Наадмын нээлт, хаалтын ёслол, соёлын ажиллагаа


Универсиад 2019 наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа Наполи хотын “ Сан Паоло” 60.000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Италийн алдарт хөгжмийн зохиолч, алдартай найруулагч нарын удирдсан менежментийн баг энэхүү арга хэмжээг зохион байгуулах эрхээ авч бэлтгэж байна. Энэ үйл ажиллагаанд олон хамтран зохион байгуулагч байгууллага, компаниудыг сонгон авчээ.

Наадмын нээлтийн ёслол нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 21:00 цагаас эхлэнэ. Нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор олон орны сайд, дарга нар очно. Наадмыг нээж Итали улсын Ерөнхийлөгч Сергио Маттарелла үг хэлнэ. Нээлтийн үеэр үндэсний соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, дуу, хөгжим тоглох ба спортын төрлүүдийг харуулсан өнгө өнгийн чимэглэлүүдийг гаргаж үзүүлэх юм. Бусад арга хэмжээ нь ОУОСХ-ны протоколын дагуу явагдана. 

Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан аяган хэлбэртэй бортго дотор “Универсиад”-ын галыг асаах ба наадмын турш бадамлан асах ажээ. Хаалтын ажиллагаа 07 дугаар сарын 14-нд 21:00 цагт явагдаж урлагийн одууд, хип попын одууд оролцсон залуусын дуу хөгжим, шоу цэнгээнээр наадмын арга хэмжээг дуусгахаар зохион байгуулжээ. Универсиадын хүрээнд олон төрлийн соёлын арга хэмжээг явуулна. Наполи Универсиадын тосгонд орой бүр соёлын арга хэмжээ зохиогдохоор төлөвлөгдсөн байна.