны Ерөнхий зохицуулагч Яан Юуетон нар МОСХ-нд баярын мэндчилгээ ирүүлжээ.
Энэхүү портал сайт нь олон улсын хэмжээнд ашиглагдахаар англи хэл дээр хөрвүүлэн орчуулагдсан нь Олон улсын оюутны спортын холбооны 167 гишүүн орнууд, Азийн оюутны спортын холбооны гишүүн холбоод, гадаадын мэргэжилтэн, багш, тамирчин, англи хэл үзэн сонирхож байгаа хүмүүст ашиглаж болохоор зориулагджээ. Түүнчлэн оюутан, багш нар МОСХ-ны www.mssf.mn сайт руу орж Универсиад их наадам, Оюутны ДАШТэмцээн, Оюутны Азийн АШТэмцээнүүдэд оролцох паспорт, визийн материалын бүртгэлээ МОСХ-нд биеэчлэн ирэхгүйгээр өөрийн тухай мэдээлэл, паспортын хуулбар, зургаа ч энэхүү портал сайтаа ашиглан явуулах бүрэн бололцоотой програм суулгаж тэдний ажлыг хөнгөвчилсөн байна. Оюутнууд энэхүү сайтанд хандан өөрийн саналаа өгч, хариугаа авч болох үйлчилгээний зориулалт бүхий цэстэй юм.
Энэхүү сайтын нэг гол онцлог бол Оюутны спортын боловсролыг хөгжүүлэхэд зориулагдсан тусгай цэстэй бөгөөд Монголын болон олон улс, ази тивийн оюутны спортын үүсэл хөгжил, АОСХолбоо, ОУОСХолбооны үйл ажиллагаа, дэлхийн оюутны спортын өвөл, зуны Универсиадын наадмуудын түүх, оюутны ДАШТэмцээнүүдийн тухай, дотоодын оюутны УАШТ, үндэсний Универсиад наадмуудын архив, тамирчдын үзүүлсэн амжилт, тэмцээнүүдийн хувиарууд, олон төрлийн зургийн цомог болон видео бичлэгүүд оржээ. Ялангуяа оюутан залуучууд, спорт сонирхогчдод дэлхийн оюутны спортын "Универсиад" их наадмын боловсролыг олгох өргөн мэдээллийн сан, ОУОСХ-ноос эрхлэн гаргадаг сэтгүүлүүдийн бүх дугаар, саяхан шинээр хэвлэгдсэн "Оюутны спорт Универсиад наадам" сурах бичгийн номын материал- танилцуулга ч гэсэн энэ сайтанд орсон байна. Мөн монголын спортын хууль, эрх зүйн бичиг баримтыг багтаасан юм. Түүнчлэн МОСХолбооны дүрэм, бүтэц зохион байгуулалт, цаашид хийх үйл ажиллагааны зорилт, тайлан мэдээ, зар сурталчилгаа зэрэг олон талын мэдээнээс гадна ОУОСХолбоо, Азийн ОСХолбоо, МОСХ-ны цаг үеийн болон өдөр тутмын арга хэмжээнүүдийн тухай мэдээлэлийг өдөр бүр гарган шинэчлэн, баяжуулах талаар анхаарч хийгдсэн юм.
Монголын оюутны спортын холбооны энэхүү сайт нь гадаад орнуудын ба үндэсний оюутны спортын холбоод, ОУОСХолбоо, Азийн ОСХолбоо зэрэг олон улсын байгууллага, манай орны болон гадаадын их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, тамирчид, эрдэмтэн багш нар дасгалжуулагчид, шүүгч, спортын арга зүйч, зохион байгуулагч, шийдвэр гаргагч нар болон захирал, ректорууд, спортын холбоод, биеийн тамир, спортын байгууллагын ажилтан, судлаачид, хэвлэл мэдээллийн сэтгүүлч, спортын хөгжөөн дэмжигчидийн мэдлэг оюуныг нэмж, танин мэдэхүйн олон мэдээллийг өгч та бүхний амьдрал, ажил, сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэх сайт нь болно гэдэгт найдаж байна.
Ж.Энхнаран