ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.БАЯСГАЛАНГИЙН ОЮУТНЫ УНИВЕРСИАД 2020 НААДАМД ЗОРИУЛСАН МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 11 дүгээр сарын 02 Улаанбаатар хот
Эрхэм оюутан залуус, багш дасгалжуулагч нараа,
Хүндэт зочид төлөөлөгчдөө,
Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу манай холбоо 2005 оноос эхлэн Монголын Оюутны Спортын Универсиад наадмыг Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран орон даяар болон гадаадад суралцагч оюутан залуусын дунд 5 дах удаагаа зохион байгуулахаар бэлтгэл ажлыг амжилттай ханган биелүүлж, ийнхүү нээлтийн ажиллагаагаа хийж байна.
Оюутны спортын “Универсиад” наадам нь үндэсний болон олон улсын түвшинд оюутны спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн, түүхэн ач холбогдолтой арга хэмжээ билээ.
Монголын оюутны спортыг анхаарлынхаа төвд байлгаж, дэлхийн Универсиад наадмын жишгийн дагуу 2020 оноос эхлэн 2 жил тутамд 1 удаа явуулахаар шийдвэрлэн, санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт Монголын оюутны Спортын Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэхүү наадмыг зохион байгуулах хүрээнд Монголын оюутны спортын холбоотой гэрээ байгуулан, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа “Үндэсний их бүтээн байгуулалтын эхлэл” уриатай Ганхуяг захиралтай Эрдэнэс-Тавантолгой компаний хамт олонд Универсиад V наадамд оролцож байгаа та бүхний болон нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархалаа илэрхийлэхийг хүсч байна.
Монголын оюутны спортын холбоо өөрийн санал, санаачлага, хөрөнгө санхүүжилтээр жил бүр оюутны дунд Универсиад наадам, оюутны УАШТ-ийг спортын олон төрлөөр их, дээд сургуулиудтайгаа хамтран тасралтгүй зохион байгуулж ирсэн. Харин 2021 оноос эхлэн Универсиад өнжих сондгой тоотой жилд та бүхний дунд оюутны УАШТ-ээ байнга зохион байгуулан явуулах болно.
Оюутан залуучуудаа, та бүхнийг үндэсний Универсиад наадамдаа амжилттай оролцож, Ази тивийн болон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, БНХАУ-ын Чэндү хотноо 2021 оны 08 сарын 18-29-нд болох дэлхийн оюутны XXXI Универсиад наадамдаа шалгаран оролцох эрхээ авч, амжилттай өрсөлдөхийг Олон улсын оюутны спортын холбоо болон Монголын оюутны Спортын Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөж байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.БАЯСГАЛАН