ОУХМ Д.Сумъяа Универсиад наадмын Алтан медалийг хүртлээ
Универсиад наадмын жүдо бөхийн тэмцээн эхлээд 4 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний татамид манай улсаас 2 жүдоч зодоглож байна. Өчигдөр эмэгтэй 57 кг-ийн жинд зодоглосон ОУХМ Д.Сумъяа Хорватын бөхийг даралтаар цэвэр ялж алтан медаль хүртлээ. Энэ удаагийн наадмын жүдо бөхийн тэмцээнд 80 гаруй орны баг тамирчид ирж өрсөлдөж байна. ОУХМ Д.Сумъяа саяхан Монгол улсад болсон "Чингис хаан-2015" гран при тэмцээнд түрүүлж аваргалсан билээ. Ингэснээр тэрээр Универсиад наадмаас алтан медаль хүртсэн 10 дахь тамирчин, жүдо бөхийн 3 дахь тамирчин болж байна. Өмнө нь Универсиад наадмаас МУГТ М.Бундмаа, ОУХМ Х.Болдбаатар нар универсиад наадмаас алтан медаль хүртэж байсан юм. Монголын Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин, МУБИС-ийн оюутан ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа элхийн оюутны XXVIII Универсиад наадмын алтан медалийг хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Хорватын Андреа Бекичийг 2 мин 55 секундэд сүүж үүрэх мэхээр Вазари үнэлгээ авч, улмаар даралт мэхээр үргэлжлүүлж цэвэр түрүүллээ. Тэрээр эхний тойрогт өөрийн хүчтэй өрсөлдөгч БНСУ-ын Ким Жан-Диг юүко үнэлгээгээр хожжээ. Энэ бөхөд тэрбээр Лондонгийн олимп болон Инчеоны Азийн наадмаар ялагдал хүлээгээд байсан. Хоёрдугаар тойрогт АНУ-ын Рейчэл Оливерийг 32 секундэд даралт мэхээр цэвэр, Францын Амели Гулхарыг 3:10 минутад мөн даралт мэхээр цэвэр ялж хагас шигшээд шалгарсан байна. Улмаар хагас шигшээд Японы бөх Анзу Ямамотог цаг сунган торгуулиар ялсан юм.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО