МОСКВАД ЕВРОПЫН БҮСИЙН “УНИВЕРСИАД - 2017” НААДАМ ӨНДӨРЛӨВ
Монголын оюутны спортын “Универсиад - 2017” дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотын “Новая Лига” спорт цогцолборт 2017 оны 4 дүгээр сарын 29-30-нд хоёр өдөр амжилттай үргэлжлэн өндөрлөв. Наадмын Зохион байгуулах комиисыг ОХУ-д суугаа Монголын ЭСЯ-ны дэргэд байгуулж бэлтгэл ажлын хүрээнд олон төрлийн ажил явуулсны дотор ОХУ-ын Спортын яаманд Монголын спортын буланг байгуулан нээлтээ хийсэн ба “Би спортод хайртай” фото зургийн уралдаан оюутнуудын дунд явуулж дүнгээ гаргаж, Улаан талбайд наадамд оролцогчид бүгдээрээ дурсгалын зургаа авахуулах, наадмын тусгай фэйсбүүк нээж тогтмол хөтлөн ажиллуулах, тамирчдын бүртгэлийг цахимаар урьдчилан авах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулсан билээ.
Наадмын тэмцээнд ОХУ-ын Москва хотын Мөнхтэнгэр баг, МВД, МИСиС, Зам харилцааны их сургуулийн “Локомотив” баг, Эрч баг, МГИМО Гэрэгэ баг, МЭИ Эрчим баг,МИИТ Москва баг, Санкт Петербург хот,Эрхүү хот, Улаан-үүд хот, Омск хот, Иванова хот, МИФИ Ядерщики баг, Екатеринбург хотын Уралын их сургууль, Австрийн оюутны ба, Украины их, дээд сургуулийн оюутныэмэгтэй, эрэгтэй25багийн400 тамирчид оролцсон юм.
Наадамд олон шилдэг, алдартай тамирчид оролцсон нь спортын тэмцээнүүдийг улам бүр сонирхол, өрсөлдөөнтэй болгосон юм. Үүнд: дэлхийн сонирхогчдын шатрын 2017 оны аварга, Г,В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн 3-р курсын оюутан Б.Баярмаа, уулын спортын мастер, МУ-ын спорт авиралтын 7 удаагийн аварга Г.Баярцэцэг, ОХУ-ын байлдааны самбо бөхийн спортын мастер, А.Харлампиевын нэрэмжит Самбо бөхийн дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт, ОХУ-ын БХЯамны Цэргийн их сургуулийн 5 дугаар курсийн сонсогч, дэд ахлагч Г.Гантулга, Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээний 2016 оны аварга, спортын мастер Д.Бат-Өлзий, Сагсан бөмбөгийн спортын мастер Г.Гангаа, 2009-2012 оны өсвөрийн шигшээ багийн тамирчин, Украины үндэсний Их сургуулийн оюутан Г.Тэмүүлэн, Австри дахь “Монголын төлөө зүрх бүхэн” сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Б.Амгалан нарын шилдэг оюутан тамирчид оролцлоо.
Европын бүсийн оюутны спортын “Универсиад - 2017” IV дүгээр их наадмыншатрын тэмцээн Москва хот дах ЭСЯ-ын төв байранд болж эмэгтэй 14-н шатарчид швейцарь системээр 9 өрөг тоглосноос тэргүүн байрыг Монгол улсын 2014 оны эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн аварга, Олон улсын мастер, оюутан Б.Баярмаа 7,0 оноогоор эзлэж, II байр мөнгөн медалийг 6,0 оноогоор Москва хотын Зам харилцааны их сургуулийн“Локомотив” багийн оюутан А.Цээпилмаа, III байр хүрэл медалийг 5,0 оноогоор ОХУ-ын Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан Д.Маралгуа нар эзэлсэн байна. Харин эрэгтэйчүүдийн шатрын төрөлд 26 тамирчин оролцон өрсөлдснөөс алтан медаль, тэргүүн байрыг 8,0 оноогоор Москва хотын “Мөнх тэнгэр” багийн спортын 1 зэрэгтэй тамирчин Г.Мөнхсүх эзэлсэн бол II байранд “Эрхүү” хотын багийн тамирчин Б.Энхзориг 7,0 оноогоор орсон ба III байранд Москва хотын “Мөнх тэнгэр” багийн тамирчин Н.Мөнхжаргал мөн 7,0 оноо авсан хэдий ч коффицентийн дутуугаар хүрэл медалиар энгэрээ мялааж, их наадмын өргөмжлөлөөр шагнуулав.
