МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА УНИВЕРСИАД НААДМЫН ТОСГОНД МАНДЛАА
Дэлхийн оюутны Зуны универсиад XXX наадам 07 сарын 03 нд нээлтээ хийж Дэлхийн оюутан тамирчид Италийн Наполи хотод хуран чуулж байна. Монголын баг тамирчид энэ сарын 02-ний өдөр Наполи хотод хүрэлцэн очсон. Энэ удаагийн наадамд Монголын баг тамирчид спортын 7 төрөлд 46 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Универсиад наадмын тосгонд 07 дугаар сарын 03-ний өдөр Монголын багийн туг өргөх ёслол боллоо. Туг өргөх ёслолд Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, Монголын оюутны сортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын багийн ахлагч Д.Жаргалсайхан тэргүүтэй Монголын баг тамирчид оролцлоо. Арга хэмжээг нээж Универсиад наадмын тосгоны дарга үг хэлж, ёслолд оролцсон бусад орнуудын төлөөлөгч нартай бэлэг солилцлоо.