НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ЗОРИУЛАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ


Монгол Улсын биеийн тамир, спортын хуулийн 6.1.5 ба 17.2 дах заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/493 тушаал, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/46 тоот тушаалд заасны дагуу “Монголын оюутны спортын V наадам”-ын шигшээ тэмцээнийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос 12 дугаар сарын 10-нд спортын 10 төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. 

Монголын оюутны спортын V наадам нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг спортоор хичээллэх сонирхолыг төрүүлэн хөгжүүлэх,  шилдэг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн оюутны тэмцээн, Универсиад наадамд  өрсөлдөх авьяаслаг тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.

Энэхүү наадам нь оюутны дунд 2005, 2009, 2013, 2017 онд явагдан энэ оноос эхлэн дэлхийн оюутны Универсиадын жишгийн дагуу хоёр жилд нэг удаа зохиогдохоор болсон юм. 

Энэ удаагийн наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, ЗГТА, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын оюутны спортын холбоо (цаашид МОСХ) ажиллаж байна. Хамтран ажиллагч байгууллагаар БШУЯ болон Монголын оюутны холбоо орсон. 

Наадмын ЗБХ-г 10 хүний бүрэлдэхүүнтэй 2019 онд байгуулан бэлтгэл ажлыг хангаж байна.

Наадмыг дэмжигч байгууллагаар Б. Ганхуяг захиралтай Үндэсний бүтээн байгуулагч “Эрдэнэс-Таван толгой ХК орж, нийгмийн хариуцлагын хүрээнд оюутны спортын V наадамд туслалцаа үзүүлэн оролцож, өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байгааг хэлэхэд таатай байна.

Коронавирусын цар тахал тарсан, хорио цээр тогтсон тул наадмыг 2020 оын 4 ба 10 сард явуулахаар төлөвлөсөн хугацаанд 2 удаа өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотой бүсийн болон гадаадад суралцагч оюутны спортын наадам явагдаагүй. Наадмын зааврын энэ хэсэгт өөрчлөлт орж бүсийн наадам явагдаагүй тул сагсан бөмбөг, волейболын тэмцээнд оролцогч багт хязгаар тогтоон 2017-2019 онд МОСХ-ноос явуулсан тэмцээний рейтингээр зохих тооны багуудыг оролцуулахад хүрсэн байгаа. Наадмын бусад 8-н спортыг төрөлд оролцоход оюутнуудад ямар нэгэн хязгаар тогтоогоогүй болохын албан ёсоор мэдэгдэхийг хүсч байна.

Мөн бүсийн наадам явагдаагүй тул орон нутагт явуулах арга хэмжээ тасарсан тул орон нутгийн оюутны дунд энэ оны  12 сарын 11-13-нд Архангай аймгийн төвд “Монголын оюутны спортын наадмын бүсийн тэмцээн” явуулахаар болэ заавар нь батлагдан гарч, бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ наадамд 10 орчим аймагт байрлан үйл ажиллагааг явуулдаг ИДС-ийн 400 орчим шилдэг оюутнууд орж спортын 5 төрлөөр өрсөлдөх юм. 

Наадмын анхан шатны тэмцээнүүд ИДС болгон дээр төрөл бүрийн хэлбэрээр 2019, 2020 онд үргэлжлэн явагдаж, 94 ИДС-ийн 140 мянган оюутнууд хамрагдан оролцож, наадмын шигшээ тэмцээнд оролцох тамирчидаа шалгаруулжээ. Наадмын шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлэг, бүртгэлийн анх удаагаа  БТСУХ-ны www.sportgames.mn сайтаар дамжуулан цахимаар явагдаж байна. 

Наадмын шигшээ тэмцээнүүд явагдах хуваариуд батлагдсан бөгөөд хамгийн эхлээд 11 сарын 03-08-нд сагсан бөмбөгийн тэмцээнийг явуулна. Тэмцээний техникийн зөвлөгөөн болж, сугалаа явагдан, тоглолтын хуваариуд гарсан байгаа. 

Наадмын бэлгэдэлээр Монголын говийн ховор амьтан “Мазаалай” баавгайг сонгон авч, шагнал хүртэх бүх тамирчдад бэлэг болгон гардуулан өгөхөөр бэлтгэсэн байгаа. Мөн энэхүү ховор амьтаны талаар мэдээ, мэдээллийг оюутан залуучуудад хүргэх болон нийгэмд түлхүү ойлголт хүргэн, анхаарлыг хандуулах чиглэлээр ажиллаж байна. 

Наадмын үйл ажиллагааг МҮОНРТ-ийн Спортын суваг шууд дамжуулах эрхийг авч, зарим спортын төрлийг хэсэгчлэн болон нэвтрүүлэг болгон олон нийтэд хүргэнэ. Мөн мэдээллийн дэмжигч байгууллагаар Монцамэ агентлаг оролцож, Ийгл ТВ, Боловсрол ТВ энэ наадмыг сурталчлан ажиллахаар яригдаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж хэлэхэд Та бүхнийг оюутан залуучуудад зориулсан энэхүү наадмын хэвлэл мэдээллиин дэмжигч  байгууллагаар оролцон, бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. 

Наадмын тухай мэдээлийнг бид БТСУХ-ны www.sportgames.mn  сайт болон МОСХ-ны www.mssf.mn сайт, МОСХ-ны Mongolian student sports federation/Монголын оюутны спортын холбооны гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэж байна. МОСХ-ны дэргэд наадмын хэвлэлийн алба байгуулагдан ажиллаж байгаа билээ.

Наадмын тухай танилцуулга орсон 2020 оны 06 сард МОСХ-ноос хэвлэгдэн шинээр гарсан “Монголын оюутны спортын түүхэн хөгжилт” номыг танай байгууллагуудад өгч оюутны спортын үзэл санаа, үйл ажиллагааны талаар өргөн ойлголт, дэлгэрэнгүй мэдээллийн энэ номноос авахыг хүсч байна.

Наадмын нээлтийн ёслолын ажиллагааны тухай 

Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 02-нд 14:30 цагаас Спортын төв ордоны “А” зааланд болж, 40 орчим их, дээд сургуулийн 1,500 гаруй шилдэг оюутан залуучууд оролцох гэж байна.

Наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх оролцохоор уригдсан байгааг мэдэгдэхэд таатай байна.

Наадмын нээлтэнд  Засгийн газрын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан болон их, дээд сургуулийн захирлууд, наадмын хөтөлбөрт багтсан 10-н спортын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирнэ. 

Наадмын нээлтэнд 4-н их, дээд сургуулийн шилдэг тамирчид төрийн далбааг мандуулах, тамирчид болон шүүгчдийн тангаралг өргөх ёслол хийх, соёл урлаг, спортын тоглолтууд болно. Хамгийн сонихрхолтой нь МУГЖ Чингис хаан хамтлагийн ахлагч Дашзэвэгийн Жаргалсайхан  нь Монгол оюутны спортын сүлд дуулалыг зохион анх удаа тайзан дээр эгшиглүүлэх дуулах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болохоор хөтөлбөрт тусгагдсан болно. 

Та бүхнийг Монголын оюутны спортын V наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байгааг хүлээн авна уу.

Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Доктор Д.Жаргалсайхан