МОНГОЛ УЛСАД ОЛОН УЛС, ТИВ, ДЭЛХИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ


Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан

2009 оны 53/45 тоот тушаалын хоёрдугаар хавсралт

МОНГОЛ УЛСАД ОЛОН УЛС, ТИВ, ДЭЛХИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Сонирхогчдын спортын төрлөөр Монгол Улсад олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадам цаашид "Тэмцээн" гэх зохион байгуулах, санхүүжүүлэх харилцааг холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд энэхүү журмаар зохицуулна.

1.2 Тэмцээн зохион байгуулах спортын холбоо нь сүүлийн 3-аас доошгүй жил тухайн спортын төрлөөр спортын их наадам, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна.

Хоёр.Тэмцээнийг зохион байгуулах эрх авах

2.1. Спортын холбоо нь Монгол Улсад тэмцээн зохион байгуулах хүсэлтийг олон улсын холбоонд гаргахын өмнө Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэмжлэг, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдаас зөвшөөрөл авна.

2.2. Тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл авахдаа дараах материалыг бүрдүүлэн Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Үүнд:

  • Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж тэмцээн зохион байгуулахад дэмжлэг хүссэн албан тоот;
  • Тэмцээний танилцуулга;
  • Тэмцээний төсвийн тооцоо;
  • Тэмцээний бэлтгэл ажлын төлөвлөгөө.

2.3. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь спортын холбооны хүсэлт, тэмцээн зохион байгуулах боломжийг судлан Эрүүл мэндийн сайдад уламжилна.

2.4. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн материалыг хянан үзэж Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд урьдчилсан зөвшөөрлийг олгоно.

2.5.Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын урьдчилан олгосон болон эрх бүхий олон улсын спортын байгууллагаас ирүүлсэн албан ёсны зөвшөөрлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу тэмцээн зохион байгуулах эрх нээгдэнэ.

2.6.Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг тэмцээний өмнөх оны эхний улиралд багтаан гаргуулж, зардлыг улсын төсөвт суулгах асуудлыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

Гурав. Тэмцээнийг зохион байгуулах

3.1 Тэмцээнийг Монгол Улсын Засгийн газраас батлагдсан Зохион байгуулах хороо, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлага хяналтын дор тухайн спортын Үндэсний холбоо, Олон улсын холбоо, бусад оролцогч, дэмжигч /цаашид зохион байгуулагч гэх/ байгууллагуудтай хамтран батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж явуулна.

3.2 Зохион байгуулах хорооноос тэмцээний заавар, хөтөлбөрийг олон улсын байгууллагын тэмцээний төлөвлөгөө, хуваарьт тусгуулна.

3.3 Зохион байгуулах хороо нь тэмцээн дууссанаас хойш ажлын 20 хоногт багтаан тэмцээний тайлан дүнг хэлэлцэн, Засгийн газарт хүргүүлнэ.

3.4. Зохион байгуулагч тэмцээнд оролцогчдийг хүлээн авах, байрлуулах, үдэх аюулгүй байдлыг хангах бусад үйлчилгээний асуудлыг хариуцана.

Дөрөв. Тэмцээнд бэлтгэх, оролцуулах

4.1 Тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн, удирдамжийг тэмцээний зэрэглэлээс хамаарч Засгийн газрын мөнгөн шагналд хамрагдах бол Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, бусад тохиолдолд тухайн спортын үндэсний холбоо батална.

4.2 Тэмцээнд бэлтгэх, оролцох тамирчид, дасгалжуулагчдыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн үндсэн ажил, хичээлээс нь дор дурдсан хугацаагаар /ажлын хоног/ чөлөөлнө. Үүнд:

  • Олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход 40-өөс доошгүй хоног;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход 60-аас доошгүй хоног;
  • Олимпийн наадамд оролцоход 90-ээс доошгүй хоног;
  • Шүүгчдийг тэмцээний өмнөх гурав болон тэмцээний өдрүүдэд.

4.3 Ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалинг дараах байдлаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр үндсэн байгууллагаас нь олгоно.

4.3.1. Хийснээр буюу цагаар цалин олгодог бол сүүлийн гурван сарын цалингийн дунджаар;

4.3.2 Тогтмол цалин олгодог бол чөлөөлөгдсөн хугацаанд ногдох хэсгийг.

4.4. Энэ журмын 4.2, 4.3 дэхь заалтууд нь гадаадад тэмцээнд оролцох тамирчин, дасгалжуулагчдад нэгэн адил хамаарна.

4.5. Тэмцээнд оролцсон баг тамирчдын удирдамжийн биелэлтийг тухайн баталсан байгууллага дүгнэнэ.

Тав. Тэмцээнийг санхүүжүүлэх

5.1 Монгол Улсын Засгийн газраас олгосон хөрөнгийн зарцуулалтад Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж, дахин ашиглах боломжтой эд хөрөнгийг байгууллагын дансанд бүртгэн авна.

5.2 Тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах төсвийг хийхдээ дараахь зардлыг харгалзан үзэж болно. Үүнд:

5.2.1 Тэмцээний заал, талбай, узелийн хөлс;

5.2.2 Байгууллага, баг тамирчид, дасгалжуулагчдад олгох цом, медаль, өргөмжлөлийн зардал;

5.2.3 Тэмцээний шүүгчийн ажлын хөлс;

5.2.4 Эмнэлгийн яаралтай болон анхны тусламж үйлчилгээний зардал;

5.2.5 Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу тамирчдаас авах сэргээшийн хяналт, шинжилгээний зардал;

5.2.6 Тэмцээнд оролцох монголын баг тамирчдын бэлтгэл, дасгалжуулалтын байр, хоол, бэлтгэлийн хувцас, хэрэгслийн зардал;

5.2.7 Тэмцээн зохион байгуулахад шаардлагатай спортын хэрэглэл материалын зардал;

5.2.8 Олон улсын холбооны зохион байгуулагч, хянагчдын ажлын хөлс,

5.2.9 Мэдээлэл, сурталчилгааны хөлс

5.2.10 Тээвэрийн үйлчилгээний зардал

5.2.11 Нээлт, хаалтын арга хэмжээний зардал

5.3. Тэмцээн зохион байгуулахад шаардлагатай спортын хэрэглэл материалыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналаар олгох ба төсвийн хөрөнгөөр өмнөх тэмцээнийг зохион байгуулахад авсан бол 5 жилийн дотор нэг байгууллага, холбоонд дахин
олгохгүй.

5.4. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Олон улсын тэмцээнийг зохион байгуулахаар шинээр худалдан авсан техник хэрэгслийг өөрийн балансад бүртгэн авч, дараагийн тэмцээн зохион байгуулахдаа ашиглана.

5.5. Энэ журмын 5.2-т зааснаас бусад зардлыг тухайн спортын холбоо болон ивээн тэтгэгч байгууллага хариуцна.

5.6. Тэмцээнд оролцогчдын замын зардал /ирэх, буцах/ Монголд байх байр, хоол, үзвэр, бусад төрлийн үйлчилгээний зардал, төлбөр хураамжийг тэмцээний зааварт тусган оролцогч талд хариуцуулна.

5.7. Тэмцээний нэр хүндийг өсгөх, оролцогчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор төлбөр, хураамжинд хөнгөлөлт үзүүлж болно.