Европын бүсийн Универсиад наадмын ширээний теннисны ганцаарчилсан төрлийн тэмцээнд эмэгтэй тамирчдаас I байранд Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчин Э.Ундармаа, II байранд Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчин Б.Гүнжинлхам, III байрыг “Эрхүү” хотын багийн тамирчин А.Гантиг нар эзэлж алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан байна. Ширээний теннисний эрэгтэй тамирчдаас I байранд Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчин С.Балжинням, II байрыг Москва хотын “Мөнх тэнгэр” багийн тамирчин Ч.Энх-Од, III байрыг Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчин С.Алтангэрэл нар эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.Ширээний теннисны холимог хосын төрөлд I байрыг Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчид Б.Пүрэвдорж, С.Ундармаа нар, II байрыг Москва хотын “Мөнх тэнгэр” багийн тамирчид Б.Бямба, Г.Мягмаргарав нар, III байрыг “Иркутск” багийн тамирчид Ж.Гантулга, А.Гантиг нарын хос тамирчид эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоожээ.
“Универсиад - 2017” наадмын Европын бүсийн сагсан бөмбөгийн тэмцээн ихэд сонирхолтой болж, хоёр зааланд нэгэн зэрэг болж өнгөрлөө. Тэмцээний эмэгтэй төрөлд 9 баг оролцсоноос тэргүүн байрыг Москва хотын “Мөнх тэнгэр” багийн тамирчид, II байрыг “Эрхүү” хотын шигшээ баг, III байрыг Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” багийн тамирчид эзэлсэн байна. Харин эрэгтэй16 багийн тамирчидаас I байранд Москва хотын “Мөнх тэнгэр” багийн тамирчид, II байранд Санкт-Петербург хотын баг, III байранд “Эрхүү” хотын оюутны баг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, наадмын өргөмжлөлөөр шагнуулав.
Наадмын нэгдсэн дүнгээр Москва хотын “Мөнх тэнгэр” баг тэргүүн байр эзэлж аваргын цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, Москва хотын Зам харилцааны их сургуулийн “Локомотив” баг II байранд орж, өргөмжлөл, мөнгөн шагнал, “Эрхүү” хотын оюутны баг III байранд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.Энэхүү их наадмын тамирчдын мандат, өргөмжлөл, медаль, цом, заал талбайн хөлс, шүүгчийн зардал, нээлтийн зарим зардал, төвөөс очиж буй төлөөлөгчийн зэрэг зардлыгнаадмын үндэсний ЗБХорооноос гаргаж бусад бүр зардлыг ОХУ-д суугаа Монгол улсын ЭСЯ, Зохион байгуулах комиссоос хөөцөлдөн гаргаж, тал талын хүчин чармайлт, зохион байгуулалтын хүчинд амжилттай явуулсан юм.
Бүсийн Универсиад наадмын нээлт, хаалтын ёслолд Монголын оюутны спортын “Универсиад-2017” дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний Зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг хатагтай Банзрагчийн Дэлгэрмаа,УИХ-ын эрхэм гишүүн Д.Гантулга, Үндэсний ЗБХ-ны төлөөлөгч, Монголын оюутны спортын холбооны (МОСХ)Удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИСургуулийн хүндэт профессор С.Энхтуяа нарын зэрэг хүндэт зочид оролцов.Европын бүсийн“Универсиад-2017” наадмынаваргын цом, өргөмжлөл, мөнгөн шагналыг түрүүлсэн “Мөнх тэнгэр” багийн тамирчдад элчин сайд Б. Дэлгэрмаа ёслол төгөлдөр гардуулан өгөв.
