Олон улсын оюутны спортын холбооны өвлийн Универсиадын газрын даргын айлчлал болно
Монголд анх удаагаа дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон улсын оюутны спортын холбоо-ОУОСХ (FISU)-ийн Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн 2014 оны 8 дугаар сарын 26-28-нд Улаанбаатар хотноо “Блю Скай” зочид буудлын цогцолборт болсон билээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захрагч Э.Бат-үүл ОУОСХ-ны ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нарыг хүлээн авч Улаанбаатар хот 2033 онд дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” наадмыг явуулах хэтийн зорилт, төлөвлөгөөтэй байгаагаа тухайгаа танилцуулан ярилцсан юм.
Энэхүү уулзалтын дараа 2014 оны 10 сарын 16-нд БНСУ-ын Гванжу хотноо болсон ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захрагч Э.Бат-үүл, ОУОСХ-ны ерөнхийлөгч, Францын иргэн К.Галльентай дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” наадмыг 2033 онд Улаанбаатар хотноо явуулах бэлтгэл ажлыг хангах талаар хамтарсан “Санамж бичиг” байгуулсан билээ.
Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр удирдуулсан Универсиад 2033 наадамд бэлтгэх ажлын хэсгийг Нийслэлийн засаг дарга байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Удахгүй 2015 оны 10 сарын 6-10-нд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлийн урилгаар ОУОСХолбооны өвлийн Универсиадын газрын дарга, Словакийн иргэн Милан Аугустин, өвлийн Универсиадын техникийн хорооны дарга, Швейцарийн иргэн Рот Рожер нарын мэргэжлийн хүмүүс Улаанбаатар хотноо ирж, НЗДТГазартай хамтран ажиллах, туршлагаасаа хуваалцах, наадамд бэлтгэх хэтийн төлөвлөгөөг боловсруулах, одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлэлт дүгнэлт гаргах, ОУОСХ-той хамтран ойрын хугацаанд ямар ажлуудыг хэрэгжүүлэн ажиллахыг тодорхойлох, “Универсиад-2033” наадмын хүрээнд Улаанбаатар хотноо ямар барилга, байгууламж барих, юуг бэлтгэх, өвлийн төрлөөр оюутны ДАШТэмцээн хүлээн авч зохион байгуулах боломжийн талаар судалгаа хийхээр болжээ.
Эдгээр өвлийн спортын өндөр зэрэглэлийн гадаадын мэргэжилтэнүүд нь ЭМС-ийн сайд, Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ-ын дэргэд байгуулсан ажлын хэсэг, БТСХТөв, МОСХолбоо, нийслэлийн төлөвлөгөөний газар, НБТСГазар, өвлийн спортын холбоодын удирдлагатай уулзан ярилцах, одоогийн өвлийн спортын материаллаг баазуудтай танилцах, ойрын хугацаанд барихаар төлөвлөж байгаа газруудаар явж үзэх,ОУОСХ-ны стандартад нийцэх эсэхийг үзэж айлчлалын төгсгөлд тодорхой заалтууд бүхий “Зөвлөмж”-ийг гарган нийслэлийн удирдлагад гардуулан өгөх зорилттой байгаа ажээ. Эдгээр мэргэжилтэнүүд нь өвлийн спорт, өвлийн Универсиадын талаар нэг өдрийн сургалт, семинарыг НЗДТГазартай хамтран олон байгууллагуудын мэргэжилтэнүүдийг хамруулан явуулахаар болсон байна.
Монгол улс, Улаанбаатар хот “Универсиад-2033” наадмыг эртнээс төлөвлөн хүлээн авах бэлтгэлийг хангаснаар 2040 онд Улаанбаатар хотноо зуны Олимпийн их наадмын эрхийг авах боломж нээгдэнэ. Учир нь дэлхийн томоохон хотууд эхлээд оюутны Универсиадыг зохион байгуулж дараа нь олимпийн наадам явуулах эрхээ авдаг гэнэ. Тухайлбал: манай хоёр хөрш орны хувьд ОХУ 1973 онд Москва хотноо зуны Универсиадыг явуулан 1980 онд зуны олимпийг зохиосон. БНХАУ нь 2001 онд Бээжин хотноо дэлхийн оюутны Универсиадыг явуулан 2008 онд зуны Олимпийн наадмыг тус тус амжилттай явуулж байв.
Тиймээс дэлхийн оюутны “Универсиад” нь олимпийн наадмыг зохиох хотын хувьд томоохон шалгалт сорилт болж, олон улсын спортын хамтын нийгэмлэгийн өмнө олимпийн наадмыг явуулж чадах бэлтгэлтэй болохыг харуулан, итгэлийг дэлхий нийтэд төрүүлдэг арга хэмжээ болсоор 60 орчим жил болжээ. Ийнхүү Монголчууд Универсиад 2033 наадмын бэлтгэлдээ эрчимтэй орж эхэллээ.
Дашрамд дурьдахад ОУОСХ нь 1949 онд байгуулагдаж, дэлхийн 167 орныг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн оюутны спортын өвөл, зуны “Универсиад” наадмыг 1959 оноос зохион байгуулан 200 орчим орны 12,500 оюутан залуучуудыг оролцуулдаг, оюутны ДАШТэмцээнийг 2 жилд нэг удаа спортын 30 төрлөөр явуулан 100 орны 6000 гаруй оюутан тамирчидыг хамруулдаг олон улсын спортын хамгийн нөлөө бүх том байгууллага юм. ОУОСХолбооны төв нь Швейцарийн Лозаннь, Бельгийн Брюссель хотноо тус тус байрладаг.
Монгол улс 1965 онд анх удаагаа зуны Универсиад наадамд оролцож эхлээд 50 жилийн ойтойгоо золгож байгаа ба ОУОСХолбоонд Монголын Оюутны спортын холбоо 1977 онд гишүүнээр элссэн бөгөөд Монголын иргэн Д.Баясгалан 2003 оноос эхлэн тус олон улсын байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноос хойш 8 дах жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч буюу Удирдах зөвлөлийн гишүүнээр нь идэвхтэй ажиллаж байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО