Монголын тамирчид Өвлийн Универсиад наадамд амжилттай оролцлоо.


Өвлийн Универсиад 2015 наадмын эхний хэсгийн тэмцээнүүд Словак улсын Стрбске Плесо хотноо 2015 оны 01 сарын 24- ноос 02 сарын 01-ны өдрүүдэд болж 31 орны 600 гаруй төлөөлөгчид оролцсноос Монголын цаныг 6 оюутан тамирчид, 1 дасгалжуулагч, 1 багийн ахлагч нар амжилттай оролцоод ирлээ. Та бүхэнд тэмцээний дүнг бүхэлд нь танилцуулья.

2015 оны 01-р сарын 25-ний өдөр

Эмэгтэйчүүдийн цанын 1,4 км-ийн ойрын зайн уралдаанд 31 орны 59 тамирчин гараанаас гарч уралдахад Монголын оюутан Э. Ариунтунгалаг 3 мин 52.98 амжилтаар 46 дугаар байрт багтав. Ж. Халиунаа 4 мин 09.67 гуйснээр 55 байрт орсон юм.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн цанын 1,6 км-ийн ойрын зайн уралдаанд 83 тамирчинтай уралдсанаас манай ОУХМ Б.Бямбадорж 3 мин 47.91 гүйж 66-р байр, Б.Амарсанаа 3 мин 52.94-ийн амжилтаар 72-р байр, О.Гантулга 3 мин 58.40 амжилтаар 77-р байр, Б.Ачбадрах 3 мин 59.45 гүйж 78-р байрыг тус тус эзэллээ.

2015 оны 01-р сарын 26-ний өдөр

Холимог хосын уралдаанд нийтдээ 32 хос тамирчид гараанаас гарч уралдахад Монголын тамирчид Б.Бямбадорж, Э.Ариунтунгалаг нарын 1 дүгээр баг 22 мин 32.29 гүйж 26 дугаар байрт орлоо. Харин хоёрдугаар багийн Б.Амарсанаа, Ж.Халиунаа нар 24 мин 58.47 амжилт үзүүлэн 32-р байранд орсон юм.

2015 оны 01-р сарын 28-ний өдөр

Наадмын эмэгтэйчүүдийн 5 км-ийн зайн уралдаанд 64 тамирчин уралдсанаас Э.Ариунтунгалаг 15 мин 49.2 үзүүлэлтээр 47-р байрт багтав. Ж.Халиунаа 17 мин 31.2 үзүүлэлтээр 56-р байранд орлоо.

Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайн уралдаан сонирхолтой боллоо. Тэмцээнд 90 тамирчин гараанаас гарахад Монголын Б.Бямбадорж 27 мин 01.8 секундийн амжилтаар багийнхан дотроосоо хамгийн өндөр амжилт үзүүлэн 69-р байрт орсон юм. Харин Б.Аябадрах 28 мин 19.8 секунд гүйж 82-р байр, О.Гантулга 29 мин 27.7 амжилтаар 87-р байр, Б.Амарсанаа 29 мин 45.9 гүйж 88-р байранд тус тус орсон.

2015 оны 01-р сарын 30-ний өдөр

Манай эрэгтэй баг энэ өдөр 4 х 7,5 км-ийн зайн буухиа уралдаанд Монголын баг 1:41:29,4 амжилтаар 14-р байранд орсон амжилт үзүүллээ.

2015 оны 01 сарын 31-ний өдөр

Эмэгтэйчүүдийн холын зайн 15 км-ийн уралдаанд 49 тамирчин уралдаж Э.Ариунтунгалаг 56 мин 58.5 амжилтаар 44-р байр, Ж.Халиунаа 59 мин 46.3 амжилтаар 47-р байранд орлоо.

2015 оны 02-р сарын 01-ний өдөр

Наадмын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 30 км-ийн холын зайд 63 тамирчин гараанд гарснаас ОУХМ Б.Бямбадорж баг тамирчидаа тэргүүлэн 1:29:14.9 амжилтаар 49-р байр, Б.Ачбадрах 1:32:46.7 амжилтаар 55-р байр, О.Гантулга 1:34:45.3 үзүүлэлтээр 56-р байр, Б.Амарсанаа 1:38:43.8 цагаар 58-р байранд тус тус орлоо.

Оюутны Универсиад 2015 наадамд Монголын баг тамирчаас эрэгтэй 3 тамирчин Б.Ачбадрах, О.Гантулга, Б.Амарсанаа нар хувийн үзүүлэлтээ ахиулан ОУХМастерийн болзолыг хангасан юм. Манай тамирчид “FIS" (олон улсын цанын холбоо)-ны хувийн оноогоо тус бүртээ ахиулан оролцож, Швед улсад 2015 оны 02 сард болох цанын дэлхийн аваргад оролцох болзолоо хангав. Түүнчлэн 2018 оны олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо тамирчин бүр дээшлүүлсэн сайхан амжилт үзүүлээд оролцоод ирлээ.

Багийн ахлагч Х.Батсайхан