Модон бөмбөгийн оюутны дэлхийн аваргаас монголчууд анхныхаа медалийг хүртлээ


Малайзын Перлис хотноо 10 сарын 21-26 нд Дэлхийн оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн болж 12 орны 200 гаруй тамирчид оролцож байна. Энэ тэмцээн өмнө нь Тайвань, Тайланд, Уганда улсад явагдаж байсан ба энэ жил 4 дэх удаагаа явагдаж байна. Тэмцээн спортын 9 төрлөөр явагдаж 32 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Монголын баг тамирчид Тайваньд болсон тэмцээнд анх удаа 10 жилийн өмнө орж байсан бол энд өргөн бүрэлдэхүүнтэй Малайзыг зорьж, тэмцээнээс 7 хоногийн өмнө хамтарсан бэлтгэл Перлис хотноо хийсэн юм. Монголын баг 2013 онд энэ хотод болсон Ази тивийн оюутны аваргын тэмцээнд орж бэлтгэлээ хангаж байв.


Малайзын 2014 оны оюутны ДАШТэмцээн Монголчуудын хувьд амжилт өндөртэй тэмцээн боллоо. Манай эмэгтэй тамирчин Э.Энхтүвшин анх удаагаа модон бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр тэмцээний 2 дах өдөр болсон талбайн цохилтын халз тоглолтонд оролцож ийнхүү амжилтыг гаргажээ. Оюутны ДАШТэмцээний модон бөмбөгийн талбайн цохилтын эмэгтэй ганцаарчилсан тэмцээнд 13 тамирчин оролцсоноос Э.Энхтүвшин эхний тойрогтоо Тайваны тамирчин Лин Юун Антай таарч хожиж, шилдэг 8 тамирчны тоонд багтан улмаар сугалаа сайн таарч гоц мөргөн эхний 4 дүгээр байрт шалгарчээ. Тэрээр мөнгөн медалийн төлөө Тайландын Жирапорн Чинпикдеетэй тоглон 5:2 харьцаагаар хожигдон хүрэл медалийн эзэн болов.

Талбайн цохилтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргын төлөө Малайзын Риа Натасиа Зулкифлу, манай тамирчныг хожсон Тайландын Жирапорн Чинпикдее нар 10 сарын 26-ны өдөр тоглож алтан медалийн эзэд тодорно. Энэ төрөлд Э.Энхтүвшинтэй хамт Индонезийн Дви Тига Путриг хүрэл медалийн болзол хангажээ. Оюутны дэлхийн аваргын анхны хүрэл медалийн болзол хангаад байгаа Э.Энхтүвшин нь 2014 онд улсын аварга болсон бөгөөд энэ тэмцээний цохилтын тэмцээнд 48 замд 240 оноогоор 15 дугаар байрт шалгарч Монголын баг тамирчид дотроо хамгийн сайн үзүүлэлтээр хошуучлан амжилттай тоглосон юм.

Талбайн цохилтын хос тоглолтонд манай улсаас эрэгтэй хосын төрөлд оролцсон Г.Батбуян, Ш.Батжаргал нар эхний тойрогтоо Тайландын шилдэг тамирчид болох Чиннакрит Имкражанг/ Киттирхан Понгсане нарыг ялж медальд хүрэх замаа зассан юм. Тэд дараагийн даваандаа Энхэтхэгийн тамирчдыг хожсон Бангладеш улсын хос Кази Муеедул Ислам/ Хасан Моудид нартай сугалаа таарч хожин, мөнгөн медалийн төлөө Хонгконгийн тамирчид Хо Тин Барру/ Лок Чи Вонг нартай өрсөлдөж хожигдон хүрэл медалийн болзол хангав.

Талбайн цохилтын эрэгтэй хосын төрөлд алтан медалийг Тайландын Ваннарин/ Чайсонгкрам нар хүртсэн бол мөнгөн медалийг манай тамирчдыг хагас шигшээд хожсон Хонгконгийн Хо Тин Барру/ Лок Чи Вонг нар хүртсэн билээ.
Хүрэл медалийг Монголын Г.Батбуян/ Ш.Батжаргал нарын хамт Хонгконгийн хос төрлийн тамирчин Ка Хо Хо/ Хонг Чее Лин нар хүртсэн байна. Нэг төрөлд нэг улсаас хоёр хос оролцохыг зөвшөөрдөг бөгөөд Монголын нөгөө хосын тамирчин Ц.Баасанжаргал/ Д.Даваадорж нар Тайваны тамирчидад эхний тойрогтоо хожигдсон билээ.

Оюутны дэлхийн аваргын тэмцээнээс анх удаа Монгол тамирчин модон бөмбөгийн төрөлд ийнхүү нэг дор хоёр хүрэл медаль хүртлээ. Энэ бол Монголын Оюутны спортын холбоо, Модон бөмбөгийн холбоо, манай улсын ИДС-ийн багш,дасгалжуулагч нарын олон жилийн тууштай хөдөлмөрийн үр дүн юм.Монголын тамирчид манай оронд өндөр хөгжсөн шигшээ багийн төрлүүд болох жүдо, шатар, чөлөөт бөх, буудлага, боксын зөвхөн 5 төрлөөс оюутны дэлхийн аваргын тэмцээний медаль хүртэж байсан түүхэн уламжлалтай байсан билээ.Энэ удаа олимпийн бус төрөл, шинэ тутам хөгжиж байгаа модон бөмбөгийн төрөлд оюутан тамирчид хос хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Түүхэн амжилтын эзэд болсон баг тамирчиддаа баяр хүргье.

Доктор Д.Жаргалсайхан