Наполи 2019 Универсиад наадмын нээлтийн ёслол боллоо.
Бусдаас Онцгой уриатай (#tobeunique) Дэлхийн оюутны Спортын 30 дугаар Универсиад 2019 наадмын нээлтийн ёслол Наполи хотын “Сан Паоло” нэртэй 60.000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэнд 07 дугаар сарын 03-ны өдрийн 21:00 цагт болж нээлтэнд наадамд оролцогч орнуудын ерөнхийлөгч, сайд, дарга нар, шилдэг тамирчид, багууд оролцлоо.
Наадмыг нээж Итали улсын Ерөнхийлөгч Сергио Маттарелла болон ОУОСХ-ны ерөнхийлөгч Олег Матыцин нар үг хэлсэн. Нээлтийн үеэр үндэсний соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, орчин үеийн урлагийн тоглолт, дуу, хөгжим тоглогдож спортын төрлүүдийг харуулсан өнгө өнгийн чимэглэлүүдийг гарган харуулсан байна.
“Сан Паоло” цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан аяган хэлбэртэй бортгон дотор “Универсиад”-ын галт бамбарыг байрлуулж Итали улсын хөлбөмбөгийн алдарт тамирчид болох Алекс Мерет, Лорензе Инсайн нар өөрсдийн спортын онцлогыг харуулсан үзүүлбэрээр бамбарыг асаасан.
Галт бамбар нь наадмын 14 хоногийн турш “Сан Паоло” цэнгэлдэх хүрээлэнд асна. Универсиадын хүрээнд олон төрлийн соёлын арга хэмжээг явуулж, Универсиадын тосгонд орой бүр соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.