ДЭЛХИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ МОДОН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Хятадын Тайваны Тайпей хотод 2016 оны 10 сарын 21-26 нд зохион байгуулагдсан Дэлхийн Оюутны аварга шалгаруулах Модон бөмбөгийн 5 дугаар тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оюутны шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд 7 орны 150 гаруй баг тамирчид, албаны төлөөлөгчид оролцсон ба спортын 9 төрөлд 32 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээн өмнө нь Тайвань, Тайланд, Уганда улсад зохиогдож байсан бөгөөд манай улсынбаг тамирчид Тайваньд болсон тэмцээнд 10 жилийн өмнө анх удаа орж байсан бол энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй Тайваныг зорин өндөр амжилт гаргалаа.

Тэмцээнд багийн ахлагчаар Голомт банкны Дархан уул аймаг дахь зээлийн төвийн захирал Г.Гэрэлхүү, багийн дасгалжуулагчаар Мон-Алтиус БТДС-ийн багш спортын мастер М.Ганболд, албаны ажилтнаар Г.Билэгсайхан, Г.Соёлхүү, багийн тамирчдын ахлагчаар ХААИС-ийн тамирчин спортын мастер Б.Баянбулаг, Ч.Ууганбаяр, М.Хүрэлмөнх, Г.Мягмарсүрэн, Ж.Наранчимэг, Дархан-Уул аймгийн харьяа ШУТИС-ийн оюутан Ш.Батжаргал, Б.Билгүүндалай, Э.Цэнгүүл, Мон-Алтиус БТДС-ийн оюутан З.Байтагсүрэн, Б.Аззаяа, М.Нандинцэцэг, Ж.Шинэнжамц нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Эрэгтэй тамирчид цохилтын төрлөөр тэмцээний талбайд нийт 24 зам явснаас Ш.Батжаргал 91 оноо IV-р байр, Ч.Ууганбаяр 105 оноо XVIII-р байр,З.Байтагсүрэн 109 оноо XIX-р байр, Б.Баянбулаг 110 оноо XX-р байр, М.Хүрэлмөнх 110 оноо XX-р байр, Б.Билгүүндалай 119 оноо XXVII-р байр эзэлсэн.

Эрэгтэй багийн дүнгээр нийт 411 оноотойМалайзын багтай тэнцэж, тамирчин Ш.Батжаргал, М.Хүрэлмөнх нар 24 зам тоглоход тус бүр нэг цохилтоор оруулсан цохилтыг тооцож, чанарын хувьд илүү байснаар эрэгтэй баг III-р байр эзэлж хүрэл медалийн эзэд болсон. Хонгконг 366 оноо, Тайвань 383 оноотой эхний байруудад орлоо.

Оюутны ДАШТий модон бөмбөгийн талбайн цохилтын эрэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээнд 13 тамирчин оролцсоноос Б.Билгүүндалай эхний тоглолтонд Хонгконг, БНСУ-ын тамирчинг хожин, улмаар шигшээ 4 тамирчинд шалгарч Тайландын тамирчинд хожигдож, хүрэл медалийн төлөө Малайзын тамирчинг хожиж хүрэл медалийн болзол хангасан.

Талбайн цохилтын холимог хосын төрөлд оролцсон Б.Баянбулаг, Г.Мягмарсүрэн нар эхний тойрогтоо хийлж, дараагийн тоглолтонд Тайваны хосыг хожиж, алтан медалийн төлөө Тайландын хосод хожигдон мөнгөн медаль хүртсэн байна.

Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид модон бөмбөгийн төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.Монголын тамирчид манай оронд өндөр хөгжсөн шигшээ багийн төрлүүд болох жүдо, шатар, чөлөөт бөх, буудлага, боксын төрлөөс оюутны дэлхийн аваргын тэмцээний медаль хүртэж байсан бол олимпийн бус төрөл, шинэ тутам хөгжиж байгаа модон бөмбөгийн төрөлд мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО