​МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН “УНИВЕРСИАД” ДӨРӨВДҮГЭЭР ИХ НААДМЫН ХААЛТЫН ЁСЛОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО.



Монголын оюутны спортын “Универсиад” дөрөвдүгээр их наадмын хаалтын ёслол, шагнал гардуулах ажиллагаа Спортын Төв Ордоны “А” танхимд 2017 оны 05 дугаар сарын 19-нд 12:00-13.30 цагт болж өнгөрлөө. Хаалтын ажиллагаанд их наадмын ЗБХ-ны гишүүд, БСШУСЯ, ЗГХА-БТСГ, Нийслэлийн БТСГ, МОХ, МОСХ, Их дээд сургуулиудын удирдлага, төлөөлөгчид болон Спортын холбоодын төлөөлөгчид, тамирчин оюутан залуусууд нийлээд 1200 гаруй хүмүүс байлаа.
Оюутны “Универсиад 2017” их наадмын Зохион байгуулах үндэсний хорооны дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр арга хэмжээг нээж, шагналт байр эзэлсэн 6 их, дээд сургуулийн баг тамирчдын жагсаалын өмнө үг хэлсэн юм. Тэрээр 2005 оноос эхлэн Биеийн тамир, спортын хуулийн 16.1 дэх заалт, Засгийн газрын тогтоолын дагуу 4 жилийн давтамжтайгаар явагдаж байгаа Монголын оюутны спортын “Универсиад” наадмыг БСШУСЯам, ГХЯ, БТСГазар, МОХ, МОСХ, спортын холбоодтой хамтран явуулж энэ удаагийн оюутны 4 дэх Универсиад наадам спортын 11 төрлөөр 3 сарын туршид болж, дотоод, гадаадын 100 орчим их, дээд сургуульд сурч байгаа 35 гаруй мянган оюутан залуус 3-н үе шаттай наадмын үйл ажиллагаанд хамрагдан амжилттай оролцсныг тэмдэглэн хэлсэн юм.
Үүний дараа шагнал гардуулах ёслол болж, наадмын нэгдсэн дүнгээр эхний байр эзэлсэн баг тамирчидад Зохион байгуулах хорооны дарга, дэд дарга, гишүүд шагнал гардуулсан юм. Тэргүүн байранд Л. Алтанцэцэг захиралтай Үндэсний БТДСургуулийн баг тамирчид орж наадмын алтан медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Хоёрдугаар байрт Б.Очирбат захиралтай ШУТИСургуулийн баг тамирчид орж шагналаа гардан авлаа. Гуравдугаар байранд Д.Мөнхжаргал захиралтай МУБИСургуулийн баг тамирчид орсон ба эхний 3-н байрын шагналыг ЗБХорооны дарга Ё. Отгонбаяр, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан, ЗБХ-ны дэд дарга, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар гардуулав.
Оюутны Универсиад 2017 их наадмын шагналт 4-6 байруудад орсон Я.Төмөрбаатар захиралтай МУИСургуулийн баг тамирчид, Д.Намжилмаа захиралтай Мон-Алтиус БТДСургуулийн баг тамирчид, Г.Сүхбат захиралтай “Аварга” дээд сургуулийн баг тамирчид шалгарч их наадмын цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Шагналыг ЗБХ-ны гишүүн, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дарга Л.Нинжжамц, ЗБХ-ны гишүүн, МОХ-ны Ерөнхийлөгч Н.Удаанжаргал, ЗБХ-ны гишүүн, МОСХ-ны дэд Ерөнхийлөгч Х.Батсайхан нар гардуулсан байна.
Оюутны “Универсиад 2017” их наадамд оюутан залуусаа амжилттай бэлтгэн оролцуулж наадмын тусгай байранд шалгарсан 3-н их дээд сургуульд их наадмын шагналыг гардуулсан юм. Үүнд: Т.Хэрүүга ректортой “Хөдөө аж ахуйн их сургууль”, Я.Чойжамц захиралтай “Үндэсний Батлан хамгаалахын их сургууль”, Л.Гэрэлт-Од захиралтай “Монголын Үндэсний их сургууль”-иуд наадмын нэгдсэн дүнгээр 7-9 байруудад шалгарч энэхүү наадмын тусгай шагналыг хүртжээ.
Монголын оюутны спортын “Универсиад” 4 дүгээр их наадмын спортын төрлийн тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулсан спортын холбоодоос Монголын гимнастикийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын гандболын холбоог шалгаруулан шагналыг 5 сарын 20-нд Сүхбаатарын талбайд, Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдрийн үеэр гардуулан өгсөн.
Хаалтын ажиллагаанд зориулан Хөгжим бүжгийн коллежийн уран бүтээлчид, Үл тасрах аялгуу шоу нэвтрүүлгийн тэргүүн байрийн эзэд ШУТИС-ийн дөрвөлийн тоглолт мөн 2017 оны Universe best songs наадмын шилдэг оролцогч Г.Ган-Эрдэнэ мөн Үндэсний БХИС-ийн үлээвэр найрал хөгжмийн хамтлагууд их наадмын хаалтын үйл ажиллагаанд ая дуу, авьяас чадвараа үзүүлсэн юм.
Ингээд ёслолын ажиллагааг хааж Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан үг хэлэхдээ “Монгол улсын оюутны спортын “Универсиад” дөрөвдүгээр их наадам 2017 оны 2 дугаар сарын 04- наас 5 сарын 10-ны хооронд спортын 11 төрлөөр Улаанбаатар хотноо шигшээ тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдсан ба Монгол улсын хил хязгаараас гадна ОХУ-ын Москва хот, БНХАУ-ын Тяньжин хотноо Азийн болон Европын бүсийн гадаад оронд суралцагч Монгол оюутнуудын дунд энэ наадам зохиогдсоноороо чухал онцлоготой болсныг тэмдэглэсэн юм. Мөн Дэлхийн оюутан залуучуудын их баяр наадам, найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон оюутны “Универсиад” их наадам 2017 оны 08 сарын 19-нд Хятадын Тайваны Тайпей хотноо нээлтээ хийх гэж байна. Бид Монголын оюутны спортын “Универсиад” IV их наадмаас шилдэг оюутан тамирчидаа энэхүү дэлхийн их наадамд оролцуулахаар сонгон шалгаруулж, бэлтгэлээ эртнээс ханган спортын 8 төрөлд 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөж байна” гэсэн юм.
Монголын оюутны спортын “Универсиад” IV их наадмыг явуулахад гүн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Монгол улсын Засгийн газар, Зохион байгуулах үндэсний хороо, БСШУСЯ, ГХЯам, ОХУ болон БНХАУ-д суугаа ЭСЯам, Биеийн тамир, спортын газар, МОХ, Спортын холбоодын хамт олонд болон оролцсон болон медаль, шагнал хүртсэн баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж спортын өндөр амжилт гарган оролцсон их, дээд сургуулийн удирдлага, багш нар, оюутан залуустаа Монголын оюутны спортын холбоо, оюутан залуучуудын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО