МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ ОЮУТНЫ УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭНҮҮД ДУУСЛАА
Монгол Улсын 2018 оны оюутны улсын аваргын тэмцээн 3 сарын 03-нд жүдо бөхийн төрлөөр эхлэн 5 сарын 12-нд олс таталтын төрлөөр явагдан нийтдээ 13 спортоор(сагсан бөмбөг, волейбол, чирлидинг, жүдо бөх, гандбол, шатар, футзал, ширээний теннис, таэквондо, модон бөмбөг, хөнгөн атлетик) 2 сар гаруйн хугацаанд Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) удирдан, их дээд сургуулиудтай хамтран явуулсан юм.Хөнгөн атлетик, ширээний теннис, футзал, жүдо, гандбол, модон бөмбөг, шатраас бусад 6-н төрлийн тэмцээнүүд нь их, дээд сургуулийн спорт заалыг түшиглэн зохиогдсон.
Оюутны 2018 оны улсын аваргын тэмцээнд нийтдээ 35 их, дээд сургуулийн 2165 тамирчин (үүнээс эрэгтэй 1281, эмэгтэй тамирчин 884), 189 дасгалжуулагч, 106 шүүгч 2460 хүн оролцсон байна.
Монгол Улсын 2018 оны оюутны улсын аваргын тэмцээний нэг онцлог бол ИДС-иуд нь спортын төрлүүдийн тэмцээнийг өөрийн сургуулийн нэрэмжит болгон хүлээн авч зохион байгуулсан явдал юм. Сагсан бөмбөг, волейбол, чирлидингийн тэмцээнүүдийг МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн 75 жилийн ойн хүрээнд тус сургууль хариуцан явуулсан бол жүдо бөх, гандболын спортыг МУБИС, шатар, футзалыг Мон-Алтиус БТДС, чөлөөт бөх, ширээний теннисийг ҮБТДС, таэквондог ҮБХИС, модон бөмбөгийг ХААИС, хөнгөн атлетикийг ШУТИС, олс таталтыг “Аварга” ДС тус тус удирдан МОСХолбоотой хамтран ажиллажээ.
Монгол Улсын 2018 оны оюутны улсын аваргын тэмцээний бас нэг онцлог бол оролцсон нийт ИДС-ийн дүнг анх удаагаа медалийн чанараар гарган дүгнэсэн явдал байлаа. Өмнөх тэмцээнүүдэд төрөл тус бүрт нь медалийн тоогоор нь дүнг гарган, нийлбэр онооны дүнг хэдэн төрөлд багийн дүнгээр эхний байранд шалгарсан дүнг харгалзан бага онооны системээр дүгнэж ирсэн юм.
Энэхүү шалгаруулалтаар 2018 оны оюутны аварга шалгаруулах 13 төрлийн тэмцээний багийн нэгдсэн дүнгээр МУБИС-ийн баг тамирчид 15 алт, 14 мөнгө, 16 хүрэл медалийн амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн байна. Харин дэд байрыг ҮБТДС-ийн баг тамирчид 13-н алт, 22 мөнгө, 33 хүрэл медалийн амжилтаар шалгарав. Гуравдугаар байрт ШУТИС-ийн баг тамирчид 11 алт, 5 мөнгө, 5 хүрэл медалиар удаах байрыг эзлэв. Эхний 4 байрт “Аварга” ДС-ийн баг 8 алт, 5 хүрэл медаль шалгарсан бол 5 дугаар байрт ХААИС-ийн баг тамирчид 7 алт, 7 мөнгө, 7 хүрэл медалийн амжилтаар айргийн тавдугаар байрт орлоо.
Нийтдээтөв, орон нутгийн 24 их дээд сургуулийн баг тамирчид алт 79, мөнгө 79, хүрэл 116 нийтдээ 274 багц медалийг хуваан хүртэж өндөр амжилт үзүүллээ.
Оюутны 2018 оны УАШТ-ээс шалгарсан баг тамирчдыг Азийн оюутны аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд БНХАУ-ын Жиньжиан хотноо 10 сард, сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд Малайзын Каула Лумпур хотноо 7 сард болох тэмцээнүүдэд сонгон шалгаруулж эрхийг нь ИДС-д өгсөн байна. Харин оюутны ДАШТ-ий шатар, чөлөөт бөх, чирлидингийн тэмцээнд оролцох баг, тамирчдыг дотоодын оюутны УАШТ-ээс мөн адил сонгон авсан.
2019 он бол дэлхийн оюутны өвөл, зуны Универсиад наадмын жил. Өвлийн Универсиад наадам 3 дугаар сард ОХУ-ын Красноярск хотноо, зуны Универсиад наадам 7 дугаар сард Италийн Наполи хотноо болно. Дотоодод ч мөн адил Универсиад наадам зохиогдох ба төрөл, заавар нь энэ оны 9 дүгээр сард батлагдан гарна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО