​МОСХОЛБОО АЗИ, НОМХОН ДАЛАЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР БАГАА ИЛГЭЭЛЭЭ



Ази, номхон далайн орнуудын Футзалын 4 дэх тэмцээн, чирлидинг буюу хөгжөөн дэмжигчдийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2017 оны 09 сарын 18-25-нд БНХАУ-ын Инчуань хотод зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээнд Монгол улсын оюутны шигшээ баг оролцохоор бэлтгэл, сургалтаа базааж байна. Тус тэмцээнийг анх удаагаа Ази болон далайн орнуудын холбоод хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Азийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын иргэн Д.Жаргалсайхан тус холбоог төлөөлөн удирдан ажиллахаар томилогдсон байна.

Футзалын багийн ахлагчаар МОСХ-ны УЗ-ийн гишүүн, МУБИС-ийн багш Л. Цэрэнсодном, дасгалжуулагчаар ОУ-ын Улаанбаатар их сургуулийн багш Э.Эрдэнэ-Очир, П.Алтантулга, тамирчидын бүрэлдэхүүнд Г.Ёндонжамц, Э.Бат-Оргил, Э.Ууганбаяр, Э.Бадамсэрээжид, Г.Цолмонбаатар, Ж.Цогт-Очир, Б.Энхсайхан, Э.Пүрэвдож, Б.Нямбат, С.Наранбаатар, О.Есүхэй, М.Чанцал нар оролцоно. Тамирчид бэлтгэл сургалтаа ОУ-ын УБИС-ийн спорт зааланд бэлтгэж байна. Футзалын тамирчдын хувьд өнгөрсөн оны 4 сард Казахстанд болсон 20 хүртэлх насны Азийн оюутны аваргын тэмцээнд оролцож шилдэг 8-р байрт шалгарч байсан олон улсын туршлагатай баг оролцоно.

Хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагчаар МОСХ-ны УЗ-ийн гишүүн, ШУТИС-ийн ахлах багш С.Энхтуяа, дасгалжуулагчаар МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн багш Т.Түмэнтөгс, багийн албаны хүнээр МУБИС-ийн багш Б.Бат-Отгон болон МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн багш Р.Гантулга нар оролцох юм.Тамирчдын бүрэлдэхүүнд Э.Уянга, С.Ариунзаяа, С.Маргад, А.Номин-эрдэнэ, Р. Энхсувд, М.Номуундарь, О.Оюундарь, Б.Саруул, Б.Билэгсайхан, С.Оюунсайхан, Д.Баярмаа, З.Ариунзул нар бэлтгэл сургалтаа МУИС-ийн спорт зааланд хангаж байна. Манай тамирчдын хувьд анхны хөгжөөн дэмжигчдийн тэмцээн болж байна.

Энэхүү хоёр тэмцээний үеэр футзал, чирлидингийн дасгалжуулагч, албаны хүмүүст зориулсан тусгай сургалт, семинарыг БНХАУ-ын болон олон улсын мэргэжилтнүүд удирдан явуулж сертификат олгох юм.

Монголын оюутны спортын холбооны тэмцээн зохион байгуулах хороотой ярилцан баг тамирчдын тэмцээний үеийн байр, хоолны зардлыг шийдүүлж, тэмцээнд оролцох таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм. Баг тамирчид нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор энэ сарын 15-нд тэмцээн болох газарлуу хөдлөх юм.

БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО