МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хүний эрхийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж

1. Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

1. Энэ хууль нам, үйлдвэрчний эвлэл, сүм хийдээс бусад төрийн бус байгууллагад хамаарна.

2. Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газарт нэгэн адил хамаарна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/ "төрийн бус байгууллага" гэж иргэд, төрийн байгууллага / хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг ;

2/ "нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг;

3/ "гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллагыг.

5 дугаар зүйл. Төрийн бус байгууллага байгуулах, оролцох эрх

1. Монгол улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй.

2. Төрийн бус байгууллага байгуулах иргэдийн эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.

3. Төрийн бус байгууллагад албадан оруулахыг хориглоно.

4. Төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө хүнийг ялгаварлан гадуурхах, эрх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.

5. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод байх ба түүний гишүүд болон иргэд хэн ч тухайн байгууллагын тайлантай танилцаж болно.

6. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэд, харъяалалгүй хүмүүс Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан журмын дагуу төрийн бус байгууллага байгуулах буюу төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэж болно.

6 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох

Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

7 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг татан буулгах

1. Төрийн бус байгууллагыг дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд нь заасан бусад үндэслэлээр татан буулгаж болно. Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг төрийн бус байгууллагын эрх барих байгууллага гаргана.

2. Татан буугдах төрийн бус байгууллагын зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

3. Төрийн бус байгууллагын эрх бүхий байгууллага нь түүнийг татан буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж Хууль зүйн яаманд бичгээр ирүүлэх бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс хасна.

8 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг албадан татан буулгах

1. Төрийн бус байгууллагыг дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана:

1/ дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан;

2/ хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн.

2. Шүүхийн шийдвэрээр албадан татан буугдсан төрийн бус байгууллагын эд хөрөнгийн асуудлыг энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйл. Төрөөс төрийн бус байгууллагатай харилцах

1. Төрөөс төрийн бус байгууллагын хууль ёсны эрхийг хамгаална.

2. Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байна.

3. Төрийн байгууллага төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлж болно.

4. Төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон төрийн нууцад үл хамаарах мэдээлэл төрийн бус байгууллагад нээлттэй байна.

5. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саналыг нь үндэслэн төрийн бус байгууллагыг оролцуулж болно.

6. Төрийн бус байгууллага төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж мэдэгдэл хийж болно.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ТАВИХ
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

10 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын дүрэм

Төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана:

1/ төрийн бус байгууллагын нэр, хаяг;

2/ төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он,сар, өдөр;

3/ төрийн бус байгууллагын зорилго;

4/ төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо;

5/ удирдах зөвлөлийн эрх хэмжээ;

6/ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний доод, дээд хязгаар;

7/удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа;

8/ удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар;

9/ удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц;

10/ удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам;

11/ төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл, журам, энэ тохиолдолд хөрөнгийг хэрхэх тухай ;

12/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам.

11 дүгээр зүйл. Төрийн бус байгууллагын удирдах байгууллага

1. Гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ;

2/ төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах;

3/ байгууллагын жилийн төсөв батлах;

4/ гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;

5/ төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх , хэмжээг тогтоох;

6/ төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах;

7/ дүрэмд заасан бусад бүрэн эрх .

2. Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна.

3. Удирдах зөвлөл нь таваас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.

4. Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй.

12 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлын бүрэн эрх, хариуцлага

1. Дүрэмд өөрөөр заагаагүй бол удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй байна.

2. Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах;

2/ хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрх .

3. Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.

4. Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ.

5. Төрийн бус байгууллагын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй.

13 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн шийдвэр гаргах журам

1. Удирдах зөвлөлийн гишүүд /цаашид "гишүүн" гэх/ аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

2. Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.

3. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргална.

14 дүгээр зүйл. Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл

Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ БҮРТГЭХ
/Энэ бүлгийг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө/


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮЖИЛТ

19 дүгээр зүйл. Төрийн бус байгууллагын орлого

Төрийн бус байгууллагын орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:

1/ гишүүний татвар, хандив;

2/ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;

З/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;

4/ зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;

20 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын зарлага

1. Төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

2. Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.

З. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4. Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.

21 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

22 дугаар зүйл. /Энэ зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/


ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАН

23 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын тайлан

1. Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгнө.

2. Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд Хууль зүйн яаманд гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана:

1/ төрийн бус байгууллагын хаяг;

2/ үйл ажиллагааны тухай товч мэдээлэл;

3/ жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар:

а/ хандивын;б/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны;в/ өвлүүлсэн эд хөрөнгө.

4/ 700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт;

5/ удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг.

3. Төрийн бус байгууллагад өргөсөн хандивыг хэрхэн зарцуулсан тухай хандивлагчдад тайлагнах эсэхээ тэдгээртэй байгуулсан гэрээнд тусгана.

4. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайланг Хууль зүйн яам болон тус байгууллага нь 10-аас доошгүй жил хадгална.


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨДХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

24 дүгээр зүйл. Захиргааны хариуцлага хүлээлгэх

Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх зөрчлийн шинж байдлыг харгалзан дор дурдсан шийтгэл ногдуулна:

1/ төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлөх зэрэг зөрчил гаргасан бол гэм буруутай албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;

2/ Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулсан бол албан тушаалтны тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг нь хурааж 40000-60000 төгрөгөөр торгох;

3/ Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчид эд хөрөнгө, хандив өгсөн бол гэм буруутай албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

4/ энэ хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй бол гэм буруутай албан тушаалтныг 10000-20000 төгрөгөөр торгох.


ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

25 дугаар зүйл. Сангийн тухай тусгай зохицуулалт

1. Энэ хуульд Иргэний хуулийн 36.2-т заасаны дагуу чиг үүрэг бүхий сан хамаарах бөгөөд сан нь зөвхөн дор дурдсан зориулалтаар бусдад мөнгө хандивлаж болно:

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

1/ төрийн бус байгууллагаас нийгмийн тусын тулд явуулж байгаа ажлыг дэмжих;

2/ сангийн зорилгод нийцсэн төслийг төрийн байгууллагаас хэрэгжүүлэх;

3/ сангийн зорилгод нийцсэн бол хувь хүний сургалтын төлбөр болон түүнтэй холбогдох бусад зардал, хувь хүнээс явуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын зардлыг санхүүжүүлэх;

4/ иргэдийн нийгэмд тустай үйл ажиллагааг урамшуулах.

2. Сан нь жил бүр олсон ашгийнхаа 5О-иас доошгүй хувийг дүрэмд заасан үйл ажиллагаандаа зарцуулна.

З. Санг татан буулгах тухай шийдвэрийг удирдах зөвлөлийн нийт гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар гаргана. Татан буугдсан сангийн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий санд шилжүүлэх бөгөөд хэрэв тийм сан байхгүй бол сангийн зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р. ГОНЧИГДОРЖ