Дэлхийн оюутны өвлийн "Универсиад 2033" наадмын төлөө


Дэлхийн оюутны “Универсиад” наадам бол зохиогдож байгаа хүрээ, хамрагдагсдын тоо, спортын амжилт, ач холбогдолын хувьд олимпийн наадмын дараа орох дэлхий нийтийн томоохон спортын цогцолбор арга хэмжээ юм. Энэ наадам оюутнуудын дунд, 17-28-ны насны тамирчид оролцдогоороо онцлогтой. Өвлийн Универсиадад 50 гаруй орны 3500 төлөөлөгчид ирдэг.

Энэ наадмыг 2033 онд Монгол улс, нийслэл Улаанбаатар хот хүлээн авах өндөр зорилт, алсын хараатай эртнээс ажиллаж байгаа ажээ. Том зорилт, алсыг харсан хэтийн төлөвлөгөөтэй ажиллахад болохгүй зүйл алга. Одоогоор бэлтгэл ажил эхлэлийн шатандаа явж байгаа ба энэ талаар тодруулга авахаар Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-“Универсиад 2033” төслийг санаачлан эхлүүлэх, үйл хэрэг болгох ажил ямар түвшиндээ явагдаж байна вэ? Та бүхний зорилт юу байна вэ?

-Бид томоохон амбици, зорилт тавьж энэ төслийг хөдөлгөх ажлуудыг эхлүүлсэн. Олон улсын байгууллагатай нийслэлийн Засаг дарга санамж бичиг байгуулсан. Гадаадын хүмүүстэйгээ ойр ойрхон уулзаж байна. Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Универсиадын спортын арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд нийслэл, түүний орчимд олон арван спортын барилга байгууламжууд бодлого, төлөвлөлтэйгээр баригдана. Улаанбаатар хот бол байгаль орчин, цаг уур, газар нутгийн хувьд өвлийн Универсиад наадам хүлээн авахад ихээхэн тохирсон уул, цас мөстэй, өндөрлөг газар оршдог хот юм. Ийм газар өвлийн спортыг хөгжүүлэхэд тохиромжтой байдаг. Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг шүү дээ. Үүнийгээ бид давуу тал болгон ашиглах хэрэгтэй. Удаан хугацаанд цас мөс тогтддог тэр байгаль, орчныг нь өвлийн спортод ашиглах, дэлхий нийтийн хэрэгцээний бүс болгох, зүүн болон зүүн өмнөд Азийн бүс нутгийн томоохон өвлийн аялал жуулчлал, спортын төв болгох зорилт бий.

Одоогоор бидэнд олон улсын стандартад нийцсэн өвлийн спортын байгууламж “Скай ресорт”-оос өөр алга. Гэхдээ байгуулах боломжтой газрууд нь байгалиасаа өгөгдсөн байна гэдэг чухал. Эдгээр газруудад спортын байгууламжуудыг эртнээс төлөвлөн барих хэрэгтэй. Төлөвлөлт, хийх ажлын чиглэлд зөвлөгөө авахаар олон улсын байгууллагын мэргэжлийн хүмүүсийг НЗДТГ-аас энэ оны аравдугаар сарын 6-10-нд урьсан байгаа.

"Универсиад 2033" төслийн бас нэг чухал зорилт болж хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортод дур сонирхолтой болгох, спортыг сурталчилах, дэлгэрүүлэх явдал юм. Эдгээр нь УИХ, Ерөнхийлөгч болон Засгийн газар, нийслэлийн засаг захиргаанаас явуулж байгаа бодлоготой ихээхэн нийцэж байгаа. Наадмыг бэлтгэх хүрээнд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгчдийн тоо хувийг нэмэгдүүлэх, нийслэлийг спортлог, үлгэр жишээ дэлхийн том хот болгох зорилт тавигдаж байгаа гэдгийг олон нийт ойлгох ёстой.

-Ямар хүмүүс, хэзээ ирэх юм вэ? Тэд Монголд юу хийх вэ?

-Ирэх сарын 6-10-нд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлийн урилгаар ОУОСХолбооны өвлийн Универсиадын газрын дарга, Словакийн иргэн Милан Аугустин, өвлийн Универсиадын техникийн хорооны дарга, Швейцарийн иргэн Рот Рожер нарын мэргэжлийн хүмүүс Улаанбаатар хотноо ирж, НЗДТГазартай хамтран ажиллах, туршлагаасаа хуваалцах, наадамд бэлтгэх хэтийн төлөвлөгөөг боловсруулах, одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлэлт дүгнэлт гаргах, ОУОСХ-той хамтран ойрын хугацаанд ямар ажлуудыг хэрэгжүүлэн ажиллахыг тодорхойлох, “Универсиад-2033” наадмын хүрээнд Улаанбаатар хотноо ямар барилга, байгууламж барих, юуг бэлтгэх, өвлийн төрлөөр оюутны ДАШТ хүлээн авч зохион байгуулах боломжийн талаар судалгаа хийнэ.

Эдгээр өвлийн спортын өндөр зэрэглэлийн гадаадын мэргэжилтнүүд нь ЭМС-ын сайд, Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ-ын дэргэд байгуулсан ажлын хэсэг, БТСХТөв, МОСХолбоо, нийслэлийн төлөвлөгөөний газар, НБТСГазар, өвлийн спортын холбоодын удирдлагатай уулзан ярилцах, одоогийн өвлийн спортын материаллаг баазуудтай танилцах, ойрын хугацаанд барихаар төлөвлөж байгаа газруудаар явж үзэх, ОУОСХ-ны стандартад нийцэх эсэхийг үзэж айлчлалын төгсгөлд тодорхой заалтууд бүхий “Зөвлөмж”-ийг гарган нийслэлийн удирдлагад гардуулан өгөх зорилттой байгаа. Тэд бас өвлийн спорт, өвлийн Универсиадын талаар нэг өдрийн сургалт, семинарыг НЗДТГазартай хамтран олон байгууллагуудын мэргэжилтэнүүдийг хамруулан явуулахаар болсон.

Мэдээж “Хандгайт” дах хуучин цанын бааз орчмыг үзнэ. Тэнд одоо спортын барилга байгууламжууд баригдаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ өвлөөс тэшүүрийн задгай стадионыг нээн ажиллуулж, нийслэлийн хүүхэд залуучуудыг хүлээн авч гулгуулж, чөлөөт цагийг нь өнгөрүүлэх ажлыг НЗДТГазар, Монголын тэшүүрийн холбоо эхлэх гэж байна. Хандгайт орчимд олон улсын цанын бааз байгуулах ажлыг судлана. Хүмүүс өвөлдөө Хандгайтад очиж цана, чаргаар их гулгахыг хүсдэг. Ийм боломжийг нь "Универсиад 2033" наадам төслийн хүрээнд бий болгоно. Цанаар гулгахаар газар тэнд үлдсэн билүү гэж хүмүүс гайхах байх л даа. Тэнд бололцоотой газрууд бий. Өвөлд бид тэр газраар цанаар гулгаж л байгаа. Одоо тийшээ авто зам сайжирсан учраас Хандгайт нь хотын төвөөс холгүй газар болжээ. Хандгайт өөрөө байгалиасаа өвлийн спортод зориулагдсан, судлаж тогтоосон газар, тиймээс удахгүй бум бужигнасан газар болно.

Өвлийн Универсиадын спортын барилга байгууламж нийслэлд баригдахаас гадна хотын нисэх буудал, тээвэр, авто зам, зочид буудал зэрэг дэд бүтцийн ажлыг "Универсиад 2033" наадмын хүрээнд шийдэж таарна. Дэлхийн бусад хотууд ч адилхан спортын томоохон наадам, арга хэмжээг хүлээн авч хотынхоо хөгжлийн асуудлыг шийддэг туршлага нэвтэрч байна. Үүнээс бид хоцрох ёсгүй.

-Универсиад наадамд бэлтгэснээр Монгол улсын өвлийн аялал жуулчлалд ч таатай нөхцөл бүрдэх болов уу?

-Бүрдэнэ. Монгол улсад маань зуны урин дулаан цагт олон мянган жуулчин ирж л байна. Жуулчдын тоо ч нэмэгдсээр байгаа. Харин өвлийн улиралд аялал жуулчлал нам зогсдог. Үйлчилгээний газрууд ч хүн багатай, зочид буудлууд ч хоосон шахуу байдаг.Тиймээс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Универсиад 2033 наадам төсөл маш чухал үүрэгтэй. Нийслэлийн удирдагууд ба бид үүнийг л урьтал болгон бодсон хэрэг. Бид Европ, хойд Америкийн орнуудынх шиг уулын цана, гүйлтийн цана, мөсний спортоор гулгах, наадах нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгөөд тэднийг урин дуудах хэрэгтэй. Одоо юу ч үгүй учраас өвлийн аялал жуулчлал гэдэг зүйл Монголд алга байна. Универсиад 2033-д бэлтгэснээр бид жуулчдыг татах материаллаг баазтай болно.

Монголд хүйтний улиралаар халуун дулаан уур амьсгалтай зүүн, зүүн өмнөд болон өмнөд Азийн орны жуулчид цас, мөс үзэхээр өөрийн эрхгүй ирнэ. Үзэх сонирхол их байдаг талаараа бидэнд ярьж л байдаг. Тиймээс Европын цанын баазуудтай өрсөлдөх хэмжээнд гарч ирж, тэднийг татан авчирах хэрэгтэй болно. Оросууд 2014 онд Сочид олимп хийгээд өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлж чадсан. Дотоодын олон мянган жуулчид Сочид очсон тооцоо байна.

Өвлийн аялал жуулчлалыг ийнхүү Монгол улс хөгжүүлснээр жилийн 4 улиралд жуулчинаа хүлээн авдаг орон болно. Газар шороогоо ухахгүй, байгаль орчноо гэмтээхгүй, аялал жуулчлалаар баян тансаг амьдрах бололцоо бидэнд бий. Универсиад наадмын өмнө, хойно ч Улаанбаатарт баригдсан өвлийн спортын барилга, газруудыг аялал жуулчлалын зориулалтаар л ашиглаж таарна. Дандаа тэмцээн зохиогоод байхгүй. Жуулчдын тоо ч эрс нэмэгдэж олон сая жуулчин авах зорилтоо бид биелүүлнэ. Зочид буудлууд ч жилдээ хүнээр дүүрэн байна. Хөрш орнуудын жуулчид ч бүр ихээр ирнэ. “Скай ресорт” дээр өвлийн цагт Оросын жуулчид их ирж гулгах болсон байна лээ. Ер нь аялал жуулчлалын хувьд зуныхаас ч сайхан нөхцөл бүрдэж мэдэх юм. Тэгээд Универсиадад зарсан хөрөнгө, мөнгөө богино хугацаанд эргүүлээд нөхөн олоод авчихаж боломж байгаа.

-Универсиадын эрхийг бид хэдэн онд авах вэ? Ер нь бололцоо бидэнд бий юу?

Өвлийн Универсиадын эрхийг авах бололцоо бидэнд бий. Биднээс л шалтгаална. Универсиад 2033 наадмын эрхийг бид 2027 онд албан ёсоор авна. Универсиадын эрхийг 6 жилийн өмнө Олон улсын Оюутны спортын холбооноос (ОУОСХ) өрсөлдүүлж байж өгдөг. Мэдээж наадмын эрхийн төлөө 2-3 хотууд зэрэг өрсөлддөг. Нэрээ дэвшүүлж, хотоо сурталчилан, шалгуулж, үнэлэлт дүгнэлтээ авч байж ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүдийн хурлаар шийдвэр гарна. Хамгийн сайн нөхцөл бүрдүүлсэн хот л эрхээ авч чаддаг. Нэг удаа нэрээ дэвшүүлээд шууд эрхээ авах тохиолдол ховор. Тиймээс бид урьдчилан 1-2 удаа нэрээ урьдчилан дэвшүүлж өрсөлдөнө. Бид 2023 ба 2025 оноос эхлэн өрсөлдөөнд орох хэрэгтэй болно. Тиймээс 2033 оны наадам тийм ч хол биш. Одооноос л эрчимтэй бэлтгэх шаардлагатай. Харин эрхээ авчихвал үлдэж буй богино хугацаандаа нарийн ширийн зүйлүүдээ эрчимтэй бэлтгэх, тохирох, олон улсын өвлийн спортын байгууллуудын байнгын хяналтанд байх, тэдний шаардлагыг биелүүлэх, бүх зүйлүүдээ цагийн хуваарь, төлөвлөгөөний дагуу явуулах чиглэлээр ажилладаг.

Өвлийн Универсиадын үндсэн 6 төрөл бий. Бид эдгээр төрлүүдээр наадмыг явуулна. Саяхан 2 жилийн өмнөөс трамплины төрлийг Универсиадын үндсэн төрлөөс хассан. Зарим оронд нь энэ төрлийн байгууламж байхгүй, барихад өртөг өндөртэй тул шаардлагагүй гэж үзсэн. Одоо цанын төрлүүд (уулын цана, гүйлтийн цана, биатлон), хоккей, уран гулгалт (уран сайхны гулгалт), шорт трейк, сноуборд, кёрлингийн спортууд Универсиадын хөтөлбөрт байгаа. Үүн дээр 3 хүртэл төрлийг тухайн орны Зохион байгуулах хороо нэмж болдог. Манай орны хувьд уламжлалт тэшүүрийн спортын төрлийг нэмж оруулах бололцоотой.

Бидний зүгээс наадамдаа ОУОСХ-ны шаардлагын дагуу эртнээс сайн бэлтгэх л хэрэгтэй. НЗДТГазар, манай холбоо хоёрын үүрэг, хамтын ажиллагаа их чухал. МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны санал өгөх эрхтэй 23 гишүүний нэг. Тэрээр 2003 оноос хойш энэ хорооны гишүүн, Ерөнхий санхүүчээр 12 жил ажиллаад олон улсын спортын байгууллага, Универсиад зохион байгуулах ихээхэн туршлагатай болсон хүн. Мэдээж олон жил хамтран ажилласан нөхрөө дэмжих хандлага ч бий. Одоогоор Монголд энэ мэт давуу тал байна. МОСХолбоо нь өөрөө олон улсдаа ихээхэн нэр хүндтэй, туршлагатай байгууллага болсон ба бид Монголдоо өнгөрсөн хугацаанд тив, дэлхийн оюутны спортын аварга шалгаруулах 5 тэмцээнийг хүлээн авч явуулсан. Одоо 2016 онд байт харвааны оюутны ДАШТ, сагсны Азийн АШТэмцээнийг явуулахаар бэлтгэж байна. Манай байгууллагын энэ туршлага ч их чухал үзүүлэлт болдог юм. Бид 2020 онд тэшүүрийн оюутны ДАШТ-ийг Хандгайт дах тэшүүрийн баазад авах төлөвлөгөөтэй байгаа.

Универсиадын бэлтгэл ажлын хүрээнд ямар байгууламжууд Улаанбаатар хотноо баригдахаар төлөвлөгдөж байгаа вэ?

+Сайн хэлж мэдэхгүй юм. Бид бүх зүйлээ тэгээс эхлэнэ. Олон асуудлыг шинээр, анх удаагаа биеэ даан шийдэх ч асуудал гарна. Хотын захиргааны хүмүүс, спортын мэргэжил нэгт хүмүүстэйгээ ярина. Олон улсын мэргэжилтэн нарыг үгийг сонсоно. Мэдээж спортын хэд хэдэн байгууламжууд барьж таарна. Ялангуяа хотын төв болон дүүргүүдэд мөсний спортын барилгууд барих ёстой. Хоккейн тоглолтын хэмжээнтэй (60м х 30 м) ордонууд 2-3 байх ёстой. Хоккейнд дэлхийн шилдэг эмэгтэй 10, эрэгтэй 12 багийн тоглолтууд явна. Шорт трейк, уран гулгалтын тэмцээнүүдийг нэг ордонд хуваарийг нь зөрүүлэн хийж болдог. Керлингийн тэмцээн явах 1 ордон байна. Хоккейн ордонуудыг сүүлийн үеэд спортын жирийн ордонуудтай хослуулан барьдаг болсон. Зун нь спорт тоглоом бусад спортын чиглэлээр ашиглаж өвөл нь хоккейн мөс тавих чиглэлээр ашигладаг. Хотод 5000 орчим оюутан амьдрах тамирчдын тосгоныг барьж байгуулна. Дараа нь оюутны хотхон хэлбэрээр ашигладаг туршлага бий.

Цасны спортын төрлүүд болох уулын цанын тэмцээнүүдийг хотоос гадна уулсын бүсэд явуулна. Шинээр уулын цанын бааз байгуулах хэрэг гарна. Мэргэжлийн тамирчид өндөр уулын замаар уралддаг. Гүйлтийн цана, биатлоны спортын тэмцээнүүдийг тусдаа хийх бааз хэрэгтэй. Сноубордын төрлүүдийг нэг цанын баазад төлөвлөн явуулах бололцоотой. Мөсний спортуудаас Хандгайтад тэшүүрийн тэмцээн явуулах задгай 400 м тойрогтой талбайгаа ашиглан тэмцээнээ явуулах бололцоог бий гэсэн төсөөлөлүүд бидэнд байна.

Казахстаны Алмата хотноо 2017 оны 1 сарын сүүлчээр Универсиад наадам эхэлнэ. Тэд шинээр 3 байгууламж барьж байна. Нэгдүгээрт 5,000 хүний ортой тамирчдын тосгонг барьж, дараа нь оюутны хотхон болгоно гэсэн. Мөн 12,000 хүний суудалтай мөсөн гулгуурын нэг ордон барьж буй. Бас 3,000 хүний суудалтай 1 хоккейн ордонг барьж эхэлсэн. Бүгд ирэх онд ашиглалтанд орно. Бусад байгууламжууд нь бэлэн юм билээ. Учир нь Казахууд 2011 оны Азийн өвлийн спортын наадмыг Алматад авч барьсан юм билээ. Энэ хотын хувьд сая 2022 оны өвлийн олимпийн төлөө өрсөлдөөн Бээжинд цөөн саналаар ялагдсан. Одоо 2026 оны өвлийн олимпийг бараг л Алмата хот авах болов уу. Бүх байгууламжууд нь бэлэн болсон. 2017 онд Универсиад сайхан болно. Тэгээд өвлийн олимпийн шийдвэр нь 2019 онд гарна. Мөн манай хөрш ОХУ-ын Красноярск хотод 2019 оны өвлийн Универсиад явагдахаар эрхээ авч бэлтгэлээ ид хангаж эхэлсэн.

Ийнхүү Монголыг тойроод л өвлийн Универсиад наадмууд зохиогдоод л байна. Манайх энэ наадмыг эртнээс бэлтгэж байгаад авах зорилтоо хангах бодолтой бид ажиллаж байна. Улс болон нийслэлийн төсөв, гадаад дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, ТББ, иргэдээс хандив тусламж зэргээр янз бүрийн эх үүсвэрээс хөрөнгө мөнгө гарч таарна. Энэ бүх ажил, хийгдэх зүйлүүд эргээд нийслэлийн ард иргэдийн төлөө, тэдний биеийн тамир, спортоор хичээллэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд л ашигладах болно.

-Универсиадын тамирчидаа Монголчууд маань дэмжих учраас Монголын тамирчидаа сайн бэлтгэх хэрэгтэй байх?

-Тэгэлгүй яах вэ. Бид өвлийн спортын тэмцээнүүдээ ороход өөрсдөө бэлэн болох ёстой. Спортын төрөл бүрт тамирчидаа бэлтгэн оруулна. Дасгалжуулагч мэргэжилтэнүүдийг нь гадаад, дотоодод одооноос бодлоготойгоор бэлтгэнэ. Зарим төрлөөс нь медаль авах гэж үзнэ дээ. Тиймээс эртнээс зарим газруудаа бэлэн болгож тамирчидаа тэндээ бэлтгэж, олон улсын тэмцээнүүдэд оролцуулах хэрэгтэй. Универсиадын хүрээнд өвлийн спортын материаллаг бааз, боловсон хүчин, тамирчдын амжилтыг дээш нь өргөх, дэмжих бодлого бас явж байгаа юм.

Тамирчид, дасгалжуулагч нараа бэлтгэхийн зэрэгцээ спортын төрөл бүрийг амжилттай явуулах үүднээс олон улсын зэрэгтэй шүүгчдийг бэлтгэнэ. Цас, мөс бэлтгэх, тавих, өвлийн спортын байгууламжууд дээр ажиллах техникийн ажилтан, наадмыг удирдах спортын менежментийн залуу мэргэжилтэний багаа эртнээс сурган бэлтгэнэ. Түүнчлэн спортын сүүлийн үеийн олон техник хэрэгсэл авах, ялангуяа электрон цаг хэмжилт, оноолт дүн гаргах зүйлүүдийг ажиллуулж сурах мэргэжилтэнүүд бидэнд хэрэгтэй.

Монгол улс, Улаанбаатар хот “Универсиад-2033” наадмыг эртнээс төлөвлөн хүлээн авах бэлтгэлийг хангаснаар 2040 онд Улаанбаатар хотноо зуны Олимпийн их наадмын эрхийг авах боломж нээгдэнэ. Учир нь дэлхийн томоохон хотууд эхлээд оюутны Универсиадыг зохион байгуулж дараа нь олимпийн наадам явуулах эрхээ авдаг гэнэ. Тухайлбал: манай хоёр хөрш орны хувьд ОХУ 1973 онд Москва хотноо зуны Универсиадыг явуулан 1980 онд зуны олимпийг зохиосон. БНХАУ нь 2001 онд Бээжин хотноо дэлхийн оюутны Универсиадыг явуулан 2008 онд зуны Олимпийн наадмыг тус тус амжилттай явуулж байсан түүхтэй.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО