Д.Баясгалан: Дэлхийн хэмжээний тэмцээн зохиож байгаадаа сэтгэл хангалуун байна


Байт харвааны оюутны ДАШТ Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр эхэллээ. Монгол Улсад анх удаа болж буйгаараа онцлог эл тэмцээнд 24 орны 250 тамирчин компаунд болон рекурв гэсэн хоёр төрөлд өрсөлдөж байна. Харин манай улсаас эх орноо төлөөлж 12 тамирчин оролцож буй. Тус тэмцээний нээлтэд ОУОСХ, ЭМСЯ, Монголын оюутны спортын холбооны удирдлагууд оролцов.

Бяцхан хүүхдүүд “Эрхий мэргэн” бүжгийг бүжиж, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржавтай хамт нэгэн хүү FISU-ийн эмблем бүхий бөөрөнхий бөмбөрцөг харвахад дотроос нь олон тагтаа ниссэн нь хамгийн гоёмсог үзүүлбэр байв.

Д.Баясгалан: Дэлхийн хэмжээний тэмцээн зохиож буйдаа сэтгэл хангалуун байна

Д.Баатаржав аварга “Юуны өмнө ийм томоохон, дэлхийн хэмжээний тэмцээн эх орондоо зохиож буй төр засагтаа талархаж буйгаа илэрхийлье. Энэ бол манай байт харвааны спортын хөгжил, тамирчдын ур чадвар, амжилт дэлхийн түвшинд хүрсний илрэл. Сая тэмцээний нээлтэд оролцох их сайхан санагдлаа. Миний хувьд нэр төрийн хэрэг. Манай тамирчид эх орондоо болж буй тэмцээнээс медаль хүртэж, монгол түмнээ баярлуулах хэрэгтэй. Монголын байт харваачид зургаадугаар сард болох багийн болон пара байтын олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Тамирчиддаа амжилт хүсье” гэлээ.

Д.Баясгалан: Дэлхийн хэмжээний тэмцээн зохиож буйдаа сэтгэл хангалуун байна

Монголын тамирчид 1996 онд Франц, 2002 онд Тайланд, 2008 онд Тайваньд болсон оюутны ДАШТ-д оролцож байсан түүхтэй. Энэ тэмцээнийг эх орондоо зохиох эрхийг ОУОСХ-ны 2010 оны арваннэгдүгээр сарын 28-нд болсон хурлаар буюу зургаан жилийн өмнө Бельги, Польш улстай өрсөлдөж, авсан юм. Энэ жилийн ДАШТ хамгийн сүүлчийнх. Учир нь байт харвааны төрөл 2017 оноос эхлэн оюутны дэлхийн Универсиад наадмын хөтөлбөрт багтсан.

Манай тамирчид 2012 оны оюутны ДАШТ-д бүтэн багаараа оролцсоноос хувийн шигшээ харваанд ОУХМ А.Энхтуяа IX, 2014 онд холимог хосын төрөлд IV байрт шалгарсан түүхтэй.

Монголын байт харвааны холбоо 2013 онд Улаанбаатар хотод гран при тэмцээн зохиосон туршлагатай. Нутагтаа болсон эл тэмцээнээс гурван алт, хоёр мөнгөн медаль авсан.

Тэмцээний үеэр Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Адъяасүрэн нартай цөөн хором ярицлаа.

Д.Баясгалан: Бид энэ тэмцээнд оролцсоноор дэлхийд хаана яваагаа мэдэх боломжтой

Д.Баясгалан: Дэлхийн хэмжээний тэмцээн зохиож буйдаа сэтгэл хангалуун байна

-Энэ тэмцээнийг эх орондоо зохиох эрхийг хэрхэн авсан бэ?

-Байт харвааны оюутны ДАШТ-ий эрхийг зургаан жилийн өмнө өгдөг онцлогтой. 2010 онд Монгол Улсын Засгийн газар ОУОХ-нд хандаж, энэ тэмцээнийг эх орондоо зохиох хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайн үед Бельгитэй нэлээн эн тэнцүү өрсөлдсөн. Өмнөх тэмцээн нь Бельгид болсон болохоор энэ тэмцээнийг эх орондоо зохиох эрхийг манай улсад өгсөн.

-Тэмцээний зохион байгуулалтын хувьд юун дээр түлхүү анхаарч байна вэ?

-Энэ тэмцээний эрхийг зургаан жилийн өмнө авсан тул зарим хүн мартчихдаг юм байна. Ер нь тэмцээн болохоос өмнө сануулж, сурталчилж байх нь зүйтэй бололтой. Олимпийн төрлийн тэмцээн эх орондоо зохиож буйдаа сэтгэл хангалуун байна.

-Энэ тэмцээнийг эх орондоо зохиосноор тамирчдын амжилт, холбооны гадаад харилцааны хувьд ямар давуу тал бий болох вэ?

-Манай тамирчид дэлхийн түвшинд хаахна яваагаа мэдрэх, харах ач холбогдолтой. Үнэнийг хэлэхэд байт харваа буудлага, бокс, бөхийн төрлүүд шиг өндөр түвшинд хөгжих боломжтой. Харамсалтай нь хараахан тийм түвшинд хүрч чадахгүй байна. Үүнд бэлтгэлийн орчин, төсөв санхүү, уламжлал зэрэг олон зүйл нөлөөлж байгаа байх.

Б.Адъяасүрэн: Аваргалах зорилготой

Д.Баясгалан: Дэлхийн хэмжээний тэмцээн зохиож буйдаа сэтгэл хангалуун байна

-Тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

-Бэлтгэлээ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хийсэн. Их сайн базаалаа. Энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байна.

-Эх орондоо болж буй тэмцээнд медаль авах, түрүүлэх зорилготой оролцож буй нь мэдээж.

Тэгэлгүй яах вэ. Манай тамирчдад аль ч төрлөөс нь медаль авах бүрэн боломж бий. Надад ч бас байгаа нь мэдээж. Медаль авах, түрүүлэх зорилготой.

-Байт харваагаар өндөр амжилт гаргахад бэлтгэлээс гадна сэтгэл санаа их чухал байх.

-Сэтгэл санаагаа тайван байлгаж, сайтар төвлөрөх хэрэгтэй.

-Энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

-2012 оноос хойш дөрөв дэх жилээ хичээллэж байна. Энэ хугацаанд УАШТ-д гурван удаа оролцож, алт, хүрэл медаль тус бүр нэгийг хүртэж, саяхан Тайландад болсон Азийн цомоос багаараа хүрэл медаль авсан.