Дэлхийн оюутны 2015 оны Өвлийн Универсиад наадамд монголчууд оролцохоор явлаа.


Дэлхийн оюутны спортын өвлийн 27 дугаар "Универсиад" их наадам анх удаагаа хоёр улсад, өөр хугацаанд зохиогдохоор болсон билээ. Словакийн Стребске Плесо, Осрблье хотуудад 2015 оны 01 сарын 24 ноос 02 сарын 01-нд Универсиад 2015 наадмын цана, цанын 2 төрөлт, трамплин, биатлоны 4 спортын төрлийн тэмцээнүүд болно.

Словак улсад болох Универсиадын цанын тэмцээнд багийн ахлагчаар Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй 6 тамирчин оролцоно.

Өвлийн Универсиад 2015 наадамд явах 4 эрэгтэй, 2 эмэгтэй бүгд 6 тамирчин, 1 дасгалжуулагч Б.Баттулга, багийн ахлагч Х.Батсайхан нарын 8 хүнийг МОСХ-ны ЕНБДарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан ажлын удирдамж, чиглэлийг өглөө. МОСХ-ноос наадамд оролцох тамирчдын оролцох мэдүүлэг өгөх, байр хоолны захиалга, онгоцны билет, визний асуудал, СБТөвд зардлын асуудлыг тавих зэрэг олон асуудлыг нь шийдэн уг наадамд явуулж байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчидаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар орсон бол эмэгтэйчүүдээс Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), Ж.Халиунаа (МУБИС) нар оролцохоор 2015 оны 01 сарын 21-ны өдөр эх орноосоо мордохоор боллоо.
Баг тамирчдыг Универсиад 2015 наадамд оролцоход МОСХолбоотой хамтран ЭМСЯамны Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багийн хамт олон дэмжин туслаж, бэлтгэл сургуулилтыг ханган оролцуулж байна. Энэхүү наадмаас шалгарсан эрэгтэй 2 тамирчин 3 сард болох цанын ДАШТэмцээнд оролцоно.

Ц.Уранчимэг