Дэлхийн оюутны Универсиад их наадмын Монголын төлөөлөгчдийн хурал боллоо



БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны 7 дугаар сарын 03-14-нд зохиогдох Дэлхийн оюутны спортын зуны 28 дугаар “Универсиад” их наадам спортын 18 төрлөөр явагдах бөгөөд 200 орчим орны 12.500 оюутан тамирчин, төлөөлөгчид оролцоно.

Наадмын бэлтгэл ажил, сонгон шалгаруулалт амжилттай явагдаж байгаа ба МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа 04 сарын 11-15-нд Гванжу хотноо болсон багийн ахлагч нарын хуралд оролцоод ирсэн билээ. Тухайн хурлын үеэд ОУОСХолбоо, ЗБХорооноос олон төрлийн мэдээллийг наадамд оролцох орнуудын төлөөлөгч нарт өгсөн билээ.

Ингээд их наадамд оролцох Монголын баг тамирчидын төлөөлөгчид болох 12 спортын төрлийн 30 хүний бүрэлдэхүүнтэй хурлыг спортын холбоод, багийн дасгалжуулагч нарыг оролцуулан 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдөр СТО-нд хийсэн юм. Хуралд Хөнгөн атлетикийн холбоо, Аеробик гимнастикийн холбоо, Усан сэлэлтийн холбоо, Теннисний холбоо, Сагсан бөмбөгийн холбоо, Жүдо бөхийн холбоо, Ширээний теннисний холбоо, Туялзуур сэлэмний холбоо, Таэквондогийн холбоо, Байт харваан холбоо, Гольфийн холбоо болон Буудлагын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нар болон спортын төрлүүдийг хариуцсан дасгалжуулагч нар оролцлоо. Усан сэлэлтийн холбооны төлөөлөгч Орхон аймагт УАШТэмцээнтэй тул ирж чадсангүй бусад оролцох холбоодын төлөөлөгчид бүгд ирсэн юм.

Хурлын үеэр спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч нарт зориулан МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан "БНСУ-ын Гванжу хотноо болох 2015оны 07 сард болох Дэлхийн оюутны спортын зуны Универсиад XXVIII их наадмын мэдээлэл" нэртэй танилцуулга хийлээ. Энэхүү мэдээлэлд Универсиад 2015 наадмын тухай ерөнхий мэдээлэл, тус хотын тухай, тэмцээний заал танхим, тамирчдын тосгон, тээврийн үйлчилгээ, Солонгосын визийг хэрхэн авах зэрэг зэрэг олон асуудлыг оролцуулан ярьсан юм. Мөн хурлын үеэр МОСХ-ноос спортын холбоодод албан бичиг хүргүүлэн тухайн спортын төрөлөөс оролцох тамирчдын тоо, сонгон шалгаруулалт, бүрэлдэхүүн, бэлтгэл сургуулалт ямар түвшинд хийгдэж байгаа талаар харилцан ярилцсан юм. Спортын холбоодын зүгээс наадамд эрчимтэй сайн бэлтгэж байгаа талаар санал сэтгэгдлээ хэлэв.

МОСХолбооны зүгээс наадамд оролцох тамирчин, дасгалжуулагч нар БНСУ-д байх үед нь хоол, байрны зардалд хөнгөлөлт үзүүлэх, оюутны хөнгөлөлтэй онгоцны билетээр үйлчлэх, тамирчдыг нэгдсэн хувцасаар хангах талаар зохих арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ярив.

Универсиад наадмын тамирчидын мандат, виз авахад шаардлагатай дэлгэрэнгүй мэдээллийг МОСХ-ны портал сайтаар орж "БҮРТГЭЛ" гэсэн цэс рүү орж бүртгүүлэн, зураг, паспортын хуулбараа скан хийж оруулан мэдээллээ үлдээнэ үү.

Ж.Энхнаран, Б.Баянбулаг