МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН V НААДАМ”-ЫН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ БОЛОВ


Монголын оюутны спортын V наадам”-ын албан ёсны нээлт өнөөдөр 2020 оны 11 дүгээр сарын 02-нд Спортын төв ордонд 15:00 цагаас боллоо. Ийнхүү Монгол улсын шилдэг оюутан тамирчид 12 дугаар сарын 10 хүртэл спортын 10 төрлөөр Универсиадын аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Энэхүү наадмын нээлтийн ёслол нь Монгол Улсын 27 их дээд сургуулийн оюутны баг тамирчдын төлөөллийн цагаан толгойн үсгийн дарааллаар СТО-ы “А” зааланд жагсаж орж ирсэнээр эхэлсэн юм. Зарим сургууль наадмын сүүлчээр болох тэмцээнд оролцохоор орон нутгаас шууд ирэх бөгөөд эдгээр сургуулийн зарим төлөөлөл ч байв. 

Нээлтийн ёслолын ажиллагаанд Аварга дээд сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Глобал удирдагч их сургууль, Говь-Алтайн АШУҮИС, Дотоод хэргийн их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Идэр их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, МУИС, МҮИС, Мон-Алтиус дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Рояаль олон улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Сити их сургууль, Төмөр замын дээд сургууль, Тэнгэр дээд сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, ХААИС, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, Эм Ай Ю дээд сургууль, Этүгэн их сургуулийн оюутан тамирчдын төлөөлөл тугаа барин жагсав. 

Улмаар “Монголын оюутны спортын V наадам”-ын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочдыг танилцуулахад, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спорын холбоо /МОСХ/-ны ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Д.Баясгалан, Ерөнхийлөгчийн соёл, нийгмийн бодлогын зөвлөх С.Ламбаа, БТСУХ-ны дэд дарга, тус наадмын Зохион байгуулах хорооны дарга Ц.Одонбаяр, Ази тивийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын их дээд сургуулийн консерциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор Т.Хэрүүга, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр, БШУЯ-ны дээд боловсрлын шазрын дарга Г.Батнэмэх, наадмыг дэмжигч Эрдэнэс-Тавантолгой ХК-ны захиргаа,удирдлагын газрын дарга Х.Батсайхан, Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Г.Сүхбат нарын тэргүүтэй хүндэт төлөөлөгчид, зарим их, дээд сургуулийн захирлууд, спортын холбоодын удирдах албаны хүмүүс оролцлоо.

Наадмыг албан ёсоор нээж МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан үг хэлсэн юм. Тэрбээр: “Эрхэм оюутан залуус, багш дасгалжуулагч нараа, Хүндэт зочид төлөөлөгчдөө, Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу манай холбоо 2005 оноос эхлэн Монголын Оюутны Спортын Универсиад наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран орон даяар болон гадаадад суралцагч оюутан залуусын дунд 5 дах удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг амжилттай ханган биелүүлж, ийнхүү нээлтээ хийж байна.Оюутны спортын “Универсиад” наадам нь үндэсний болон олон улсын түвшинд оюутны спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн, түүхэн ач холбогдолтой билээ.Монголын оюутны спортыг анхаарлынхаа төвд байлгаж, дэлхийн Универсиад наадмын жишгийн дагуу 2020 оноос эхлэн 2 жил тутамд явуулж байхаар шийдвэрлэн, санхүүгийн туслалцаа үзүүлж буй Монгол Улсын Засгийн газарт МОСХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү наадмыг зохион байгуулахад МОСХ-той гэрээ байгуулан, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа “Үндэсний их бүтээн байгуулалтын эхлэл” уриатай Ганхуяг захиралтай Эрдэнэс-Тавантолгой компанийн хамт олонд Универсиад V наадамд оролцож байгаа та бүхний болон нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархалаа илэрхийлэхийг хүсч байна. МОСХ өөрийн санал, санаачлага, хөрөнгө санхүүжилтээр жил бүр оюутны дунд Универсиад наадам, оюутны УАШТ-ийг спортын олон төрлөөр их, дээд сургуулиудтайгаа хамтран тасралтгүй зохион байгуулж ирсэн. Харин 2021 оноос эхлэн Универсиад өнжих сондгой тоотой жилд та бүхний дунд оюутны УАШТ-ээ байнга зохион байгуулан явуулах болно. Оюутан залуучуудаа, та бүхнийг үндэсний Универсиад наадамдаа амжилттай оролцож, Ази тивийн болон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, БНХАУ-ын Чэндү хотноо 2021 оны 8 дугаар сарын 18-29-нд болох дэлхийн оюутны XXXI Универсиад наадамдаа шалгаран оролцох эрхээ авч, амжилттай өрсөлдөхийг Олон улсын оюутны спортын холбоо болон МОСХ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөж байна” гэлээ.

Үүний дараа Монголын шилдэг 4 оюутан тамирчид Төрийн далбааг Спортын төв ордонд хүндэтгэлтэйгээр залан мандуулж, Оюутны наадамд оролцох тамирчдаа төлөөлж шатрын ОУИМ С.Билгүүн, наадмын шүүгчдийг төлөөлж ширээний теннисний улсын шүүгч Б.Цэрэндорж нар тангараг өргөсөн юм.

Оюутан тамирчид анх удаа энэ наадмын үеэр өөрийн сүлд дуутай болсон байна. Дууг МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Доржсүрэнгийн Жаргалсайхан санаачлан, продюсерээр ажиллан, Сүлд дууг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан ая, үгийг зохион бүтээсэн байна. Наадмын нээлтийн ёслолын хамгийн оргил болсон энэ мөчид дуучин Дашдэвэгийн Жаргалсайхан шинээр төрсөн дуугаа анх удаа дуулж, оюутан залуустаа урам зориг өглөө. Нээлтийн ёслолын төгсгөлд урлаг спортын тоглоот боллоо. 

Ийнхүү “Монголын оюутны спортын V наадам”-ын албан ёсны нээлт амжилттай болж, олон хүний сэтгэлд хүрсэн арга хэмжээ болов. Спортын төв ордонг ойрын жилүүдэд чимээгүйгээр гоо сайхан болгон, дэмжигч болон зохион байгуулагчдын анонс, лозун, зургаар танигдахгүй болгосон байлаа.Маргааш 09:00 цагаас Спортын төв ордны энэхүү зааланд сагсан бөмбөгийн эрэгтэй багуудын тоглолтоор тэмцээний үйл ажиллагаа эхэлнэ. Харин эмэгтэй багууд МУБИС-ийн БТС-ийн зааланд хүч, хурд, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж эхлэх юм.

МОСХ-ны хэвлэлийн алба