Наадмын төсгөлд хэд хэдэн тусгай шагналыг зохион байгуулагч нар гардуулан өглөө. Элчин сайд Б.Дэлгэрмаа нь 3-н спортын төрлөөр хамгийн өндөр оноо авч, хувийн сайн амжилт үзүүлсэн тамирчдыг “Элчин сайд”-ын нэрэмжит дурсгалын зүйлээр шагнасан ба шатрын тэмцээнд хамгийн түрүүлсэн Б.Баярмаад өөрийн тоглодог “Гурван үйлдэлт шатар”-аа бэлэглэсэн ба ширээний теннисний тэмцээнд шалгарсан шилдэг тамирчин Э.Энх-Одод олимп, дэлхийн олон удаагийн аварга, дэлхийн цомын аварга, ширээний теннисний алдарт тамирчин Дип Нины гарын үсэг бүхий цохиур, сагсан бөмбөгийн шигшээ тоглолтонд амжилттай оролцсон шилдэг оюутан тамирчин Н.Ууганбаяр, Б.Арина нарт өөрийн гар үсэг бүхий МСБХолбооны албан ёсны бөмбөгийг тус тус бэлэглэв.
Европын бүсийн “Универсиад-2017” дөрөвдүгээр их наадмын тэмцээнийг улс орон санхүүгийн хүндрэлтэй байгаа энэ үед БСШУСЯам, ГХЯам, ЗГХА-БТСГазар, Монголын оюутны спортын холбоотой хамтран зохион байгуулсан ба газар дээр нь удирдан явуулсан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа болон ЭСЯ-ны хамт олон, Зохион байгуулах комисст талархал илэрхийлж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэж УИХ-ын эрхэм гишүүн Д.Гантулга нэг сая төгрөгийн хандивыг ЭСЯ-нд хаалтын ёслолын үеэр өглөө.
Тус арга хэмжээнд оролцсон тамирчид, шагналтнуудад зориулан ОХУ-ын урлагийн их, дээд сургуульд сурч буй оюутан залуучууд ая дууны мэндчилгээ дэвшүүлж, 50 оюутан залуучуудын флешмоб тоглолтыг сонирхуулан үзүүлсэн. Сагсан бөмбөгийн тэмцээнийг МОСХ-ны санаачлага, зохион байгуулалтаар ШУТИС-ийн БТС-ын тэнхимийн ахлах багш, ФИБА-ийн олон улсын шүүгч, Казань 2013, Гуанжу 2015 дэлхийн оюутны Универсиад наадмын шүүгч Б.Ганзориг биеэчлэн ажиллаж, ерөнхий болон талбайн шүүгчээр амжилттай ажиллан тэмцээнийг дүрмийн хүрээнд, маргаан будиангүй удирдан явуулсан байна.
Ийнхүү Москва хотноо 4 жил тутамд болдог Монголын оюутны спортын “Универсиад ” их наадмын Европын бүсийн тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаж нийтдээ 93 оюутан тамирчин спортын амжилтаа гарган 2017 оны их наадмын алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. БТС-ын тухай хууль, Засгийн газрын тогтоолын дагуу “Монголын оюутны спортын Универсиад” их наадмыг 4 жил тутамд зохион байгуулдаг бөгөөд 2005 оны бүсийн наадам Баумений нэрэмжит Техникийн их сургууль, 2009 онд БТС-ын их сургуульд, 2013 онд ЦСКА спорт клубийн спортын цогцолборт тус тус амжилттай явуулж байв.
НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО
ОХУ-Д СУУГАА МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО