Дэлхийн оюутны спортын УНИВЕРСИАД 2015 наадамд амжилттай оролцсон тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламж гардууллаа.


БНСУ-ын Гванжу хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн билэгдэл болсон дэлхийн оюутны спортын XXVIII Универсиад их наадамд амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдад Монгол Улсын Засгийн газар хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү ёслолын үеэр “Алдартнуудаа төрийн дээд одон медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг тэртээ 1998 онд МУ-ын Засгийн газар санаачилсан. Энэ бодлогоо Засгийн газар цаашид ч үргэлжлүүлнэ. Дэлхийн оюутны Универсиад наадамд баг хамт олноороо амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулсан тамирчид, дасгалжуулагч та нартаа амжилт хүсье” гэж онцолж хэллээ.

Дэлхийн оюутны спортын "Универсиад" наадмын жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу 30 сая төгрөг, Буудлагын төрөлд ганцаарчилсан төрөлд алт, багийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн Энхтайваны Даваахүүд 36 сая, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт 10 сая, буудлагын багийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн Оюуны Төгөлдөр, Энхтайваны Бадамгарав нарт тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал олгох Батламжийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардуулан өгөв.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО