МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ
2012 оны 08 дугаар
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн, Монгол Улс Лондон-2012 Зуны олимпийн 30 дугаар наадамд хамгийн олон медаль хүртсэн түүхэн амжилтыг бахархан тэмдэглэж, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд гарамгай гавьяа байгуулж, ирээдүй хойч хүүхэд залуучуудад үлгэр дууриалал үзүүлж, эх орныхоо нэр алдрыг дэлхий дахинд дуурсгаж, олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн, үндэсний бахархал болсонүе үеийн тамирчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж,тогтмол урамшуулал олгож, амьдралын баталгааг нь хангахзорилгоор ЗАРЛИГБОЛГОХ нь:
Нэг. Үе үеийн Олимпийн наадам /Зуны олимп, өвлийн олимп, пара олимп /, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.
Хоёр. Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосугай. Үүнд:
- Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
- Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
- Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн.
Гурав. Урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах бөгөөд урамшуулал олгоход тавигдах баримт бичгийн шаардлага, олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж хэрэгжүүлэх, шаардлагатай бол урамшууллын хэмжээг төгрөгийн ханштай уялдуулан шинэчлэн тогтоож байх.
- Урамшууллыг зөвхөн тухайн медаль хүртсэн тамирчинд сар бүр олгох.
- Тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг дараа оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгож байх.
- Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай, нас барсан тамирчны эхнэр, нөхөр, хүүхэд хүсэлт гаргавал 1 жилд олгогдох урамшуулалтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг нэг удаа олгох.
Дөрөв. Урамшуулал олгох ажлыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
Ц.ЭЛБЭГДОРЖ Н.АЛТАНХУЯГ